College info #21
Бид өмнө нь та бүхэнд College Info булангийнхаа #11-р дугаараар Солонгосын Үндэсний Их Сургуулийн талаарх мэдээллийг хүргэсэн билээ. Тэгвэл бид энэ удаадаа тус сургуулийн талаарх бусад шинэ содон мэдээллийг хүргэж байна.
Солонгосын Үндэсний Их Сургууль (SNU) нь анх 1946 онд Солонгосын 10 их дээд сургууль нэгдсэний дүнд үүссэн бөгөөд 1975 онд одоогийн Gwanak дахь кампустаа шилжин суурьшжээ.
Тус сургууль нь чансаагаараа дэлхийд 37-д, Азидаа 11-т ордог аж.Багш сурган хүмүүжүүлэгч нарын 95% нь докторын зэрэгтэй байдаг бөгөөд,18.6% нь гадаад иргэншилтэй хүмүүс байдаг байна. Гол хэл нь солонгос боловч нийт курсийн 10–20% нь англи хэл дээр явагддаг. Төгсөгчид нь улсынхаа бүхий л салбарт нэр хүндтэй, манлайлагч хүмүүс байдаг мөн Өмнөд Солонгосын 4 ерөнхийлөгч тутмын 1 нь тус сургуулийг төгссөн байдаг.
Хичээлийн шинэ жил нь 3 сард эхэлдэг бөгөөд, нэг жил нь 3-аас 8, 9-өөс 2 сар хүртэлх 2 семестртэй байна.
Нийт сурагчдийн 11.6 хувь нь олон улсын сурагчид байдаг. Тэд сургуулиасаа олон төрлийн тэтгэлэг авах боломжтой байдаг бөгөөд зарим тэтгэлэг нь сургалтын бүхий л зардлаас нь чөлөөлдөг аж. Тухайлбал, жил бүр Солонгосын Засгийн Газраас 20–40 олон улсын сурагчдад бүтэн 4 жилийн сургалтын төлбөр, нэг талын нислэг, мөн сарын 800000 KRW-ийн тэтгэмжийг багтаасан тэтгэлгийг олгодог байна. Мөн гадаад оюутнууд кампустаа сард 40–60 цаг ажилладаг work-study хөтөлбөрт хамрагдах боломжтой байдаг аж.
SNU нь улсдаа сурагчиддаа хамгийн их мөнгө зарцуулдагт тооцогддог их сургууль. Сурагчдад суралцах тав тухтай, цогц орчинг бүрдүүлээд зогсохгүй, тэдэнд зориулсан олон төрлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг. Үүний нэг нь Career Development Centre Project Mentoring Program гэх шат дараалласан, цогц мэргэжил сонгох хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь семестр бүр 8 долоо хоног үргэлжлэх бөгөөд, сурагчдад өмнөх төгсөгчидтэй туршлага солилцож, дэмжлэг туслалцаа авах боломжийг олгодог байна. Мөн үүн дээр нэмээд ирээдүйн ажлын ярилцлага зэрэгт нь бэлдэх зорилготой стандартчилсан тестийг авдаг байна.
SNU-д маш олон төрлийн клуб байдаг. Тэгвэл эдгээрээс хамгийн сонирхолтой нь тэдний завийн клуб болох SNU Sailors болон морин спортын клуб Mawang нар юм.
SNU Sailors амралтын өдөр болгон нэг хүний жижиг уралдааны завиар Хан мөрөнд сэлүүрдэн сургуулилтаа хийдэг бөгөөд бусад их сургуулиудыг хамарсан тэмцээн уралдаанд ч оролцдог байна.
Тэгвэл Mawang (орчуулбал морьдын хаад гэсэн утгатай) клубийнхан Indaegwon station-ий ойролцоох цүчээнд мэргэжлийн сургагчдаар морь уналгийн хичээл заалгах бөгөөд жил бүр долоо хоногийн морин аяллыг зохион байгуулдаг байна. Тэд Жэжү арал, тэр байтугай Монголд ч. морин аялал хийгээд ирсэн байна. Тухайлбал тус клубийн гишүүд нь хэлэхдээ, Монголд хийсэн аялал нь гишүүдийн хоорондын харилцааг нь их бэхжүүлж өгсөн бөгөөд, морь уналгаараа алдартай оронд тийн аялах нь их сайхан байсан гэжээ.