Sant Journal Interview#10
Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач?
Сайн байна уу. Энэ ѳдрийн мэндийг хүргэе. Намайг Энхтүвшингийн Золзаяа гэдэг. Би Сант сургуулийг 2018 онд тѳгсѳѳд дунд нь завсар жил аваад, одоо “Үйлдвэрийн дизайн” чиглэлээр, мѳн “Тогтвортой хѳгжил(minor)”-өөр Нью Йорк хотод байрлах Pratt Institute гэх урлагийн их сургуульд суралцаж байна.
Их сонирхолтой, сонсож байгаагүй мэргэжил байна. Мэргэжлээ яагаад сонгох болсон бэ?
Их сургуульдаа ирэхээсээ ѳмнѳ үйлдвэрийн дизайн гэж би сонсож ч үзээгүй. Архитектор болон уран зургийн департмэнтэд сонирхолтой байсан тул энд ирээд эхний жилдээ суурь хичээлүүд, нэлээн олон хичээл авч үзээд тэр дундаасаа таалагдсан хичээлүүдээ нийлүүлээд үзэхэд үйлдвэрийн дизайн болж таарсан.
Ахлах сургуульдаа хийж байсан хичээлээс гадуурх ажлуудынхаа талаар?
Сургууль дотроо бол бүр нэгдүгээр ангиасаа арван нэгдүгээр анги хүртлээ математикийн олимпиадийн бэлтгэл, долоогоос есдүгээр анги хүртлээ физикийн олимпиадийн бэлтгэлд хамрагдсан. Гэвч сүүлдээ жоохон муудчихсан л даа(инээв). Сүүлийн хоёр жилдээ хар зураг, технологи, шугам зургийн олимпиадийн бэлтгэлүүдэд явсан. Мѳн дээр нь мэтгэлцээний клубд бас явдаг байсан. Дээр нь сургуулиасаа гадуур зургийн дугуйлангуудад хамрагдаж үзсэн. Ѳѳр нээх олигтой хийсэн юм байхгүй дээ.
Ахлах сургуульдаа таны хувьд гаргасан хамгийн том амжилт гэвэл юуг нэрлэх вэ?
Яг нэг чиглэлээ барьж хойноос нь гүйгээгүй болохоор олигтой амжилт гаргаагүй. Гэвч миний хувьд гаргасан хамгийн том амжилт минь 11-р ангид, дѳнгѳж зурж эхэлж байхдаа уран зургийн бүтээлийн уралдаанд оролцоод бүтээлээ галерэйд тавиулж байсан. Сургуулиас нууцаар явж бүтээлээ ѳгѳѳд нэлээн л юм болсон доо.
Хэзээнээс их сургуулийн ѳргѳдлѳѳ бэлдэж эхэлсэн бэ?
TOEFL, SAT-ийн шалгалтуудыг нийт гурав гурван удаа ѳгсѳн. Эртнээс эхэлнэ гэж хэчнээн бодсон ч 11-р ангийн тѳгсѳлтѳѳс шалгалтуудаа ѳгч эхэлсэн. Яг бэлдэж эхэлсэн нь гэвэл аравдугаар ангийн эхнээс. Завсар жилийнхээ хугацаанд хоёрийг нь ѳгсѳн. Сургалтын тѳвийн хувьд Universal болон Tomujin-д явсан. Би ѳѳрѳѳ ганцаараа юм хийгээд сууж чаддаггүй, хэтэрхий ѳѳр юманд сатаарчхаад байдаг тул хүмүүстэй ярилцаад, хамт олноороо юм хийх нь илүү үр дүнтэй санагддаг.
Танай сургууль юугаараа онцлог юм бол? Та яагаад сонгосон бэ?
Би анх Chicago хот дахь SAIC сургуульд орно гээд бодчихсон явж байсан, хариу нь ирээд тэнцсэн ч Pratt Institute ээс Presidential тэтгэлэг ѳгье гэхээр нь гүйгээд очсон доо. Одоо харахад энэ маань зѳв шийдвэр болсон байх. Учир нь манай сургууль илүү инженер, архитектор тал руугаа чиглэсэн буюу миний сонирхолд илүү нийцсэн байж таарсан.
Ѳргѳдлийн үйл явцийн бэрхшээлээс үүссэн стресстэйгээ хэрхэн нүүр тулдаг байв?
Би ер нь хүмүүстэй ярилцах дуртай. Сайхан ярьчихаар л сэтгэл санаа хѳнгѳрѳѳд явчихдаг. Тийм болохоор найзуудаараа яриад олуулаа хамт юм хийх их дуртай.
Танай сургууль урлагийн сургууль тул ѳргѳдөлдѳѳ PORTFOLIO шаарддаг байх. Тэр талаар яривал?
Эхний жилдээ үндсэн хичээлүүдтэй урлагийн сургуулиуд руу PORTFOLIO явуулахдаа олон талын чиглэл буюу медиумаар зурсан, урласан, бүтээсэн бүтээлүүдээ бүгдийг нь хамруулж явуулах хэрэгтэй. Тэгснээрээ ѳргѳдлийн шалгаж буй хүнд энэ хүүхэд олон талын сонирхолтой эсвэл манай сургуульд нийцэх юм байна гэсэн сэтгэгдэл тѳрүүлдэг. Эсрэгээрээ хэрэв урлагийн сургуульдаа анхнаасаа чиглэлээ сонгоод явах гэж байгаа бол тухайн чиглэлээрээ хийсэн ѳѳрт хамгийн гүн гүнзгий утгатай, таалагддаг бүтээлээ л урдаа гаргасан нь зѳв. Портфолио бэлдэхэд их цаг авдаг учир эртнээс эхлээд хойшлуулж болохгүй. Удаан тухайн зүйл дээрээ ажиллах тусам сайжирдаг. Бүр эртнээс шалгалтанд бэлдэж байхдаа л эхэлсэн байвал зүгээр.
Завсар жил авсны дараа хүлээж байж сургуулиасаа тэнцсэн гэдэг хариуг аваад ямар мэдрэмж төрсөн бэ?
Анх Pratt Institute-д тэнцсэнээ хараад тийм ч баяртай байгаагүй. Уг нь бол уран зургийн чиглэлээр ѳргѳдлѳѳ явуулж буй хүүхдүүдийн мөрөөдлийн сургууль. Гэхдээ яагаад ч юм баяртай байгаагүй, ѳѳр сургуульд л явна гээд бодчихсонд л байсан байх. Харин хамгийн сүүлд таван сарын нэгэнд явах шийдвэрээ илгээчхээд бороонд гадаа гарч гүйсэн. Яг тэр үед сэтгэл хѳнгѳрѳѳд санаа амарсан ч юм шиг эсвэл бүр санаа зовоод ч байгаа юм уу гэмээр тайлбарлахад хэцүү мэдрэмж авсан даа.
Түрүүнд Presidential тэтгэлгийн талаар дурдсан. Тэр талаар яриач?
Олон улсын сурагчдад санхүүгийн туслалцаа ѳгдѳггүй учраас манай сургуульд сурахад нэлээн бэрхшээлтэй тулгардаг. Тиймээс манай сургууль Merit-Based scholarship буюу явуулсан бүтээлээс нь дүгнэж тэтгэлэг ѳгдѳг. Гэвч тэр нь тийм их биш л дээ. Ер нь нэлээн л хэцүү.
АНУ-ын их сургуулиуд хүүхдүүдээ сонгохдоо ѳѳрсдийн vibe-д тааруулж авдаг. Яагаад та сургуульдаа тэнцсэн гэж боддог вэ?
Би бол манай сургууль намайг vibe нийлнэ гэж бодсоныг мэдээгүй ч ирээд л шууд нийлсэн. Жижигхэн сургууль тул бүгд нэг нэгэнтэйгээ ойрхон холбоотой байдаг, зѳрѳѳд ѳнгѳрѳхдѳѳ мэндэлдэг. Анхны ѳдѳр хэн хаанаас ирснийг тодруулахдаа улсуудын нэр дуудаад, тэгээд улс тань дуудагдвал гараа ѳргѳѳрэй гээд бүртгэж авч байсан. Тэгээд яахав Монгол яаж дуудагдах вэ дээ, “Улс нь дуудагдаагүй хүн байна уу?” гэсэн би ганцаараа Монгол байж таарсан. Тэгсэн нѳгѳѳ хүн нь “Ѳѳ манай Miss Mongolia” гээд тийм нэг нэртэй болчихсон.
Сургууль руугаа нэлээн л хүлээлттэй явсан байх. Тэр талаараа бидэнд сонордуулаач?
Би бол Нью Йоркийг одоо мэдэж байгаагаасаа хамаагүй цэвэрхэн газар гэж бодсон ч үнэхээр том андуурсан байна лээ. Бас энэ амьдралдаа харсан хамгийн том хархнуудтай ч танилцаад авсан шүү.
Сургуулийн хувьд ихээхэн чанга байх болов уу гэж бодсон. Ахлах сургуульд байхад, Орос улсад урлагийн академи тѳгссѳн зургийн дугуйлангийн багш маань академид муухай зурсан бол тэр дор нь урж хаяаад дахиад зуруулдаг гэж хэлж байсан нь их айдас хүйдэс мѳн зориг чангалж ѳгсѳн . Америкт ирсэн чинь мэдээж тийм юм бол байгаагүй, хамаагүй зѳѳлѳн санагдсан. Хамгийн анхны хичээл ороод, би яагаад урлагийн сургуульд явчихав даа гэж бодсон нь их амархан санагдсан болохоор. Харин одоо бол хүндрээд, даалгавар тѳслүүд маань хүзүүгээр татаад явж л байна даа.
Сургуульдаа ороод бүтэн жил ѳнгѳрөөчихлөө. Хамгийн сэтгэлд шингэсэн дурсамжаасаа хуваалцаач?
Ѳрѳѳндѳѳ хоёулаа, байрандаа дѳрвүүлээ байдаг. Тэгээд орой даалгавраа хийчхээд гарч хоол иддэг. Хоол идэхдээ элдэв юм ярьж, татаж унатлаа инээлддэг байсан. Ѳрѳѳнийхѳнтэйгээ нэлээн дотно нийлсэн тул тэд нартайгаа бүтээсэн дурсамжууд л сайхан санагдаж байна.
Ѳѳрийнхѳѳ сургуулиа биднийг очиж сурмаар болтол суртачилбал?
Их амархан хариулах юм байна. Манай сургууль мууртай. Их сонин сонсогдож магадгүй л дээ, гэхдээ манай сургууль байрандаа муур тэжээгээд байж байдаг. Нэг ёсны заншил гэсэн үг. Бас урлагийн талаасаа гэхээр манай сургуульд маш том урлагийн тѳлѳѳллүүд ирж лекц, ярилцлага хийдэг. Мѳн энд том том компаниудын салбарууд байдаг тул боломж бололцоо асар ихтэй.
Таны хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ юу вэ?
Хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ бол энэ семестэрээ бүдэрчилгүй тѳгсѳх. Коронагаас болоод ганцаараа байгаа тул цаг тѳлѳвлѳлт их алдагдаж байгаа. Дараа жилээс сургууль дээрээ Student Government-д Sustainability Chair болохоор сонгогдсон. Анх удаа тийм сонгууль шиг юманд орж үзсэн их сонин юм байна лээ.
Инстаграм хуудсаар явуулсан асуулга дунд одоо их сургуульд орох гэж буй хүүхдүүд “Зун юу хийх вэ?” гэж нэлээн асуусан байсан. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
Би явахаасаа ѳмнѳ их л яараад жолооны үнэмлэхээ авч байсан. Тэгсэн Нью Йоркод ямар ч хэрэг болоогүй. Хүмүүс ѳѳрсдийн сонирхлоороо сургалтанд суугаад их сургуульд орохдоо ѳѳртѳѳ давуу тал үүсгэдэг юм байна лээ. Тэгээд би график дизайны курст суучхаад энд ирээд тухайн хичээлээ авахад эхнээс нь заагаад амархан санагдаж байсан учир юмнуудаа түрүүлж дуусгаад цагаа хэмнэсэн. Тиймээс их сургуульд ороход чинь хэрэгтэй болох юмаа хийгээд, нэг бол цагийг зугаатай ѳнгөрѳѳсѳн нь дээр байх. Гэрийхэнтэйгээ цагийг ѳнгѳрѳѳгѳѳд тэврэлдэх ч юм уу.
АНУ-д очоод ямар бэрхшээлүүдтэй тулгарав?
Би бол хамгийн түрүүнд Солонгос хоолыг ихээр санасан. Эндхийн Korea town ороод хоол идсэн ч адилхан биш байсан. Хоол унд л их санаж байна даа. Бас утсаар дүү нартайгаа ярихаар их том ѳндѳр болчихсон, “Хүүе чи сунаад байна, болиоч ээ” гээд дүү нараа ѳсѳж том болох мѳчийг нь алдаад байгаа мэт санагддаг. Гэрийхнийгээ их санадаг. Ѳѳрөөр бол тийм хүндрэлтэй юм бол байхгүй л байна.
Хэрэв та ахлах ангидаа буюу аравдугаар ангидаа буцаад очсон бол цагийг юунд түлхүү зарцуулах байсан бэ?
Би цагийг ер нь ѳѳрѳѳр ѳнгѳрүүлэхгүй байсан байх. Аан гэхдээ долдугаар ангид сурч байсан өөртөө ямар нэгэн юм хэлж болохоор бол “Математикаа хийгээч ээ” гэнэ дээ. Арай муудаад, тэрнээсээ болоод ѳѳртѳѳ итгэх итгэлгүй болсон. Гэхдээ одоо бол тэр хамаагүй л дээ.
Доод үеийнхээ дүү нарт алтан зѳвлѳмж хайрлаач?
Ер нь бол надад ѳгѳх АЛТАН зѳвлѳмж бол алга. Гэхдээ дуртай юмаа хийгээд сонирхлоо хѳѳгѳѳд явах юм бол ѳдѳржин шѳнѳжин хичээл хийгээд, хийх зүйлс чинь хүзүүгээр татаж байсан ч сэтгэл санаанд хамаагүй дээр байдаг шүү. Хэрэв дуртай юм байхгүй юу хийх вэ гэж байвал олон шинэ зүйлс туршиж үзэх хэрэгтэй.
Танай хичээлийн дарамт нэлээн их юм шиг санагдсан. Санттай харьцуулбал таны хувьд?
Хэрэв би Сантад байхдаа бүх юмаа хийгээд явсан бол одоо хамаагүй дээр, асуудал багатай байх л байсан байх гэж боддог. Тэгээд ч энд ахлах сургууль шиг аргалдаг юм бол байхгүй. Манай сургуулийн хувьд лав хүүхэд бүрийн тѳсѳл болгон дээр нь тухайн ангийн хүүхэд болгон санаагаа хэлнэ. Юм хийгээгүй, олигтой хийгээгүй хүнд урдаас нь харж байгаад хэлэхгүй ялангуяа урлагийн сургууль болохоор дараа нь дүн дээр нь тусгачихдаг. Манай ангид нэг сонин залхуу гэмээр хүүхэд зүгээр гурван зураас татаар ирэнгүүт профессор магтаж магтаж байгаад дүнг нь муу тавьдаг.
Таныг сургууль дээр харж байхад нэг зураг, ном барьчихсан явж байдаг байсан. Та бидэнд гоё унших ном санал болгооч?
Энд тэнд явж байхдаа ном барьж явбал их зүгээр. Хаана ч цаг гарч магадгүй. Аав намайг сургуулиас авахад би дандаа хаана ч хамаагүй суугаад ном уншиж байдаг байсан. Математикийн олимпиадаас авах гээд ирсэн чинь би шалан дээр ном уншаад сууж байсан ч тохиолдол бий. Иймэрхүү байдлаар ѳссѳн ч одоо ном унших зав үнэхээр алга даа. Хамгийн сүүлд уншсан ном оо зѳвлѳе. Neil Gaiman-ий “Smoke and mirrors”. Гаж аймшгийн богино ѳгүүлэггүүд байгаа.
Англи хэлээ яаж сайжруулсан бэ?
7 дугаар ангид байхаа найзуудтайгаа дууны үг цээжилдэг байсан. Бичиж аваад, ойлгоод цээжилчихнэ. Нэг тийм зугаатай аргаар хэлээ сайжруулсан. Тэрнээс хойш гадаад сургуульд сурах талаар яригдаж эхлээд, наймдугаар ангид найзуудтайгаа англиар ярьж эхэлсэн. Таксинд ороод л англиар яриад явахаар жолооч нар зарим нь муухай хараад, нѳгѳѳ нь мундагийг минь гайхаад л их сонирхолтой.
Сантийг тѳгсѳхѳд таны хувьд ямар давуу талууд харагдсан бэ?
Миний хувьд би сургуулийнхаа хэд хэдэн юманд хайртай байсан. Би сургуулийнхаа нойлын өрөөнд хайртай. Үргэлж цэвэрхэн. Миний орж байсан ямар ч сургуулиас хэд дахин цэвэрхэн байдаг. Ер нь л сургууль тэр чигтээ байнга цэвэрхэн байдаг. Тийм ч болохоор би сургуулийнхаа үнэрт дуртай.
Сургуулийн хоолны менюг арван хоёр жилийн турш солихгүй байх нь арай дэндсэн. Уг нь эрүүл зѳв хоол. Гэхдээ хэзээ нэгэн цагт солих л байх гэж боддог. Бэлтгэлээсээ Сантад суралцсан болохоор харьцуулах юм байхгүй юм даа.
Харин багш нар сурагчиддаа нэлээн чанга хатуу байхыг хичээдэг ч нэг талаас зѳв нѳгѳѳ талаас сэтгэлийн дарамт болдог.
Сантыг тѳгссѳн хүмүүс ер нь ямар нэг юмаараа холбогддог. Хоолны талаар ч юмуу, олимпиадын бэлтгэлийнхээ талаар ч юм уу, эсвэл сургуулийн удирдлагын талаар ч юм уу. Сѳрж муулах гэсэн юм биш зүгээр ямар нэгэн байдлаар Сантын талаар яриад эхлэхэд сэтгэл зүрхээрээ холбогддог. Тэгээд манай сургуулийн vibe чинь нэг тийм хийвэл хийчихье, яавал ч яая гэсэн байдалтай. Тийм ч болохоор Сантад сурсандаа баярладаг.
Тэгвэл юуг ѳѳртѳѳ тусгаж авч сурсан бэ?
Маш сайн сууж сурсан. Найман цаг тасралтгүй сууж чадна(инээв).
Манай хамгийн сүүлчийн брэнд асуулт. Та ахлах ангидаа бүтээсэн тэр нэгэн сэтгэлд гүн хоногшсон дурсамжаасаа хуваалцаач?
Манай ангийнхан нэгдүгээр ангиасаа тѳгсөх хүртлээ хамт явсан. Мартын найман, цэргийн баяраар хоол хийх, бэлэг барих, караоке орох гээд хоорондоо нэлээн дотно байсан. Хүүхдийн тѳрсѳн ѳдѳр болохоор паркийн караокед ороод дэрээр байлдацгаадаг байсан. Ангийнхнаа их л санаж байна даа.
Манай асуултанд яригдаагүй дутуу үлдсэн, таны хэлье гэсэн юм байна уу?
Одоогийн энэ хэцүү COVID-19-өөс болоод үүсч буй элдэв асуудлаас болоод сэтгэл санааны байдал ѳѳрчлѳгдѳх гэх мэт бэрхшээлүүд байгаа. Гэхдээ зүгээр ээ, дуусна. Ямар нэгэн байдлаар энэ бүхэн дуусаад, хүмүүс тайван байж чаддаг болно. Тэр болтол тэсээрэй л гэж хэлье дээ.