Sant Journal Interview#14
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Юуны түрүүнд өөрийгөө уншигчдад маань танилцуулаач?
Намайг Ц.Есүдэй гэдэг. Би сант сургуулийн 2017 оны төгсөгч. Одоогоор Санхүү Эдийн Засгийн сургуулийн “2+2” хөтөлбөрөөр БНХАУ-д Далианы Политехникийн их сургуульд “Олон улсын худалдааны эдийн засагч” мэргэжлээр суралцдаг.
Мэргэжлээ сонгох болсон шалтгаан тань юу вэ?
Намайг Сант сургуульд сурч байх үед төгсөх ангийн сурагчид ихэнхдээ 2 чиглэлээр буюу инженер болон эдийн засагч гэж хуваагдан төгсдөг байсан. Би тэр үед инженерийн ангид сурдаг ч гэсэн мэргэжлээ сонгоход маш олон зүйлс нөлөөлсөн ч гэсэн дотроос төрж байгаа мэдрэмжиндээ хөтлөгдөж өөрийгөө илүү сонсож чадсаны эцэст мэргэжлээ сонгосон. Том цаасны голд жижигхэн цэг тавиад, тоо бодож судалгаа хийдэг хүн болвол надад тохирох юм байна даа гэж бодож өөр олон зорилтуудыг өөрийн өмнө тавьж эдийн засагч болохоор шийдсэн.
Та Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан уу?
Сургуулиа төлөөлж илтгэлийн, яруу найргийн, уран уншлагын болон мэтгэлцээний тэмцээнд оролцдог байсан. Хичээлээс гадуур чөлөөт цаг бараг гардаггүй байсан учраас өөр дугуйланд хамрагддаггүй байж ээ.
Ахлах ангидаа гаргаж байсан хамгийн том амжилт тань юу вэ?
Улсын эсээ бичлэгийн уралдаанд 12 дугаар ангид байхдаа сургуулиа төлөөлж оролцоод 3 дугаар байр эзлээд тэр үедээ маш их баярлаж Монгол хэлнийхээ багшид тэврүүлж байснаа санадаг юм.
Монголд болон гадаадад их сургуульд сурах хоорондоо ямар ялгаатай вэ?
Монголд сурах гадаад оронд сурах маш том ялгаатай. Ялангуяа Сантад суралцаж буй хүүхдүүд ялгааг нь ойлгоосой гэж хүсэж байна. Би дөнгөж төгсөөд гадагшаа явахыг хүсдэг байсан боловч эцэг эх маань үүнийг хүлээн зөвшөөрөөгүй. Есүдэй хэмээх бие хүн болон төлөвшиж байж гадагшаа явахыг зөвлөсөн. Мөн өөрийгөө сэтгэл санааны хувьд бэлтгээд явах нь илүү хүртээмжтэй санагдсан. Боломжуудыг судласны эцэст “2+2” хөтөлбөрийн талаар олж мэдсэндээ баяртай байдаг. Монголд эхний хоёр жил оюутны амьдралаар амьдрахад мэдээж арван жилийн хүүхдийн амьдралаас асар ондоо. Одоо харахад тэр хоёр жилийн хугацаанд мэргэжлийнхээ юуг түлхүү сурах ёстойг мэдэрч, зорилгоо улам бататгаж, хувь хүн талаасаа төлөвшөөд бүрэн утгаараа гадаад явахад бэлэн болсон.
“2+2” хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл уншигчдад хүргээч?
Санхүү Эдийн Засгийн Их Сургууль маань олон чиглэлээр олон сургуулиудтай хамтран энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Хятад, Тайван, Солонгос, Англи гэх мэт улс руу энэхүү хөтөлбөрөөр оюутнууд суралцах боломжтой. Хамгийн том давуу тал нь 4 жил сураад Баклаврын зэргийн 2 дипломтой төгсдөг. Миний монгол дахь диплом дээр “Эдийн засагч” хэмээн бичигдэж байгаа бол Хятад дахь диплом дээр “Олон улсын худалдааны эдийн засаг” гэсэн байдаг. Өөрөө төлбөрөө гаргаад гадагшаа сурснаас төлбөрийн тал дээр энэ хөтөлбөр нь маш боломжийн буюу уян хатан нөхцөлтэй, монголд сурч байгаагаас ялгаагүй үнийн дүнтэй. Мөн Хятад явах бол ‘HSK’ гэсэн Хятад хэлний шалгалтын 4-р зэргийг даваад шаардлагаа хангадаг. Мөн давуу тал нь хамт очсон хүүхдүүдтэйгээ хүнд хичээлүүдээ хамтдаа хийгээд явдаг. Тиймээс хоцрогдоно, төөрөлдөнө гэсэн асуудал гарахгүй.
Одоо сурч буй сургуулийнхаа өргөдлийн мэдээллийг хүргээч?
Сургууль бидний өргөдлийг бэлдээд өгдөг. Хоёр сургуулийн хоорондын харилцаа байнгын идэвхтэй байдаг бөгөөд сурагчдыг анхны жилээс нь мэдээллийг нь бэлтгэж эхлэдэг. Хятад руу явахад шаарддаг ганц зүйл нь хятад хэлний тохирсон түвшингийн шалгалтынхаа оноонд хүрэх л хэрэгтэй. Мөн голч оноо 3.0-оос дээш байхыг шаарддаг.
Танай сургуулийн давуу тал юу вэ?
Манай сургууль олон төрлийн мэргэжлийн цогц сургууль. Олон төрлийн мэргэжлийн хүүхдүүдтэй хамт суралцсанаар тал талын мэдлэг хуримтлуулж чаддаг. Түүнчлэн янз янзын хүмүүстэй харилцсанаар өөрийгөө маш өчүүхэн гэдгийг мэдэрсэн.
Хятадад сурснаас Европд сурсан нь дээр гэсэн хэвшмэл ойлголт байдаг. Үүнд залруулга хийвэл?
Залруулга хийхэд бидний өдөр тутам үздэг кино, бичлэг, дуу хөгжим бүгд Америкаас гаралтай учраас илүү ойрхон санагддаг байх. Хүн болгон Хятад кино үзэж, Хятад дуу сонсдоггүй тул Хятадын талаар тийм ч их мэдлэгтэй биш. Бодоод үзвэл Хятад ардчилсан улс биш, хүн тэнд бүрэн эрх чөлөөтэй амьдардаггүй, хагас захиргаажилтын байдалтай оршин тогтнодог. Тэр их хүн амыг ингэж захираагүй бол одоогийн хөгжилд хэзээ ч хүрэхгүй байсан. Тэнд очвол бидний хэрэглэдэг Facebook, Instagram байхгүй ч WeChat, Baidu, хамгийн том онлайн дэлгүүр болох Taobao зэргээс өөрсдөө үйлдвэрлэх, бүтээх ямар их хүсэл эрмэлзэлтэйг нь ойлгосон. Дотор нь орж үзэхгүй бол гадна нь байгаа бидэнд мэдээлэл хомс хүрдэг санагддаг болохоор хүмүүс гадаад явж сурахаар бол Америк, Австрали, Европыг сонгодог байх. Бас Хятадууд зөв амьдралын хэв маягтай, хөдөлмөрч хүмүүс. Оюутны дотуур байр нь 22:30-д бүх тогоо тасалчихдаг. Оюутнууд нь өглөө 5 цагт босоод дасгалаа хийх нь хийгээд, сагс тоглоод буцаж байрандаа орж усанд ороод хоол ундаа идээд 8 гэхэд хичээлдээ сууж байдаг.
Арван жилийн амьдралыг их сургуулийн амьдралтай харьцуулбал ямар ялгаатай вэ?
Дунд сургуульд заадаг байсан хичээлүүд хүний өөрийгөө таних шалгуур байсан юм байна. Хэрвээ тэр олон хичээлүүдийг үзээгүй байсан бол өөрийгөө эдийн засгийн хүн гэдгээ мэдэрч чадахгүй төгсөх байсан. Манай анги үргэлж манлайлж, арга хэмжээ зохион байгуулдаг идэхтэй анги байсан учраас арван жилийн амьдрал маань завгүй өнгөрсөн. Мөн нуулгүй хэлэхэд оюутан шиг өлсөж сурсан. Өглөө хажуугийн дэлгүүрээс ундаа, ус, пичень бариад л орно. Тэгж байж орой 4 хүртэл суудаг байсан даа. Одоо өөр сургууль төгссөн найзуудыгаа сонсохоор тийм ч урлагийн үзлэгээр тэгж байсан, ийм ч зугаалгаар ингэж байсан гээд л зөндөө дурсамж бүтээчихсэн байдаг. Сүүлд бодоход ганц олдох тэр сурагч насанд сургууль маань бага зэрэг хатуу ханддаг байсан санагддаг. Харин их сургуулийн амьдралд хичээлээ таславал ямар ч багш гарч ирээд эцэг эх рүү чинь залгахгүй, оюутан хүн өөрөө өөрийгөө л хариуцаж явдаг. Хүссэн цагтаа хичээлээ сонгож болж байна гэдэг маань надад маш их таалагдаж байсан. 4 жил сурах зүйлийг 2 жилд багтаан сурсан учраас маш шахуу хөтөлбөрийн дор байсан тул хааяа сургууль дээрээ хонох шахам хичээлээ хийдэг байсанд маань Сантад суралцсан чадварууд их хэрэг болсон.
Ойрын зорилго тань юу вэ?
Яг одоогоор Хятад дахь дипломоо амжилттай хамгаалах миний хамгийн ойрын зорилго байна.
Тэгвэл холын зорилго, мөрөөдөл тань юу вэ?
Хүн болгон дотроо мөрөөдөлтэй. Би улс төрд сонирхолтой. Гүйцэд боловсорсныхоо дараа эх орондоо хувь нэмрээ оруулахыг хүсдэг. Нуулгүй хэлэхэд ер нь улс төрийн салбарт орно гэж боддог.
Гадаадад сурахад ямар ямар бэрхшээл тулгарсан бэ?
Гадаадад сурна гэдэг тэр чигтээ бэрхшээл шүү дээ. Хэлийг нь мэдэхгүй газар бол бүр ч хэцүү. Мөн эцэг эхээсээ хол байж, бүх л зүйлсийг өөрөө хийх хэрэг гардаг. Хувцсаа угаана, индүүднэ, хоолоо өөрөө хийнэ, тэр болгон гадагшаа гараад хоол аваад байж чадахгүй учраас өлсөж болохгүй, өрөөнийхөө хамтрагчтайгаа муудалцвал хаашаа харж инээх үү гээд л маш олон асуудлууд эргэлддэг. Тэр болгоныг шийдэж сураад төгсөөд ирвэл маш том туршлага болж үлдэх юм шиг санагддаг. Бэрхшээл болгон араасаа ололтуудыг авчирдаг. Нэг удаа алдвал дараа нь арван удаа ононо гэж бодох хэрэгтэй.
Оюутан цэрэгт хамрагдаж байсан гэсэн. Үүнийхээ талаар ярьж өгөөч?
Монгол эр хүн болж төрснийх, үндсэн хуулийн өмнө хүлээсэн иргэний үүргээ биелүүлж буйн хэрэг гарч байгаа. Оюутан цэрэг гэсэн хөтөлбөрт зуны 3 сарыг ашиглаад хамрагдсан. Цэргийн амьдрал гэдэг юу ч оёж үзээгүй хүн захны даавуугаа хадаад, өглөө босоод ороо ёотон шиг дөрвөлжин болгож засаад, хувь хүн талаас маш сайн хүмүүжүүлж, тэвчээрийн дээд хязгаарыг үзэж билээ. Зэвсэгт хүчиндээ хувь нэмрээ оруулсандаа баярлаж явдаг.
Ахлах ангидаа буюу 10 дугаар ангидаа буцаад очсон бол цагийг юунд зарцуулах байсан бэ?
Ангийнхантайгаа илүү их цагийг өнгөрөөж, дурсамж бүтээх байсан.
Доод үеийнхэндээ хэлэх алтан зөвлөмжөө хуваалцаач?
Энэ хорвоо дэлхий дээр “чи”, “би” гэдэг зүйл хумхын тоос шиг жижиг өчүүхэн зүйл. Сантад сурч байгаа хүүхдүүд өөрсдийгөө дэлхийн хэмжээнд харьцуулан, мөр зэрэгцэн алхахын тулд өдөр болгон хөдөлмөрлөөсөй гэж хүсэж байна. Хэзээ ч битгий өөрийгөө ханачихсан, болчихсон гэж бодож байгаарай. Өдөр тутам сурах хүсэл эрмэлзэлтэй байж, олон найз нөхөдтэй, өргөн хамт олонтой байснаар амжилтад амархан хүрнэ шүү.
Гадаад хэл сурсан түүхээсээ хуваалцаач?
Өөрийгөө таньж мэдээгүй хүн бусдын аргаар явахаар алдаад байдаг. Тиймээс хэл ч гэлтгүй аливаа зүйлийг сурах гэж байгаа бол олон аргыг туршиж байж өөрт тохирохыг сонгох хэрэгтэй. Харин би Хятад хэл дээр хадмалтай кино үзэж, Хятад дуу сонсдог, нүүрээ улайлгаад ч хамаагүй Хятад хүмүүстэй ярихыг оролддог. Хэл сурч байхдаа хүнээс ичиж ерөөсөө болохгүй. Тэр бол хамгийн том алдаа. Сурах гэж л байгаа юм бол угаасаа хэцүү байх болно, алдана. Алдах тоолондоо шантарч л болохгүйг анхаараарай.
Сантын бусад сургуулиас ялгарах давуу тал таны бодлоор юу вэ?
Сант сургуулийн хамгийн том давуу тал бол багш нар. Удирдлагадаа баярлаж явдаг шалтгааны минь нэг бол улсдаа тэргүүлэх олон сайхан багш нар маань юм. Ямар ч өөр сургуулийн сурагчдад тийм мундаг багш нараар заалгах хувь тэр болгон тохиохгүй байх. Хэдий бидэнд урлагийн үзлэг, спортын тэмцээн, шинэ жил байдаггүй ч гэсэн Сант сургуулийг төгссөн хүүхэд ямар ч хүүхдээс нэг хуруу илүү. Түүний учир нь, бидний сурсан энгийн зүйлс бусад хүүхдүүдийн гүнзгийрүүлж сурсантай эн тэнцүү байдагтай холбоотой байх. Мөн цаг баримталж, юмыг 100 хувь гүйцэтгэл сайтай хийж сурсан гэж боддог.
Сантад бүтээсэн хамгийн мартагдашгүй дурсамж тань юу вэ?
Сант сургуулийн 20 жилийн ойн баяраар манай төгсөлт болж байсан. Анх удаа хонхны баяраа сургуулийнхаа гадаа тайз засаад тэмдэглэж байсан. Бүх найзуудыгаа төлөөлөөд хөтлөгч хийж байсан маань хамгийн сайхан дурсамж минь, одоог хүртэл нүднээ ил байна.