CollegeInfo #9
Хамгийн шилдэг Liberal Arts College
Claremont-д байрлах шилдэг 7 сургуулийн холбооны хамгийн анхны сургуулиар нэрлэгддэг Pomona College нь АНУ-ын хамгийн шилдэг 5 Liberal Arts College-н нэгээр зүй ёсоор нэрлэгддэг алдартай сургууль юм. Liberal Arts College гэдэг нь бакалаврын зэрэг олгодог, эхний 2 жилдээ мэргэжлээ сонгох шаардлагагүйгээр хүссэн хичээлээ үздэг өвөрмөц хөтөлбөртэй их сургуулийг хэлнэ.
Хамгийн анх АНУ-ын зүүн эргийн шилдэг сургуулиудыг баруун эрэгт шинэчлэн бүтээх зорилгоор байгуулагдаж байсан энэхүү сургууль өдгөө 50 муж, 63 орны 1700 сурагчдад 48 гаруй мэргэжил эзэмшүүлдэг томоохон сургууль болсон билээ. Цөөн сурагчидтай учраас тэдэнд олдох боломж нь их байдаг байна. Нэг хичээлд суух сурагчдын тоо дунджаар 15, мөн бусад холбоо бүхий их сургуулиудаас хичээл авч, дэлхийн 36 улсад 1 семестэр хичээллэж болдог, мөн өөр сургуулиудтай хамтран явуулдаг олон хөтөлбөртэй, ерөнхийдөө сурагчиддаа тоо томшгүй их боломжуудыг олгодог.
Гэвч маш цөөн хүүхдийн зайтай учраас өргөдөл явуулсан сурагчдын зөвхөн 8 хувийг тэнцүүлэн авдаг. 2018 оны элсэлтээр нийт 10245 өргөдөл ирснээс зөвхөн 780 хүүхдийг л тэнцүүлэн авсан байдаг. Мөн эдгээр сурагчдын 19% нь гэр бүлээсээ их сургуульд явж байгаа хамгийн анхны гишүүн байсан гэх сонирхолтой үзүүлэлт байдаг. Тэгэхээр энэ сургуульд хамгийн шилдэг, шинийг эрэлхийлдэг сурагчид суралцдаг нь гарцаагүй. Энэ талаар Сант сургуулийн 2018 оны төгсөгч Н.Баярмаа дурдахдаа, “Pomona college-ийн ганц урдаа бариад гайхуулах юм нь энэ сургуульд сурч буй сурагчид. Тэд ямар ч бардамналгүйгээр бусдад тусалж , нэгнийгээ дэмжиж, нѳлѳѳлж чаддаг. Мѳн манай сургууль жижигхэн болохоор тэр мундаг мундаг багш нартай маш дотно найз шиг харилцаа үүсгэж болдог” хэмээсэн.
Түүнчлэн 2017 оны “Princeton Review” жагсаалтад “Шилдэг Санхүүгийн Дэмжлэг” төрөлд нэгдүгээрт жагссан бөгөөд 2018 онд нийтдээ 50 сая долларын санхүүгийн дэмжлэгийг сурагчиддаа үзүүлсэн байна. Нийт тэтгэлэг авсан сурагчдын тэтгэлгийн дүн дунджаар 55390 доллар буюу төлбөрийн 100% гэсэн үг юм. (Дотуур байр багтаагүй)
За тэгвэл дараах зүйлсийг бүрдүүлж шилдэг 8 хувийн нэг болох өргөдлөө явуулаарай:
CommonApp, CoalitionApp гэх холбоосуудын аль нэгээр нь өргөдлөө илгээх
Personal Statement / өөрийгөө тодорхойлох эсээ
Сургуулийн нэмэлт эсээнүүд
IELTS, TOEFL шалгалтын өндөр оноо
SAT Reasoning ( Гэхдээ энэ жилийн хувьд заавал явуулах шаардлагагүй)