Sant Journal
2 min readFeb 8, 2021

College Info #24

Цинхуа их сургууль нь анх 1911 онд байгуулагдсан бөгөөд өдгөө Хятадын хамгийн элит их сургуулиудын нэг гэдгээрээ алдартай болжээ. Түүнчлэн, зөвхөн улсын шалгалтанд маш өндөр оноо авсан оюутнуудыг элсэн суралцуулдаг байна.

Тус их сургууль нь 51 төрлийн бакалаврын хөтөлбөр, 200 гаруй магистрант хөтөлбөрөөс сонгон суралцах боломжийг олгодог аж.

Цинхуа их сургууль ”THE World University Rankings” буюу дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтад нийт дүнгээрээ эхний 30-д жагсдаг байна. Мөн Инженерчлэл ба Технологи, Амьдралын ухаан, Физик, Компьютерийн Шинжлэх Ухаан, Бизнес гэсэн ангилалуудад мөн эхний 30-д жагсдаг аж. Үүнээс гадна тэд 2015 онд MIT-ээс дэлхийн номер нэг инженерийн сургуулийн байр суурийг нь авч байжээ.

Сургуулийн кампус нь Бээжингийн баруун хойд хэсэгт, их сургуулиудын төв болсон дүүрэгт байрладаг байна. Барилгууд нь хятадын уламжлалт архитектур болон барууны хэв маягийг хослуулсан загвартай, мөн Чин улсын хаадын цэцэрлэгүүдийн буурь дээр баригдсан, тиймдээ ч дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй газруудын нэгт зүй ёсоор ордог байна.

Олон төгсөгчид нь дотооддоо болон гадаадад, ялангуяа Хятадын улс төрд онцгой нөлөө бүхий хүмүүс болж байна. Тус их сургуулиас 2 Нобелийн шагналтан төрөн гарсан бөгөөд түүний нэг нь нэрт бөөмийн физикч Чен-Нин Ян юм.

Энэ талаар Цинхуа их сургуульд суралцдаг, сант сургуулийн 2017 оны төгсөгч Г.Номунзул,

“Цинхуа гэдэг сургуулийг хятадад “Ерөнхийлөгчийн сургууль” гэдэг, түүнийгээ дагаад нэр хүнд нь ч өндөр. Хятадын ирээдүйн удирдагчдыг бэлддэг гэж хэлж болно. Тиймээс суралцагчдаас нь хятадын ирээдүйг харах боломжтой байдаг” хэмээн дурдсан.

Цинхуа их сургууль нь 300 гаруй эрдэм шинжилгээний байгууллагатай. Үүнд “Цинхуа мэдээлэл, технологийн үндэсний лаборатори”, “Нарийвчлалтай хэмжих технологи ба Багаж хэрэгслийн улсын гол лаборатори”, “Дижитал телевизийн инженерчлэлийн үндэсний лаборатори” зэрэг багтдаг.

2019 оны эцэс гэхэд Цинхуа их сургууль нь улсын тэргүүний шинжлэх ухаан, технологийн нэг шагнал, улсын байгалийн шинжлэх ухааны шагнал 81, улсын технологийн бүтээлийн шагнал 157, улсын шинжлэх ухаан, технологийн дэвшлийн шагнал 352, нийтдээ 591 төрийн шагнал хүртсэн байна.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet