CollegeInfo#8
Франц улсын Парис хотноо анх 1257 онд байгуулагдсан Сорбонн Коллеж нь дэлхий дээрх хамгийн анхны их сургуулиудын тоонд зүй ёсоор багтдаг билээ. Хэдэн зууны туршид зогсолтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаад 1971 онд Paris-Sorbonne University хэмээн нэрлэгдэх болсон. Гэвч хэдэн арван жилийн дараа ахин нэг том өөрчлөлт гарсан нь уг сургууль анхны эмэгтэй Нобелийн 2 удаагийн шагнал хүртсэн физикч Мэри Кюригийн нэрэмжит их сургууль болон бусад жижиг судалгааны төвүүдтэй нэгдэж, дэлхийн хэмжээний их сургуулийг үүсгэн байгуулахаар шийдсэн явдал юм.
Уг шийдвэрийн үр дүн ч биелэлээ олсон бөгөөд Сорбонн Их Сургууль(Sorbonne University) нь 2018 оны 1 сарын 1-нд дахин шинээр мэндэлсэн байдаг. Үндсэн сургалтын чиглэлүүдэд түүх, хэл шинжлэл, урлаг соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан болоод инженерийн төрлүүд багтдаг нь олон талын сургуулиудын нэгдэл гэдгийг нь батлана. Энэ ч утгаараа Сорбонн хэмээх нэрэн дор анхны эрхтэн шилжүүлэх мэс засал хийгдэж байсан нь Франц улсыг дэлхий даяар алдаршуулсан бөгөөд хамгийн сайн эмнэлгийн сургуулиудын тэргүүн эгнээнд багтдаг билээ.
2006 онд Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотод салбар сургуулиа нээсэн бөгөөд үндсэн сургалтын системээрээ дэлхийн олон орны нэр бүхий сургуулиудтай холбоотой ажилладагаараа алдартай.
Ерөнхийдөө Европ тивийн их сургуулиуд төлбөрийн хувьд бусад орнуудыг бодвол харьцангуй боломжийн байдаг. Зарим нь бүр үнэ төлбөргүй байх нь ч бий. Харин Сорбонн их сургуулийн хувьд гадаад оюутнуудын төлбөрийг 6500 евро хэмээн заасан бөгөөд энэ нь зарим АНУ-ын алдартай их сургуулиудаас хэд дахин бага хэмжээ юм. Энэ нь ч оюутнуудад ихээхэн тус дэм болдог нь гарцаагүй.
Харин Монгол сурагчид Франц улсын гурван их сургуульд өргөдлөө явуулах хязгаартай байх бөгөөд систем нь их энгийн. Хамгийн эхэнд apply хийсэн сургуульдаа тэнцээгүй бол тэр нь дараагийн сургууль руу материалуудыг тань илгээдэг шаталсан зарчимтай.
Тэгвэл уг гайхалтай сургуульд өргөдөл илгээх тал дээр ч тийм их өрсөлдөөнтэй зүйл байдаггүй. Сорбонн их сургуулийг сонгох хамгийн том шалтгаануудын нэг бол мэдээж тэнцээгүй гэсэн хариуг ямар ч сурагчид явуулдаггүйд оршино.
Гэхдээ хүссэн хүн бүр өргөдлөө явуулдаг гэж ойлгож бас хараахан болохгүй. Хамгийн том шалгуур бол мэдээж хэлний түвшин. Тэгвэл та Франц улсын ямар ч сургууль руу apply хийхэд Common Framework of Reference for Languages(CEFRL) хэмээх шалгалтын B2 түвшнийг эзэмшсэн байх шаардлагатай.
Энэ мэтчилэн энгийн шалгууруудыг хангасан сурагчдыг элсүүлэн аваад цаашлах явцдаа үзсэн сэдвүүдээр нь шалгалт авч, түүгээрээ оюутнуудаа шигшиж үлдээдэг онцлогтой. Нэг ёсондоо энэ нь, “Хүн бүр тэгш эрхтэй байх ёстой. Харин тэр дундаас хэн хичээсэн нь цааш явна” гэсэн ойлголт билээ.