Sant Journal Interview#15
Сайн байна уу? Юуны өмнө та өөрийгөө манай уншигчдад товч танилцуулаач?
Намайг Ш.Мишээл гэдэг. Би Сант сургуулийг 2019 онд төгссөн, одоогоор University of Toledo сургуульд эхний жилдээ “Химийн инженер”-ийн мэргэжлээр суралцаж байгаа.
Та яагаад энэхүү мэргэжлийг сонгох болов?
Анх 8 дугаар ангиасаа хойш химийн олимпиадын бэлтгэлд явсан учраас юутай ч химитэй холбоотой ямар нэг мэргэжлээр явна гээд шийдчихсэн байсан. Тийнхүү уг чиглэлийн мэргэжлүүдийг судлаж үзээд хамгийн их хөрвөх чадвартайгаар нь “Химийн инженерчлэл” дээр тогтсон.
Та Сант сургуульд суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан уу?
Өмнө дурдсанчлан 8 дугаар ангиасаа төгсөх хүртлээ химийн олимпиадын бэлтгэлд явдаг байсан. Мөн 4 настайгаасаа хойш төгөлдөр хуур тоглож байгаа. Ахлах ангидаа НҮБ-ын загвар хуралд хэд хэдэн удаа оролцож байсан.
Ахлах сургуульд байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилтаа гэвэл та юуг нэрлэх вэ?
Яг авсан биет шагнал гэвэл 12 дугаар ангидаа Химийн Улсын Олимпиадаас Мөнгөн медал авч байсан маань юм байна. Гэхдээ гайхалтай нэгэн анги, хамт олонтой болж, санаа нэгдэж явсан маань эргээд харахад мөн амжилт байж гэж боддог.
Их сургуулиудийн ѳргѳдлөө явуулах үйл ажиллагаа гэдэг ѳѳрѳѳ их том даваа. Тиймээс та ер нь хэзээнээс шалгалтуудаа өгч, ѳргѳдлөө бэлтгэж эхэлсэн бэ?
10 дугаар ангийнхаа хавар Universal төвд шалгалтын сургалтад явж эхэлсэн. Гэхдээ хичээлийн хажуугаар бэлдэх нь үр дүнгүй санагдсан учраас 10,11 дүгээр ангийн зундаа эрчтэй шалгалтууддаа бэлддэг байсан.
Танай их сургууль бусад сургуулиас юугаараа онцлог вэ?
Инженер болон анагаахын мэргэжлийн сургалтаараа түлхүү сайн. Мөн практик талыг түлхүү хөгжүүлэх олон хөтөлбөртэй. Хоёрдугаар жилээсээ сурагчид эхний сэместертээ хичээлдээ сууж, дараагийн сэмэстертээ дадлагын ажил хийх гэх мэтээр сөөлжилж явдаг. Хичээл дээр үзсэн зүйлсээ ашиглаад өөр байгууллагад, зөвлөхтэй хамтраад цалинтай ажилладаг нь сурагчдад их туршлага суулгадаг. Сурагч бүрт таарсан сургалтын төлөвлөгөө гаргаж өгдөгөөрөө мөн онцлогтой.
Ѳргѳдлийн үйл явц, гадаадын их сургуульд элсэх гээд олон бэрхшээл саад гарч ирдэг шүү дээ. Та ер нь яаж үүссэн бэрхшээл, стресстэй нүүр тулдаг байсан бэ?
Өргөдлөө явуулах хүртэл бол гайгүй байсан. Төлөвлөгөөгүй эхлээд бүх юм давхацчихсан байсан ч өргөдөл илгээхдээ стрэсс багатай явуулсан. Гэхдээ өргөдлөө явуулсны дараа араас нь илгээх бичиг баримтууд нь хамгийн хэцүү бөгөөд төвөгтэй. Бүх зүйлээ төлөвлөөгүй эхэлсэндээ л бухимдсан хэрэг л дээ. Гэхдээ тэр үед ганцаараа биш найзуудтайгаа байсан учраас давж гарсан гэж бодож байна. Манай ангид яг хамт өргөдөл явуулсан найзуудтайгаа цуг л давсан даа.
Сургуулийн тань хариу ирэхэд ямар мэдрэмж авсан бэ?
Би нийтдээ 10 сургууль руу өргөдөлөө явуулсан л даа. Эхнээсээ тэнцээгүй, хүлээлгийн жагсаалт, тэнцсэн гэх хариунууд ээлж дарааллан ирсэн. Гэхдээ яг тэтгэлгийн хариу ирэх үед л гэр бүлдээ дараа болох гээд байгаа юм шиг санагдаж байсан учраас давхар зуучлалын байгууллагаар 4 сургуульд өргөдлөө явуулаад хамгийн боломжтой сургуульдаа одоо суралцаж байгаа.
АНУ-ын их сургуулиуд ижил төстэй сурагчдыг эслүүлэн авдаг гэж яригддаг. Танай сургууль таны юуг голчлон харж элсүүлсэн гэж боддог вэ?
Манай сургуулийн сурагчид маш нээлттэйгээс гадна нэг л зүйлээ биш олон ажлыг зэрэг зохицуулж чаддаг. Хичээлээ хийхээс гадна 5-аас 6 клубүүдэд хамрагдан сонирхлоо хөөж, бүх зүйлээ тэнцвэртэй хадгалдаг нь манай сургуульд суралцаж буй сурагчдаас түгээмэл ажиглагддаг.
Их сургуульдаа тэнцчихээд ямар төсөөлөлтэй байсан бэ?
Маш өндөр хүлээлттэй байсан. Төрсөн гэрээсээ хол биеэ дааж амьдрахдаа өөрийн шинэ гэр бүлээ бүтээж шинэ найзуудтай болно, яг гэр бүл шиг халуун дотно харилцаатай байна гэж их боддож байсан. Гэвч одоохондоо тэр төсөөлөлдөө хүрээгүй л байна.
Их сургуульдаа ороод бүтээсэн, таны хамгийн гоё зүрхэнд хоногшсон дурсамж юу вэ?
Миний нийлдэг Солонгос, Хятад хүүхдүүд ер нь нар их шашинлаг. Нэг удаа тэдний сүмийн цугларалтад очиж үзсэн. Урьд өмнө нь хэзээ ч очиж үзээгүй л дээ. Сүмийн номлогч нь надтай их сонирхолтой яриа өрнүүлсөн бөгөөд тэр хүмүүс маш сонирхолтойгоор цугладаг, хэт туйлширдаггүй юм билээ .
Ѳѳрийнхѳѳ суралцаж буй сургуульд бид нарыг ѳргөдлөө явуулаад тэнцмээр санагдтал гол онцлогийг нь нэрлээч?
Ажиллах хөтөлбөр нь их сонирхолтой. Зарим компаниуд нь цаанаасаа байр ч гаргаж өгдөг. Дэлхийн том том компаниудын салбарт мэргэжлээрээ ажиллаж туршлага хуримтлуулах боломжоор дүүрэн. Жишээ нь “Honda”, “Hershey” гэх мэт. Манай сургуульд компаниудтай холбогдох өдөрлөг зохиогддог бөгөөд тэнд буй олон байгууллагуудаас хүссэн мэргэжлийнхээ дагуу ажлын байраа сонгох боломжтой. Зөвхөн онол гэхээсээ илүү түүнийгээ амьдрал дээр буулгахад төвлөрдөг.
Таны хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ, зорилго?
Би сургуулиасаа шилжих гэж байгаа. Хэдий энэ сургууль сайн сургалттай хэдий ч доторх уур амьсгал нь надад тохирохгүй санагдсан. Санал нийлэх, хамтдаа хөгжих хүнийг олоогүй. Анх сургуулиа сонгохдоо энэ талыг нь сайн судлаагүй учраас одоо сургуулиасаа шилжих төлөвлөгөөтэй байгаа.
Тэгвэл холын зорилго, мѳрѳѳдлөөсөө хуваалцаач?
Олон зүйлийг хийж, сурмаар байгаа. Нэг мэргэжилдээ баригдах биш эдийн засаг, физик зэргийг давхар судлаж, хийх зүйлээ олон талаас нь хардаг болмоор байна. Миний мэргэжил олон тийшээ хөрвөх боломжтой болохоор байж болох бүх салбарыг л оролдож, сурах хүсэлтэй.
Гадаадад сурахад таны хувьд ямар бэрхшээлүүд тулгарсан бэ?
Миний байгаа газарт би ганцаараа Монгол, сургуульдаа ч анхны Монгол сурагч л даа. Найзтай болох бага зэрэг хүндрэлтэй. Улс улсаараа хүүхдүүд нийлдэг, найзалдаг. Тэд өөрсдийнхөө хэлээр ярьдаг, би ойлгодоггүй. Эхэндээ жоохон хүндрэлтэй, хэлний ялгаа их гардаг байсан.
Тэгвэл гадаадад сурахын давуу нь тал юу байдаг юм бол?
Нүд минь нээгдсэн. Нэг ёсондоо соёлын шок. Кофе шопын бариста цамцыг минь гоё харагдаж байна гээд магтах үед баярлах ёстой байсан ч гайхаад гацаж байсан. Урьд өмнө нь ийм нээлттэй нийгэмд байж үзээгүй. Олон орны хүүхдүүд дунд хэнтэй, ямар хүнтэй, яаж харьцах гэх мэт харилцааны тал дээр түлхүү суралцсан. Шал өөр төрлийн хүмүүсийн дунд шинэ зүйлс сурж байгаа.
Хэрэв та ахлах ангидаа буюу 10 дугаар ангидаа буцаад очсон бол цагийг юунд зарцуулах байсан бэ?
Хичээл, төгөлдөр хуураас гадна өөр зүйлд цаг гаргах байсан. Өөр шинэ хэл сонирхох байсан байж дээ гэж одоо бодож байна. Спорт болон хичээлээс гадуурх ажил түлхүү хийх байх.
Доод ангийнхаа дүү нарт алтан зѳвлѳмж хайрлаач гэвэл юу гэж хэлэх вэ?
Цагаа зөв зарцуулж сураарай. Арван жилд хийх зүйл минь бүгд тодорхой байсан ч одоо бол бүх зүйл өөр санагдаж байгаа. Өдөр өдрийн хуваарь, тогтсон зүйл гэж байхгүй болохоор эхэндээ эвээ олоогүй. Яваандаа хуваарь гаргаж цагаа хуваарилж сурч байгаа. Ядаж юу хийсэн, хийгээгүйгээ ч мэдэх боломжой, бүх зүйлийг өөрөөр харах байх.
Гадаад хэлээ хэрхэн сайжруулсан бэ? Ер нь сурсан түүхээсээ хуваалцаач?
Анх 2 дугаар ангидаа Англи хэл үзээд, ‘За дүрэм сайн байхад болно’ гэж боддог байсан. Тэгээд шалгалтанд бэлдээд эхэлтэл дан ганц дүрмийн мэдлэгтэй байх нь маш дутмаг байсан. Би бусад 4 чадвараа хөгжүүлэхийн тулд podcast сонсож, Англи хэл дээрх киног subtitle-гүй үзэж нэг ёсондоо өөрөө өөртөө хэл сурах нөхцлийг бүрдүүлж сурсан.
Таны хувьд өөрийн гэсэн сурах тусгай арга барилтай юу?
Би юмсыг амьдралтай холбож байж л сайн ойлгодог. Их сургуульд математикийн багш бүтэн цаг ярьсан ч ойлгохгүй тохиолдол байдаг. Хичээл заах явцад би энийг дараа нь яаж ашиглаж билээ гэдгээ бодож илүү ойлгож, суралцдаг.
Сант сургуульд сурснаараа та ѳѳртѳѳ ямар ямар зүйлсийг тусгаж авсан гэж боддог вэ?
Би ачаалал дааж сурсан. Их сургуульд орж ирээд ачаалал орж ирсэн ч илүү тэвчээртэй, шаардлагатай үедээ нойргүй хонох ч тохиолдол гардаг. Сантад сурсан хүүхэд бүр тодорхой хэмжээнд ачаалал авч, түүнийгээ зохицуулж чадах чадвартай санагддаг.
Тэгвэл Сант сургуулийн сул тал таны бодлоор юу вэ?
Сул тал гэвэл сурагчид сургууль дээр хичээл хийх гэж л очдог. Сургуулийг хоёр дахь гэр гэдэг ч яг гэртээ байгаа юм шиг байдаггүй, хичээл хийхээс өөр зорилгоор байж болдоггүй нь сул талтай санагддаг.
Энэ бол манай хамгийн сүүлчийн асуулт. Ахлах сургуульд байх хугацаандаа бүтээсэн тэр нэг зүрхэнд хоногшсон, хэзээ ч үл мартах дурсамжаасаа хуваалцаач?
Олимпиадын бэлтгэлд багштайгаа, найзуудтайгаа цуг хамт байсан үеүүд маш дурсамжтай. Мөн төгсөх ангид болсон үйл явдлууд бүгд л хэзээ ч мартагдахгүй. Ялангуяа Мартын 8-ны өдрийг бодоход ангийнхаа банди нарт одоо ч асар их баярладаг. Тэр үед авсан бэлэг, дурсамжуудаа бүгдийг нь хадгалчихсан байгаа.