Sant Journal Interview#17

Sant Journal
6 min readMay 28, 2020

--

Сайн байна уу? Энэ ѳдрийн мэндийг хүргэе. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач?

Би тусгай хүчний 084-р ангид ажилладаг, ахлах дэслэгч Нямтайширийн Мѳнгѳншагай байна. Сант сургуулиа 2013 онд, “United States Military Academy-West Point”-ийг 2017 онд тѳгсѳѳд Монголдоо ирж тангараг ѳргѳсөн. Монголын армид зүтгээд гурван жил, цэргийн замналыг хѳѳгѳѳд долоон жилийг үзэж байна. Одоогоор Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад ажил үүргээр алба хааж байгаа. Удахгүй зуны сайхан цагт эх орондоо очих байх даа. COVID-19 халдвараас болоод буцах хугацаа маань хойшилчихсон байгаа.

Та их сургуулиа ямар мэргэжлээр тѳгссѳн бэ? Яагаад энэхүү сургууль болон мэргэжлээ сонгох болов?

Миний цэргийн сургуулийг сонгох болсон шалтгаан маань арван жилд байхад сайн ч бай муу ч бай бусад тѳгсѳгчдийг хараад уйтгартай санагдсанаас улбаатай байх. Хүн хүнд бэрх зүйлсийг туулах бүртээ ѳсөн дэвждэг. Бага байхдаа хорин хэд хоногийн багц аялалаар АНУ-ын том том их сургуулиудыг үзэж танилцахдаа хамгийн сүүлд “West Point”-д очтол бусад Ivy League-ийн сургуулиуд сонирхолтой санагдахаа больсон. Тэгээд “West Point”-ийн кампус, оюутнуудын ѳмссѳн дүрэмт хувцас гээд л, тѳгсѳгчдийг нь харахаар маш мундаг хүмүүс байсны дунд АНУ-ын хоёр ерѳнхийлѳгч, АНУ-ын тѳрийн нарийн Марк Помпэй зэрэг хүмүүс байсан. Хүмүүс энэ сургуулийг маш хэцүү гэж ярихад нь харин шар хөдөлсөн. “Ер нь яагаад Монгол залуус ѳѳрсдийгѳѳ дайчилж, ийм мундаг цэргийн сургуульд тэнцэж болдоггүй юм” гэж бодоод дүү нартаа боломж байдаг юм шүү гэдгийг үзүүлэхийг зорьсон.

Мэргэжлийн хувьд “Эдийн засаг”-аар төгссөн. Арван жилд Сант сургууль ахлах ангиудаа инженер, эдийн засаг гэж хуваахад би эдийн засгийн ангид орсон. Ер нь бол ирээдүйд улс орны хѳгжүүлэх бодлого зайлшгүй эдийн засагтай холбоотой. Эдийн засгийн зѳв ойлголттой байх нь чухал. Одоо манайд хүмүүсийн аяс, сэтгэлийн хѳдлѳлѳѳр шийдвэр гаргадаг тиймэрхүү улс тѳрийн тогтолцоо байдаг. Нарийн эдийн засаг, статистикийн тооцоогоор биш. Наад зах нь “Экономатриксийн судалгаагаар ямар шийдвэр гаргадаг юм бэ?” гэж асуухад манай тѳрд мэдэж байгаа хүн тун цѳѳхѳн л байх. Би угаасаа тѳрийн хүн болохоор шийдсэн, цэрэг хүн болохдоо эх орондоо тангаргаа ѳргѳсѳн, одоо ч сар болгон тангаргаа давтдаг. Анхнаасаа миний зорилго улс орноо хѳгжүүлэх, ѳѳрт олдсон боломжийг бусдад хүргэх байсан. Түүнийгээ хэрэгжүүлэхэд эдийн засгийн мэдлэг зайлшгүй чухал гэдгийг мэдэрсэн учраас би энэхүү мэргэжлийг сонгосон.

Манай сургууль анх байгуулагдахдаа цэргийн инженерийн сургууль байсан. Тэгэхээр заавал “Bachelor of Science”-тай тѳгсдѳг. Тэгээд би ѳѳрийгѳѳ сорьё гэж бодоод механик инженерийн “Minor” авсан. Инженерчлэл гэдэг бол тооцоотой нарийн мэргэжил учраас ирээдүйд хэрэг болох байх гэж анх сонгосон юм.

Ахлах сургуульд байхдаа хичээлээс гадуурх үйл ажиллагаа, олимпиадын бэлтгэл зэрэгт хамрагддаг байсан уу?

Англи хэлний олимпиадын бэлтгэлд явдаг байсан. Хэд хэдэн олимпиадаас медаль түүсэн байх аа. Одоо сайн санахгүй л байна.

Ахлах сургуульдаа гаргаж байсан хамгийн том амжилт тань юу вэ?

Миний хувьд хамгийн том амжилт гэвэл Сант сургуулийг тѳгссѳн маань байх. Яалт ч үгүй том амжилт. Би Сантад орохоосоо ѳмнѳ хичээл номонд хайхрамжгүй ханддаг байсан. Тэгээд аравдугаар ангидаа Сантад орж ирээд (тухайн үед арван нэгэн жилээр тѳгсдѳг байсан) мундаг мундаг багш нартаа шавь ороод, их олон давтлаганд суудаг байсан. Сараа багшийн давтлаганд суугаад л оройны 6 цагт сургуулиасаа гарна. Ер нь бүх л багш нартаа, Сараа багш, Баясаа багш, ангийн минь Батцэцэг багш, мѳн удирдлагууддаа үнэхээр баярлаж явдаг. Хэрвээ Сантад ороод хайрт багш нартаа шавь ороогүй бол ѳдийд ийм байгаа ч уу, ер нь л их бүрэнхий байх байсан.

Таны хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ зорилго юу вэ?

“Батлан хамгаалах”-д таван жилийн гэрээтэй. Гурван жил зүтгэчихсэн, одоо хоёр жил үлдсэн байна. Гэхдээ миний гол зорилго бол Батлан хамгаалахын салбартаа өчүүхэн ч болов хувь нэмэрээ оруулж, барууны түвшинд авчрах явдал юм.

Хамгийн чухал холын зорилго, мѳрѳѳдлийнхѳѳ талаар дурдаач?

Надад байсан, олдсон боломжийг хойч үе болсон ирээдүйн залуучууддаа бүрдүүлж өгөх. Энэ нь мэдээж тѳр засгийн бодлогын чанартай. Ер нь хүн ѳѳрѳѳ ѳѳрийгѳѳ хичээгээд сайхан амьдрах бүрэн боломжтой. Гэхдээ ганц амьдрахдаа хүн ѳѳрийгѳѳ болгоод, гэдсээ илээд амьдарч юу хийхэв. Миний хувьд ганц олдох амьдралдаа хүн болж тѳрснѳѳрѳѳ нийгэмд хариуцлагатай амьдрах ёстой л гэж боддог доо.

Нэгдсэн Үндэсний Байгууллагад ажиллаж байсан гэсэн. Тэр талаараа дурдаач?

Эхлээд нэг сар дадлагаар ажиллаж байгаад гайгүй үнэлэгдсэн үү мэдэхгүй ажлын санал ирсэн. 2017 онд их сургуулиа тѳгсөөд, 084-р ангидаа ажиллах зорилго ѳвѳртлѳѳд эх орон руугаа буцах тасалбараа авчихсан байлаа. Тухайн үед НҮБ-ын үйл ажиллагааг сонирхож, New York-д байсан боломжоо ашиглаад, ирээдүйд армиас гараад гадаад харилцаанд зүтгэвэл яах бол хэмээн Бүрэн Эрхт элчин сайдтай очиж уулзсан. Арван нэгэнд буцах ёстой байсан ч өмнөх өдөр нь уулзаад, “Дадлагаар ажиллах боломж байдаг юм уу?” гэж асуутал “Боломжтой. Чи хүсвэл маргааш ч дадлагаар ажиллаж болно шүү дээ” гэсэн. Ер нь хүн болгонд ийм боломж олддоггүй байх гэж бодоод, гэр бүлийхэнтэйгээ зѳвлѳлдтөл, “Чи чинь мангар юм уу? Ийм боломж дахиж олдохгүй ээ, наанаа үлд” гэхэд нь шууд нислэгээ хойшлуулаад, гялс хэдэн цагаан цамц, костюм олж аваад ажилдаа орсон доо.

Гадаадад хүнд хатуу нөхцөлд ажиллаж, сурч байхад ямар бэрхшээлүүд тулгарч байсан бэ?

Хүмүүс бэрхшээлтэй, хэцүү гэж ярьдаг. Надад мэдээж хэцүү санагдсан үе байгаа. Манай сургуульд байсан бүх л сонсогч нар яг адилхан бэрхшээлүүдийг даван туулж байгаа шүү дээ. Тиймээс онцгойлж ярих зүйлгүй.

Хэрэв та ахлах ангидаа буцаад очсон бол юуг ѳѳрѳѳр хийх байсан бэ?

Цаг хугацааг ухрааж ѳѳрчлѳх, харамссан юм байхгүй. Ер нь ямар нэгэн юмыг тэнцвэртэй авч явах нь л чухал. Хичээл хийх үедээ хичээлээ хийгээд, зугаацах үедээ зугаацах хэрэгтэй. Би ѳѳрѳѳ гайгүй тэнцвэрээ бариад явсан гэж боддог учраас харамсаад байх юм огт байхгүй дээ.

Доод үеийнхээ дүү нарт нэгэн алтан зѳлѳмж үлдээгээч?

Холын зорилготой бай. Зорилгодоо хүрэх тѳлѳвлѳгѳөтэй байгаад тэрийгээ гүйцэтгэх хэрэгтэй. Цэргийн хэллэгээр, “300м, 100м, 50м бай” гэж ярьдаг. Тэр нь чиний зорилгууд. Зорилгодоо хүрэхдээ дотор нь жижиг жижиг зорилт тавиад түүндээ хүрэх хэрэгтэй.

Ѳмнѳ дурдсанчлан нийгмийн хариулцлагатай байх ёстой. Би багаасаа л улс төрд зүтгэх зорилготой байсан. Тийм ч учраас одоо гаргаж байгаа шийдвэрүүд маань тэр том зорилгодоо хүрэх шат нь. Ажил мэргэжлээ сонгох, туршлагаа бүтээх ирээдүй хэтийн тѳлѳвлөгөө бүхэн хоорондоо уялдаатай. Тиймээс дүгнээд хэлэхэд зорилготой бай, түүнээсээ битгий няц, тэмц гэхдээ тэнцвэрээ олох хэрэгтэй.

“Self-reflection” гэж хэлдэг юм даа. Ѳѳрийгѳѳ үнэлээд давуу, сул тал гээд бүхий л талаа ойлгож үнэл. Хамгийн түрүүнд хүн ѳѳрийгѳѳ таньж байж л цааш хѳгжинѳ, тиймээс ѳѳрѳѳ ѳѳртэйгээ харьцаж сураарай.

Та мэдээж их олон ном уншиж судалсан хүн. Биднийг заавал уншаасай, үүнийг сураад авчихаасай гэсэн номнуудаасаа санал болгооч?

Хэрэв надтай адил эдийн засаг, тѳрийн бодлогын талаар сонирхолтой бол “The Broken Ladder” гэдэг ном байна. Энэхүү ном нь, Яагаад баян ядуугийн ялгаа ихсээд байна? Тэр нь зѳв юм уу? Тѳрийн бодлого түүнд хэрхэн нѳлѳѳлдѳг талаар маш сонирхолтой, ойлгоход амархан сэтгэл зүй талаасаа тайлбарлан ѳгүүлдэг.

Харин таашаан унших ном гэвэл “Exhalations” байна. Амьдралын зорилго, утга учрын талаар шинэ ѳнцѳг, ойлголт ѳгсѳн философийн талаасаа бичсэн ном байгаа. Энэ хоёр номыг санал болгож байна.

Таны нэг ѳдѳр хэрхэн ѳнгѳрдѳг вэ?

Мэдээж цэргийн амьдрал энгийн амьдралаас ондоо. Ямар ч үед дуудагдахад бэлэн байх хэрэгтэй. Энд манай Монгол улсын цэргүүд нэр хүндтэй, түүнийгээ ч ѳргѳж явах хэрэгтэй. Улсын нууц, NATO-ийн дотоод мэдээлэл учраас тийм их дэлгэрэнгүй ярьж чадахгүй нь. Гэхдээ ер нь нойргүй үедээ нойргүй, хоолоо идэх үедээ хоолоо идээд л байнгын бэлэн байдалд байдаг даа.

Та ямар нэг зүйлийг сурах ѳѳрийн гэсэн арга барилтай юу?

Миний хувьд “Repetition learning” буюу давтан цээжлэх арга буруу санагддаг. Ямарваа юмны учир шалтгааныг нь ойлгож сурвал үлдэцтэй. Тэгэхээр юм сурч байгаа, ер нь ямар ч асуудалтай учирсан “Яагаад?” гэсэн асуултыг асууж сурах хэрэгтэй. Жишээлбэл би “West Point”-д заавал авах ёстой хүнд хүнд хичээлүүд байдаг. Тэр үед ѳѳртѳѳ наалдуулаад, ѳѳрийнхѳѳ ѳнцгийг ойлгочихвол хэзээ ч мартагдахгүй. Тэгээд ч амьдралд сурсан зүйлээ ашиглах нь чухал, харин тэгэхийн тулд маш сайн ойлгосон байх хэрэгтэй.

Сант сургуулийнхаа талаар ярилцацгаая. Сант сургуулийн давуу тал болон сул тал таны бодлоор?

Миний сурсан Сант, одоо та нарын сурч буй Сант ѳѳр. Бид нарыг их шахдаг байсан. Миний хувьд тэр нь ч зѳв гэж боддог. Шахах тусам тэр хүн хурцлагдана. Яахав хичээлээс гадуурх ажил, ер нь EQ буюу Emotional Intelligence хѳгжүүлэх үйл ажиллагаа бага байсан. Давуу талаас нь ярьвал, манай сургууль шинжлэх ухаан суурьтай, мундаг мундаг багш удирдлагуудтай, түүгээрээ ч алдартай. Ер нь тэгээд тийм нэг томоохон гэр бүл шиг байдаг учраас хүүхдүүдийн хүмүүжил талаас нь маш их анхаарч ѳгдѳг.

Сант сургуульд сурснаараа ѳѳртѳѳ тусгаж авсан гол зүйл тань юу вэ?

Ѳмнѳ хэлсэнчлэн би Сантад орохоосоо ѳмнѳ хичээл номоо чухалчилж авч үздэггүй байсан. Хоёр найзуудтайгаа гурвуулаа тэгээд л давтлаганд үлдээд суудаг байлаа. Мундагууд нь гэртээ хийнэ гээд явчихдаг, бид хэд бол чадахгүй болохоороо үлдэнэ. Ер нь бодоод байхад тууштай хатуужилтай байдал армиас биш Сантаас эхэлсэн. Ѳдѳр болгон би яг хэдэн бодлого бодчихоод харина гэж тѳлѳвлѳгѳѳ тавьж, зорилгынхоо тѳлѳѳ хичээдэг зан чанар, хүмүүжил маань эхэлсэн юм даа. Мѳн мэдээж мэдэхгүй юмаа асууна. Сараа багшаасаа очоод бодлого асуухад хэзээ ч “Чадахгүй, завгүй” гэдэг үг сонсож байгаагүй, бүр хэзээ ч. Байнгын нээлттэй маш гоёор заагаад ѳгдѳг. Бас манай Баясаа багш, “Миний хүү” гэж эхлээд л ганц хичээл ном ч биш бүр амьдрал зааж ѳгсөн. Ер нь манай багш нар бол үнэхээр мундаг, би одоо ч хүртэл Facebook-ээр холбоотой байдаг. Баясаа багш маань гоё гоё сэтгэгдэл үлдээгээд харилцдаг даа.

Ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа бүтээж байсан хамгийн гоё дурсамжаасаа хуваалцаач?

Зарим юмыг нь бас ярьж болохгүй байх. Гэхдээ миний сэтгэлд хоногшсон гэх юм бол Сант хэмээх сургуульд орсон нь миний амьдралын хамгийн зѳв алхамуудын нэг, мѳн үнэхээр мундаг залуустай тохой нийлүүлэн суугаад, тэд нараасаа суралцаад явсан нь хамгийн бахархууштай.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

Responses (2)