Sant Journal Interview#13

Sant Journal
6 min readMay 9, 2020

--

Сайн байна уу? Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач?

-Намайг Л.Оюунтөгс гэдэг. Сант сургуулийн 2017 оны төгсөгч, одоогоор Massachusetts Institute of Technology буюу MIT-д 3 дахь жилдээ суралцаж байгаа бөгөөд “Bioengineering” мэргэжлийг сонгон авсан.

Та яагаад энэхүү мэргэжлийг сонгох болов?

-Ерөнхийдөө манай сургууль эхний жилдээ орсон сурагчиддаа мэргэжлээ сонго гэж тулгахын оронд өөрийн сонирхсон 8 хичээлээ үзээд явах сонголт өгдөг болохоор мэргэжил сонголтын тал дээр “Flexible” системтэй. Тэр ч утгаараа би өөрийн сонгосон хичээлүүдээ үзээд явж байхад “Bioengineering” чиглэл их шинэлэг санагдсан. Өөрийнхөө сайн чадах математик, физикээ ашиглаад биологи судлахад их өвөрмөц байдаг.

Та Сантад суралцаж байхдаа ямар нэгэн олимпиадын бэлтгэл болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж байсан уу?

-Би анх 7-р ангиасаа хойш төгсөх хүртлээ физикийн олимпиадын бэлтгэлд явсан. Харин хичээлээс гадуурх үйл ажиллагааны талаар одоо бодоод байхад миний үед тиймэрхүү зүйлс их цөөхөн байсан юм шиг санагддаг. 12-р ангидаа ороод хамрагдах хүсэл байсан ч хичээл, олимпиад бас их сургуулийн өргөдөл тулаад ирчихсэн байсан болохоор амжаагүй.

Тэгвэл таны хувьд физикийн олимпиадын бэлтгэлд удаан байх хугацаандаа гаргасан хамгийн том амжилт тань юу вэ?

-2016 онд Олон улсын физикийн олимпиадад оролцоод хүрэл медаль, 2017 онд дахин ороод мөнгөн медаль авч байсан.

Их сургуулийнхаа өргөдлийн ажлуудыг та хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

-Ер нь бол 11-р ангиа төгсөх хүртлээ дан физиктээ л анхаарал хандуулдаг байсан. Тэгээд 2017 оны зун эхлэхгүй л бол болохоо байлаа гэдгээ мэдээд эхнээс нь бэлдэж эхэлсэн. Харин 10 сарын эхэнд SAT Subject Test, дундуур нь TOEFL,SAT гээд дараалалтай өгсөн. Яг л сайн бэлдэж байгаад ганц удаа өгөөд хүссэн оноогоо авна гээд шийдчихсэн байсан болохоор оройтож өгсөн байх. Эсээгээ ч мөн адил тэр үеээр бичиж эхэлсэн, цаг давчуу байсан тул одоо уншихад хүүхдийн тоглоом шиг л юм харагддаг. Гэхдээ их сургуулийн өргөдлөө сүүлд эхлэх зөв сонголт биш ч гэсэн хичээгээд хийвэл амждаг л юм билээ.

Personal Statement-ийнхаа санааг анх ямар замаар олж авсан бэ?

-Бусад хүүхдүүд зүгээр сууж байхад л нэг часхийсэн санаа ороод ирдэг гэж ярьдаг ч надад бол байгаагүй. Академик талаа дүгнээд үзэхээр хичээлээс өөр юу ч хийдэггүй нэгэн хүүхдийн дүр орж ирээд байсан болохоор өөр сэдвээр бичихийг хүссэн. Эцэст нь олсон санаа харин сэтгэлд их нийцсэн бөгөөд багаасаа одоог хүртэл надад тодоор үлдсэн дурсамжуудаа жагсааж бичээд, тэр болгоноос өөртөө тусгаж авсан сургамжууд одоогийн намайг бий болгоход хэрхэн нөлөөлсөн талаар бичсэн.

Тэгвэл та өргөдлөө сүүлд эхэлсэн хүний хувьд тэр их олон ажлын дунд үүссэн стрессээ хэрхэн даван туулж чадав?

-Одоо бодоод байхад ер нь олон улсын олимпиад, их сургуулийн өргөдөл гээд асар том зүйлсэд бэлдэхэд мэдээж амархан байгаагүй. Шантрах, бухимдах үе зөндөө гардаг. Харин тэр бүгдийг би яадаг ч байсан даваад гарна гэдэг сэтгэлийн хат суучихсан, дээрээс нь гэр бүл болоод найз нөхөдтөйгөө үргэлж ярилцаж зөвлөлддөг байсны хүчинд зохицуулж чадсан.

MIT-аас танд тэнцсэн гэх хариу ирэхэд ямар байдлаар хүлээн авч байсан бэ?

-Өргөдлийн хариу маань ерөнхийдөө АНУ-ын цагаар “Pi” тооны өдөр буюу 3 сарын 14-нд, харин Монголын цагаар 3 сарын 15-ны өглөө 6 цаг хавьцаа ирсэн. Би унтаж байсан чинь ээж, аав 2 орж ирээд, “Хариу чинь гарсан уу миний охин?” гээд байн байн асуугаад байхаар нь таг нойрмог байхдаа шалгаад үзсэн чинь тэнцсэн байсан. Харин тэр үед яг өөрийнхөө гаргасан асар их хичээл зүтгэлээ дүгнүүлсэн болохоор тайван, дотроо л их баярласан.

Хэрэв та MIT-д тэнцээгүй байсан бол өөр сонголт байсан уу?

-Би ахлах сургуулиа төгсөхдөө үеийнхнээсээ насаар бага байсан болохоор тэнцээгүй бол завсар жил авах байсан байх. Анх 16 настай охин энд ирээд соёлын шок гээч зүйлд бүрэн утгаараа орж байсан шүү.

Танай сургууль таны өргөдлийн аль хэсгийг илүү үнэлж тэнцүүлсэн гэж та боддог вэ?

-Эсээн дээрээ би ямар ч асуудал байсан өөрийнхөө бүхий л хүч чадлыг дайчлаад бүтээхийг хичээдэг, мөн ямар нэг шинэ зүйлийг туршиж үзэхээсээ огт айдаггүй талаараа илүү тусгаж бичсэн. Тэрийг нэг том шалтгаан гэж бодож байна.

Анх очихдоо ямар төсөөлөлтэй очив, таны төсөөллөөс хэр ондоо байв?

-Дэлхийн хамгийн шилдэг сургуулийг зорьж байгаа гэдэг утгаараа мэдээж маш их догдолж, харин түүнийгээ дагаад яг л дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг хүүхдүүдтэй хамт сурна, өрсөлдөөн маш их гарна гээд бэлтгэлтэй очсон. Орчин нөхцлийн талаар гэвэл би анх яг ирчхээд байж байхдаа замын гэрлэн дохионд нь ногоон биш цагаан өнгө байдгийг хараад л, “За би хүний газар ирчихлээ” гэсэн бодол шууд орж ирсэн дээ.

Их сургуульдаа өнгөрүүлж байсан хамгийн сайхан дурсамжууд тань юутай холбоотой байдаг вэ?

-Манай “Undergraduate” сурагчид ерөнхийдөө 5000 гаруй байдаг. Тийм болохоор нэн нэгэнтэйгээ ойр, их найрсаг байдаг. Мөн хамгийн гол хүмүүс бол профессорууд. Айхтар өндөр зэргийн боловсролтой, олон шагналтай том багш нар ч яг л найз нөхөд шиг ойр дотно, дээрээс нь их халамжтай байдаг. Ер нь хамт олон л их сайхан дурсамжуудыг бүтээдэг.

Одоо их сургуулиа сонгох шатандаа явж байгаа, техник технелогийн чиглэлд сонирхолтой арван жилийн сурагчид хандаж та зөвхөн MIT-г сонгох шалтгааныг хэлээч?

-MIT бол асар их боломж. Ямар чиглэлээр юуг судлахыг хүснэ, бүх зүйл боломжтой байж л байдаг. Дээрээс нь асар том нэр хүндтэй болохоор том байгууллагуудад дадлагын ажил хийх, төгсөөд ажиллах гээд давуу тал их олонтой сургууль.

Та ойрын хугацаанд юуг төлөвлөж байна?

-Боломж олдвол энэ зундаа нанотехнелоги ашиглаад хулганы тархин дээх судалгаа хийж үзэх нэг сонирхолтой ажлыг бодчихсон байгаа.

Тэгвэл холын хугацаанд тавьсан зорилго тань юу вэ?

-Ямар ч байсан сургуулиа төгссөнийхөө дараа үргэлжлүүлээд докторын зэрэгтээ суралцана гээд шийдчихсэн.

MIT-д суралцах хугацаанд танд тулгарсан бэрхшээлүүдийг нэрлээч?

-Ер нь энд бэрхшээл бол мундахгүй. Хичээлээ хийж амжихгүй байх, цагаа зөв зохицуулж чадахгүй байх гэх мэтчилэн асуудлууд олон тулгардаг. Тэр бүгдээс би ямар ч нөхцөлд нойроо сайн авах, эрүүл хооллох, мөн дасгал хөдөлгөөн тодорхой хэмжээгээр заавал хйих ёстойг ухаарсан.

Таны бодлоор гадаадад сурахын гол давуу тал нь юу юм бол?

-Олон хүмүүстэй танилцана, цоо шинэ хүрээллийг бий болгоно. Тэр ч утгаараа өөрийгөө шинээр нээж, хувь хүн талаасаа нээлттэй болохын хажуугаар асар их боломжуудыг хүртэх зам нээгддэг.

Ахлах ангидаа буцаад очвол цагаа юунд зарцуулах вэ?

-Миний бодлоор би тэр үеэсээ юуг ч өөрчлөхгүй. Тэр хугацааг өнгөрөөж бий болгосон одоогийн байдалдаа сэтгэл хангалуун, мөн тэр үеийн өөртөө ямар нэг илүү ачаа үүрүүлэхийг хүсэхгүй байна.

Доод үеийнхэндээ хандаж нэгэн алтан зөвлөмжийг өгөөч?

-Ямар ч төрлийн нөхцөл байдал, асуудал тулгарахад хамгийн гол нь өөртөө итгэх итгэлээ хэзээ ч битгий алдаарай гэж хэлмээр байна.

Та англи хэлээ хэрхэн сайжруулж байсан бэ?

-WebNovel буюу интернэт дээр байршсан ном зохиолуудыг тогтмол уншдаг байсан. Ямар нэг сургалтын төвд сууж байгаагүй.

Өөрийн зүгээс та нэг сонирхолтой ном санал болгооч?

-Stanford-н их сургуулийн профессорын бичсэн “The Willpower Instinct” гээд ном байдаг. Үүнээс би ямар нэг зүйлийг чин сэтгэлээ зориулж, эцсийг нь үзтэл хийх урам зоригоо олж авсан, их сонирхолтой ном.

Таны бодлоор Сант сургууль бусад сургуулиудаас юугаараа онцлогтой вэ?

-Өмнө миний дурдсан шиг боломж асар олон байдаг. Төгсөгчид нь дэлхийн олон улсын, шилдэг сургуулиудад тэнцэн ордог болохоор “Сант” хэмээх нэр ихээхэн алдартай. Сургалтын хувьд ч тэр маш чанартай, сайн мэдлэгийг олгодог. Сантад сураад төгссөн хүүхэд хаана ч очоод сурахад мэдэхгүй зүйл гарна, хоцорно гэж үгүй.

Тэгвэл дутагдалтай тал байгаа юу?

-Сантад багш нар нэг бодлого жишээ нь тайлбарлаж өгөөд, араас нь яг адилхан олон бодлого өгдөг. Харин эндхийн багш нараас надад анзаарагдсан зүйл гэвэл ямар нэг асуудлын суурь хэсгийг нь тавьж өгөөд, цаашдаа сурагчид хийх бүх юмаа тэрхүү сурсан зүйлээ ашиглаж өөрсдөө хийдэг нь асуудлыг шийдэх чадварыг нэмэгдүүлдэг юм шиг санагдсан.

12 жилийн турш Сантад сурахдаа өөртөө тусгаж авсан хамгийн гол зүйл?

-Ямарваа нэг зүйлийг хийнэ гэж шийдсэн, эсвэл хийх ёстой бол юу ч болж байсан өөрийнхөө хэмжээнд тултал нь хийх ёстойг сурч авсан гэж боддог.

Уг хугацаанд сургуульдаа бүтээсэн хамгийн сайхан дурсамж тань юу вэ?

-Яг төгсөлтийн баярын үеэр, оройн үйл ажиллагаан дээр сэтгэл хамгийн ихээр хөдөлсөн. Ангийнхан болоод багш нарыгаа бүгдийг нь нэг нэгээр нь очиж тэврээд, бүтэн 12 жил бүтээсэн нийт дурсамжаа баярын нулимс болгоод гаргаж байсан маань хэзээ ч мартагддаггүй юм.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet