Sant Journal Interview#18 (Ariimaa)

Sant Journal
5 min readJun 4, 2020

--

Сайн байна уу? Энэ ѳдрийн мэндийг хүргэе. Ярилцлага ѳгѳхѳѳр болсонд баярлалаа. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач?

Сайн байна уу. Намайг Амарын Ариймаа гэдэг, Сант сургуулийг 2017 онд төгсөөд, одоогоор “McGill University”-д 3 дахь жилдээ сурч байна. Мэргэжлийн хувьд гэвэл эдийн засаг болон санхүүгийн хослосон мэргэжлээр суралцдаг.

Таны мэргэжлээ сонгох болсон шалтгаан юу байсан бэ?

Манай эгч Герман улсад эмчийн чиглэлээр сурдаг. Харин миний хувьд ямар нэгэн шинжлэх ухааны салбарт ямар ч сонирхолгүй болохоор ээж аавыгаа дагаад эдийн засагч болохоор шийдсэн.

Та Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан уу?

Анх 5-р ангиасаа хойш Англи хэлний олимпиадын бэлтгэлд тасралтгүй явсан. Мөн би сургуулийнхаа мэтгэлцээний клубын анхны гишүүдийн нэг.

Ахлах сургуульд байх хугацаандаа гаргасан хамгийн том амжилтаа гэвэл та юуг нэрлэх вэ?

2016 оны сургууль хоорондын мэтгэлцээний тэмцээнд ямар ч туршлагагүй би анх удаа оролцохдоо “Best Speaker” буюу шилдэг илтгэгчээр тодорсон маань хамгийн том амжилт.

Их сургуулийнхаа ѳргѳдлийг ер нь хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

Яахав гадаадад сурах талаар бүр багаасаа л боддог байсан. Харин TOEFL-доо анх 10-р ангид байхдаа Universal сургалтын төвд, яг өргөдөлдөө гэвэл 11-р ангийнхаа дундаас бэлдэж эхэлсэн.

Канадын их сургуульд өргөдлөө явуулахад ямар шалгалтуудыг өгдөг вэ?

Гадаад оюутнуудаас ер нь Англи хэлний түвшин тогтоох шалгалт болох TOEFL болон IELTS-н оноог шаардана. Харин бусад бүх шалгалтуудын оноог сурагчид сонголтоороо явуулж болно.

Танай их сургууль бусад сургуулиас юугаараа онцлог болохоор нь та сонгож өргөдлөө явуулсан бэ?

Манай сургуулийн байршдаг “Quebec” муж нь Англи болон Франц хэлийг хослуулан хэрэглэдэг нь сонирхолтой. Мөн манай “McGill University”-д ерөнхийдөө хүссэн ямар ч мэргэжлээрээ сурах боломжтой, вэбсайт дээр нь байхгүй байсан ч бараг очсон хойноо шинэ мэргэжил нээх боломжтой байдаг нь надад таалагдсан.

Анх очоод хэлний бэрхшээл хэр их байв?

Англи хэл бол асуудалгүй, харин Франц хэлээ очоод л сурсан. Манай сургуульд ер нь Франц сурагчид их байдаг. Тийм болохоор анх очиход Франц хүүхдүүд нь хоорондоо, Америк хүүхдүүд нь хоорондоо нийлдэг байсан нь жаахан тиймэрхүү. Гэхдээ одоо бол ямар ч асуудалгүй.

Ѳргѳдлийн үйл явцын үеэр олон олон саад бэрхшээлүүд гарч ирдэг. Та ер нь яаж үүссэн бэрхшээл, стресстэй хэрхэн нүүр тулдаг байсан бэ?

Бэлдэх үедээ ихэвчлэн найзуудтайгаа хамт суугаад ярилцдаг, дээрээс нь гэр бүлийнхэн маань дэмждэг байсан болохоор учиргүй стрессдэх үе огт гараагүй.

Сургуулийн тань хариу ирэхэд ямар мэдрэмж авсан бэ?

Би ерөнхийдөө 4 сургууль руу өргөдлөө явуулснаас гуравт нь тэнцсэн. Гэвч хамгийн эхний, хамгийн хүсч байсан сургуулиасаа тэнцээгүй гэсэн хариу авсан болохоор бусад гурвынхаа хариуг хараад, “За ашгүй дээ” гэж бодсон.

Хэрэв танд тэнцээгүй гэх хариу ирсэн бол өөр сонголт байсан уу?

“McGill University”-н хариу маань 6 сарын эхээр ирэхэд би ер нь өмнө тэнцсэн “Macalester college”-д орно гэж бодож байсан л даа. Дээрээс нь Канадын визны асуудал маш чанга байсан учир шийдвэрээ гаргахад их л юм болсон. Ямар ч байсан тэнцээгүй бол “Macalester college”-г зорих байсан.

Танай их сургууль ер нь таны явуулсан өргөдлөөс юуг голчлон харж тэнцүүлсэн гэж боддог вэ?

“Personal Statement” шаардаагүй болохоор ерөнхийдөө ахлах сургуулийн дүнгийн дунджийг маань илүү харгалзсан байх гэж бодож байна. Би өөрөө 4 GPA-тэй төгссөн.

Их сургуульдаа тэнцээд ямар хүлээлттэй байсан бэ?(Сургуулийнхаа болон Канадын талаар)

Ер нь анхнаасаа ганцаараа амьдарна, бүх юм шинэ байна гэж бодоод их догдлолтой очсон. Харин сургуулийнхаа хувьд гэвэл 40000 гаруй сурагчидтай болохоор битүү бужигнасан газар байх нь гэж бодсон чинь яг л санаснаар байсан.

Их сургуульдаа ороод бүтээсэн таны хамгийн гоё зүрхэнд хоногшсон дурсамж юу вэ?

Канадад өвлийн улиралдаа айхтар их цас ордог. Харин би өөрөө цасанд дургүй. Гэхдээ нэг өдөр хичээлээс болж үүссэн бухимдлаа тайлах гэж сургуулийнхаа ард талын битүү цастай уулын орой хүртэл алхаж байсан. Тэр үед цаг агаар ч сайхан байсан болохоор сэтгэл сэргээд л явчихсан.

Танай сургууль руу заавал өргөдлөө явуулахад хүргэх томоохон шалтгааныг нэрлээч?

Ерөнхийдөө асар олон сурагчидтай болохоор дотроо өрсөлдөөн ихтэй. Тэр ч утгаараа өөрөө хичээж чадвал сургуулиасаа авах зүйл маш олон. Цагийн ажил олоход туслах, дотоодын болон гадаадын байгууллагуудад дадлага хийх боломж олгох гэх мэт сурагчид руугаа чиглэсэн олон хөтөлбөртэй.

Ойрын хугацаанд та юуг хийхээр тѳлѳвлѳж байгаа вэ?

Сургуулиа амжилттай төгсөөд сайн ажлын байран дээр гарах төлөвлөгөөтэй байгаа.

Тэгвэл холын зорилго, мѳрѳѳдлөөсөө хуваалцаач?

Би ер нь хэт холын зүйлийг төлөвлөөд байдаггүй. Ойрын зорилго маань хүртэл өөрчлөгдөх хандлагатай байдаг учир бага багаар зорилго тавиад л явдаг даа.

Гадаадад сурахад ямар бэрхшээлүүд таны хувьд тулгарсан бэ?

Сантад бүхэл бүтэн 12 жил сурахдаа өөрийн гэсэн нэг гэр бүл, хүрээллийг бий болгочихсон байлаа. Харин огт таниж мэдэхгүй газар оронд ирэхээрээ хажуунаас түших хүнгүй болохоор эхэндээ нэлээн л ганцаардаж байсан.

Канадад сурч буй оюутны амьдрах өртөг хэр их байдаг вэ?

Миний бодлоор бусад улс орнуудтай харьцуулахад бол бага. Байрны түрээсийн мөнгө, хоол хүнс болон бусад хэрэгцээний зүйлсийг бүгдийг нь нийлүүлэхэд нэг сарын 1000$ оюутан хүнд бол хангалттай.

Харин эсрэгээрээ гадаадын их сургуульд сурахын давуу тал нь юу байдаг юм бол?

Энд ирээд мэдээж хувь хүний хариуцлага, биеэ даахад суралцсан. Түүнээс гадна огт танихгүй хүнтэй юуны ч талаар ярилцах чадвартай, нэг ёсондоо их нээлттэй болсон.

Хэрэв та ахлах ангидаа буцаад очсон бол цагаа юунд шинээр зарцуулах байсан бэ?

Би ер нь уран зохиолын ном унших их дуртай. Энд болохоор хичээлийн ном, ажил мэргэжилтэй холбоотой номнуудаа уншаад л таарч байгаа. Тиймээс ахлах ангидаа буцаад очвол өөрийн дуртай номнуудаа бүгдийг нь уншиж дуусгана даа.

Өдөр тутамдаа өөрийгөө хэрхэн хөгжүүлдэг вэ?

Миний хувьд хэлэнд их сонирхолтой. Тийм болохоор одоо бие дааж Франц болон Япон хэлийг сурах гэж оролдож байна. Тэрнээс гадна өдөр тутамд өөртөө тавьсан жижиг жижиг зорилгоо биелүүлээд явахыг хичээдэг.

Доод үеийнхээ дүү нарт нэгэн алтан зѳвлѳмж үлдээгээч гэвэл юу гэж хэлэх вэ?

Аливаа юмыг олон талаас нь харж үзээрэй гэж хэлье. Жишээлбэл би нэг номыг 5 удаа уншаад таван өөр ойлголтыг авсан тохиолдол байдаг. Тэгэхээр юмыг анхны сэтгэгдлээр дүгнэж болохгүй, бүх зүйлс олон талтай байдаг шүү.

Өөрийн зүгээс гоё унших ном санал болгооч?

Одоо яг санаанд орж байгаа хамгийн гоё ном гэвэл Dan Brown зохиолчийн “Da Vinci Code”, бас Arthur Golden зохиолчийн бичсэн “Memoirs of a Geisha”. Их сонирхолтой хоёр зохиол.

Англи хэлийг анх хэдэн настайгаасаа сурч, цаашлаад хэрхэн сайжруулсан бэ?

Би цэцэрлэгт яваагүй болохоор гэртээ Англи хэлтэй Disney-н хүүхэлдэйн кинонууд үзээд суучихдаг байлаа. Харин дараа нь сургуульд ороод Англи хэл анх үзэхэд надад их таалагдсан болохоор цааш сурсаар байгаад л сайжруулсан даа. Түүний хажуугаар тавдугаар ангиас хойш манай ээж ажлаасаа ирэхдээ TOEFL-н үгнүүд хэвлээд авчирдаг байсан нь хожим TOEFL-н бэлтгэл болсон гэж хэлж болно.

Таны хувьд аливаа зүйлийг сурах өөрийн гэсэн арга барилтай юу?

Юмыг удаан хугацааны турш сурна гэвэл би дундаас нь хаях магадлал ихтэй. Тийм болохоор аливаа зүйлийг хийхээр шийдсэн бол тодорхой хугацаанд өөрийгөө шахаж байж дуусгадаг.

Сантын бусад сургуулиас ялгарах давуу болон сул тал юу вэ?

Давуу тал гэвэл манай Сантын багш нар их олон цагаар ажилладаг ч гэсэн сурагчиддаа анхаарал хандуулж чаддаг. Тиймдээ ч багш сурагчдын хоорондын харилцаа сайн байдаг. Харин одоо бодоход бидний үед янз бүрийн хичээлээс гадуурх үйл ажиллагаа харьцангуй бага байсан гэж санагддаг даа.

Таны хувьд Сант сургуульд сурахад ямар давуу талтай вэ? Та ѳѳртѳѳ ямар ямар зүйлсийг сурч авсан гэж боддог вэ?

Миний хувьд дэг журам, хариуцлага, хүндлэл гэх зүйлсийг маш сайн ойлгосон. Сургуулийн багш, жижүүр, эсвэл цэвэрлэгч ч бай сурагчдынхаа төлөө л ажилладаг болохоор тэднийг хүндлэх ёстой. Мөн ямар нэгэн дүрмийг баримтлах, юмыг цагт нь хийж чанартай гүйцэтгэхийг харин ч нэг сурч авсан.

Сантад суралцаж байх хугацаанд бүтээсэн тэр нэг зүрхэнд хоногшсон хэзээ ч үл мартам дурсамжаасаа хуваалцаач?

Жил болгоны 9 сарын нэгний өдөр надад хамгийн их дурсамжтай байдаг. Намрын шар навчис газраар хөглөрчихсөн, сургуулийн хашаанд бөөн хүүхдүүд бужигнаад, багш нар маань нэг нэгээрээ үг хэлж байхыг харахаар л сэтгэл дүүрээд явчихдаг даа.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet