Sant Journal
3 min readSep 1, 2020

Эсээ бол тодорхой нэг сэдэвтэй, уран зохиолын бус богино хэмжээний бичвэр юм. Эсээ бичиж ирэх даалгаврыг сургууль, их сургуулиудад элбэг өгдөг тул та хэд хэдэн удаа бичиж байсан байх. Эсээ нь олон төрөлтэй. Хүүрнэх эсээ нь түүхийг өгүүлдэг бол ятгах эсээ нь маргаан үүсгэдэг. Тайлбарламж эсээ нь ямар нэг санаа шийдлийг тайлбарладаг.
Та ямар ч эсээ бичиж байсан доорх зарчмуудыг хэрэгжүүлснээр уншигчидтайгаа холбогдож, тэдэнд сэтгэгдэл үлдээх тийм л хүчирхэг эсээг бичих болно.

1. Зорилгоо мэдэх

Хэрэв та эсээг даалгавартаа аваад бичиж байгаа бол бичиж буй зүйлээ юуны түрүүнд сайн ойлгож аваарай. Мөн өргөдөлтэйгээ хавсарч явуулах мэтийн өөр шалтгаанаар бичиж байсан ч зорилгоо ойлгох нь л чухал юм. Өөрийнхөө талаарх personal statement эсээ бичих, байгаль орчин дахь хүмүүсийн буруутай үйл ажиллагааны талаар эсээ бичих хоёр тэнгэр газар шиг ялгаатай шүү дээ. Тиймдээ ч яг юуг юуны төлөө бичиж буйгаа тодорхойлох нь асар чухал юм.

2. Уншигчдаа ойлго

Эсээг чинь унших хүнийхээ талаар хэдий чинээ сайн мэднэ, төдий чинээ танд ашигтай. Таны сэдвээр мэргэшсэн уншигчид ерөнхий суурь мэдлэгтэй байх нь ойлгомжтой тул хэт их тайлбарлаж нуршилгүйгээр шулуухан гол санаагаа тайлбарласан нь дээр. Харин үеийн
тань уншигчдад эсээ чинь сүүлийн үеийн трэнд болсон кино, дуу зэргээс иш татсан, бас сонин хачин мэдээллээр баялаг байвал илүү сонирхолтой байх болно.

3. Сэдвээ сайн судал

Юуны түрүүнд бичих гэж буй сэдвийнхээ талаар өөрийнхөө мэдэх бүх зүйлсийг бичиж тэмдэглэ. Зарим хүмүүс жагсаалт гаргадаг бол зарим нь диаграм зурдаг. Хамгийн гол нь ингэснээр бичих гэж буй зүйлийнхээ талаар юу мэддэг, юу мэддэггүйгээ тодорхойлж, ямар
санааг хэрхэн бичиж болох талаараа ойлголттой болох явдал. Хэрэв танд ямар ч санаа орж ирэхгүй байвал сонин унш, телевизор үз, эсвэл зүгээр эргэн тойронд чинь юу болж байгааг анзаарч хар. Гадуур алхаж “хийцгүйрэх” явцдаа гайхалтай сайхан санаа олох тохиолдол зөндөө байдаг шүү.

4. Гол санаагаа тодорхойл

Өмнө хийсэн тэмдэглэлээ харж, гол санаагаа тодорхойл. Дараагаар тэрхүү санаагаа бүрэн өгүүлбэр болгон хувирга. Түүнийгээ өөр нэг цаасан дээр тодоор бичиж, харагдахуйц газар байрлуулж, бичиж байхдаа үе үе хараарай. Ингэснээр сэдвээсээ хадуурч хазайхаас
сэргийлэх болно. Гэхдээ шаардлагатай бол бичих явцдаа гол санаандаа тодорхой өөрчлөлт хийж болно.

5. Эсээгээ боловсруулж эхэл

Одоо дэвшүүлсэн санааг тань дэмжих шалтгаануудыг жагсаан бичиж эхлээрэй. Баримт мэдээлэл, статистик , ишлэл нь таны санааг илүү дэлгэрүүлж тодорхойлоход тусална. Өөрт тохиолдсон явдал нь маш өвөрмөц, дахин давтагдашгүй баримт болж өгдөг.

6. Бүтцээ тодорхойлох

Өөрийн бичих зорилгын дагуу бүтцээ байгуул. Хэрэв та хүүрнэл бичиж байгаа бол үйл явдлаа он цагийн дарааллаар бичих нь тохиромжтой. Гэхдээ бас одоо цагт болж буй үйл явдлын дундуур flashback оруулж, илүү сонирхолтой болгож болно. Эргэцүүлэмж бичиж байвал маргаануудаа ач холбогдлын дарааллаар жагсааж болно. Эсээ бүр нь эхлэл,дунд, төгсгөлтэй байдаг ч заавал танилцуулга хэсэг болон дүгнэлттэй байх албагүй байдаг юм шүү.

7. Санаануудаа холбо

Таньж мэдэхгүй газраар ямар нэг хөтчийн тусламжтайгаар аялдаг шиг эсээнд чинь “хөтөч” болох шилжилтууд хэрэгтэй. Шилжилтүүд нь ихэвчлэн “дараа”, “гэхдээ”, эсвэл “тийм учраас” гэх мэт холбох үгс байдаг.

8. Мартагдашгүй үг өгүүлбэр хэрэглэ

Ойлгомжтой , тодорхой үгс ашигла. Зүгээр “шувуу” гээд бичвэл таны уншигч тэр нь том уу жижиг үү, хар уу цагаан уу, эсвэл нисч чаддаг уу , чаддаггүй юу зэрэг олон зүйлсийг мэдэхгүй хоцорно. Таны “шувуу” гэж бичихдээ бодсон зүйлийг уншигч тань бодохгүй гэдгийг саннарай. Тиймээс “Улаан сүүлтэй шонхор шувуу” бичвэл уншигч тань тодорхой
дүр зурагтай болно. Тодорхой үг хэллэг нь уншигчиддаа санаагаа илүү сайн ойлгуулахад тусалдаг.

9. Хүчирхэг гарчиг сонго

Мэдээж хэн бүхэн таны эсээг цаг заваа зарцуулан байж унших албагүй. Гэхдээ та эсээг чинь уншмаар болтол татаж чадах гарчиг бичих хэрэгтэй. Сонирхолтой асуулт эсвэл ухаалаг өгүүлбэр уншигчдын анхаарлыг татаж чадна, гэхдээ гарчиг тань сэдвээсээ хэт хазайж болохгүй. Сонин сэтгүүлийн гарчиг яалт ч үгүй уншмаар болтол бичсэн гарчигтай байх нь цөөнгүй байдаг шүү дээ. Тиймээс тэднээс санаа авах нь ч бас илүүдэхгүй.

10. Эсээгээ засварлаж, нягтла

Эхлээд эсээгээ чангаар уншаарай. Ямар нэг эвгүй сонсогдож байгаа хэсэг байвал зүгээр сонсогдтол нь зас. Хоёрдугаарт, ямар нэг дүрэм, цэг таслалын алдаа байгаа эсэхийг шалга. Таны эсээ үнэхээр болчихсон гэж бодож байвал найзаараа дахин нэг нягтлуулж үзээрэй.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet