CollegeInfo#6
1841 онд нэгэн Франц оёдолчны үүсгэн байгуулсан ESMOD (Загвар Урлагийн Их Сургууль) нь өдгөө дэлхийн хэмжээний асар олон загвар зохион бүтээгчид, мэргэжилтнүүдийг бэлтгэн гаргадаг томоохон олон улсын сургууль болсон билээ. Дэлхийн шилдэг 10 загварын сургуулийн нэгд зүй ёсоор тооцогддог энэхүү сургууль нь загварын өлгий хот гэгддэг Парист 1500 гаруй сурагчтайгаар үндсэн үйл ажиллагаагаа явуулж, жил бүр дунджаар 400 төгсөгчдынхөө загварын салбарын гарааг нь тавьж өгдөг.
ESMOD сургууль нь Англи болон Франц хэл дээр хичээлүүдээ явуулдаг бөгөөд нийт сурагчдын 55% нь олон улсын сурагчид байдаг учир орон орны шилдэг хүүхдүүдтэй хамт суралцах боломж хэмээн харж болно. Энэхүү сургууль нь жилийн $11,931-н төлбөртэй бөгөөд нийт өргөдөл илгээсэн сурагчдын 70 хувийг нь тэнцүүлдэн авдаг. Түүнчлэн дэлхийн 13 улсад нийт 20 салбар сургуулийг үүсгэн байгуулснаар барахгүй жил бүр 20 гаруй загварын шоуг дэлхийн хэмжээнд зохион байгуулдгаараа алдартай.
Дизайнерын ангийн сурагчид маш олон төрлийн хичээлийг элсэн орсон эхний 2 жилдээ үзэх боломжтой ба 3 дахь жилдээ өөрийн сонгосон нэг чиглэлээ илүү гүнзгийрүүлэн үздэг өвөрмөц хөтөлбөртэй. Мөн дизайны ангийн сурагчдад дан ганц загвар, эсгүүрээс гадна нэмэлтээр компьютер дизайны үндсэн програмууд болох Adobe, Photoshop зэрэг болон маркетинг менежментийн хичээлүүд нэмэлтээр ордог. Мөн Франц хэлний хичээлийг мэргэжилтэй нь холбож заадаг ба түүх судлал гэх мэт гол хичээлээс гадна загвар, дизайн хэмээх зүйлийг бүх талаас нь ойлгох боломжийг нийт сурагчиддаа олгодог нь онцлог.
Сурагчид нийт 3 жилийн хугацаанд суралцаад төгсдөг ба нийт оюутнуудын 98 хувь нь амжилттай төгсдөг гэх тоон үзүүлэлт байдгаас гадна сурагчид 500 гаруй ажлын саналыг төгссөн даруйдаа авдаг байна. Мөн “Загварын Долоо Хоног”-ийн үеэр оюутнуудыг багтаа элсүүлж хамт ажиллуулж, туршлага дадлага болгох үүднээс сургуулийн зүгээс томоохон компаниудтай холбож өгдөг. Энэ талаар ESMOD Paris сургуульд 2 дахь жилдээ суралцаж буй Б.Мөнхтуяагийн дурдсанаар “Манай сургуулийн оюутнууд 2 дахь жилдээ 5 долоо хоногийн, харин 3 дахь жилдээ 3 сарын турш дадлагын ажил хийдэг нь бидэнд маш том туршлага болж дараа дараагийн ажлуудад маш их тус дэм болж өгдөг” хэмээсэн байдаг.
Тэгвэл хэрхэн Дэлхийн хамгийн анхны загварын сургуульд элсэн орох вэ?
- Сургуулийн өөрийн тусгай Application Form-ыг бөглөнө. Сурагчдын сонгосон мэргэжил болон хөтөлбөрөөс хамаарч доторх зүйлс нь өөр өөр байдаг.
- Олон улсын сурагчид өөрсдийн англи хэлний мэдлэгийг батлах үүднээс TOEFL болон IELTS шалгалтуудын аль нэгнийх нь оноог эззэмшсэн байх хэрэгтэй.
- Мэргэжил тус бүрээс хамаарсан Portfolio шаардагдана. Энэ нь таны өмнө хийсэн бүтээлүүдийг хавсаргасан бодит болон дижитал хэлбэрийн номыг хэлнэ.
- Өөрийн хувь хүнийг тодорхойлсон эсээ тань ихээхэн чухал бөгөөд таныг энэ сургуулийн хэв маягт зохицох эсэхийг тодорхойлдог.
- Дээрх зүйлсийг сургууль маань эхний шатны шалгуур болгон авч үздэг бөгөөд үүнд тэнцсэн сурагчдаасаа онлайн хэлбэрээр ярилцлага аван эцсийн байдлаар шийдвэрээ гаргах болно.