Sant Journal Interview#19
Сайн байна уу? Танд энэ ѳдрийн мэндийг хүргэе. Өѳрийгѳѳ товч танилцуулаач?
Намайг Батсайханы Марал гэдэг. 2018 онд Сант сургуулийн 12А ангийг төгссөн, одоогоор Япон улсын засгийн газрын тэтгэлгээр “Osaka University”-д эдийн засаг болон бизнесийн хослосон мэргэжлээр суралцаж байгаа.
Энэхүү мэргэжлийг яагаад сонгох болсон бэ?
Ахлах ангид байхдаа ерөнхийдөө академик талдаа анхаараад явдаг байсан болохоор яг “Би юунд дуртай вэ?” гэдгээ олоогүй байсан. Тиймээс өөрийн илүү сонирхдог математик болон хэлний хичээлүүдээ авч үзээд, гэрийхэнтэйгээ зөвлөлдөж байгаад эдийн засгийн чиглэлийг сонгосон. Мөн энэхүү мэргэжил маань бусад аль ч салбар луу хөрвөх суурь, боломж нь болдог.
Та Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл болон хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан уу?
Анх 10-р ангидаа сургуулийнхаа мэтгэлцээний клубт орж байсан маань ер нь цаашдаа олон олон тэмцээн уралдаанд оролцох эхлэл минь болсон. Сургууль хоорондын мэтгэлцээний тэмцээн, мөн Нидерланд улсад зохиогдсон Олон Улсын Загвар Шүүх Хурал(International Moot Court)-д орж байсан. Мөн сургуулийнхаа Англи хэлний олимпиадын бэлтгэлд тодорхой хугацаанд явсан.
Ахлах сургуульд байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилтаа гэвэл та юуг нэрлэх вэ?
Арваннэгдүгээр ангид ормогцоо мэтгэлцээний клубын дэд ерөнхийлөгч(Vice president) болсноо мэдээд айхтар балмагдаж, сандарч байсан. Гэвч бүхэл бүтэн клубыг хариуцаж, зохион байгуулах том хариуцлагыг хүлээж аваад, хариуцлага, манлайлал гэх зүйлсийг тэндээс олж авсан болохоор хамгийн том болоод нандин амжилт.
Таны хувьд яагаад Японы их сургуулийг зорих болсон бэ?
Ахлах ангид байхад ерөнхийдөө хүүхдүүд мэтгэлцээний клубт байдаг бол Америкийн сургуулиуд руу л өргөдлөө явуулна гэсэн ташаа ойлголттой байсан. Тэр үед би яг тийшээ явна гэж шийдээгүй, бүгдийг нь бага багаар судлаад явж байхад манай аав Японы “Монбушо” шалгалтын талаар зөвлөсөн. Тэнцсэн хүүхдүүдийн сургалтын төлбөрийг 100% даагаад, сар бүр нэмэлт тэтгэлэг өгдөг нь надад алдаж болохгүй боломж гэж санагдсан болохоор шалгалтаа өгөөд тэнцэж байсан.
“Монбушо” шалгалтандаа хэзээнээс, хэрхэн бэлдэж эхэлсэн бэ?
Энд ирээд танилцсан Монгол хүүхдүүдийн яриаг сонсоход бүр ахлах ангид орсноосоо хойш бэлдэж эхэлсэн гэдэг. Харин миний хувьд нэлээн орой буюу 12-р ангийнхаа хоёрдугаар сараас эхэлж шаргуу бэлдсэн. Сант сургуулийн сурагч болохоор ер нь математик, англи хэлдээ бол тийм ч их санаа зовоогүй. Бас бид нарыг төгсөх ангид ороход өдөр болгон шахуу ЭЕШ-н тест хийлгэдэг байсан нь богино хугацаанд их зүйл амжуулахад сургасан. Дээрээс нь хамт “Монбушо” өгөх найзуудтайгаа бэлдэж, мэдэхгүй зүйлсээ багш нараасаа асуугаад л явдаг байсан даа.
Тэгвэл тэнцсэнээ мэдээд ямаршуу байдлаар хүлээн авч байв?
Тэр их гэнэтийн тохиолдол. Би ер нь өглөө эрт босоод байдаггүй, нэг өглөө харин дүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөх хэрэгтэй болоод гэртээ буцаж ирээд байж байхад нэг танихгүй дугаараас залгаж таарсан. Би ч юм бодолгүй аваад ярьсан чинь өөдөөс Японы элчин сайдаас нэг дипломат хоолойгоор “Монбушо”-д тэнцсэн гэдгийг минь хэлсэн. Хариу нэлээн удаж байж 12 сард ирдэг болохоор маш их хүлээсэн хүлээлтийнхээ хариуг авсан тэр өдөр бараг хамгийн сайхан өдөр байсан даа.
Танай их сургууль бусад сургуулиас юугаараа онцлог болохоор нь сонгосон бэ?
Osaka University” нь Японы эзэн хааны гэгддэг 7 сургуулийн нэг учир өндөр нэр хүндтэй. Бас миний яг зорьж байсан эдийн засаг болон бизнесийн хосолсон хөтөлбөртэй бараг ганц сургууль байсан болохоор нь сонгосон.
Анх очоод хэлний бэрхшээл хэр байв?
Өмнө жил би ирээд хэлний бэлтгэлд нэг жил хамрагдсан. “Монбушо”-д тэнцээд Японд ирснийхээ дараа яг хэл дээр нь бас нэг том шалгалт өгдөг болохоор хэл ер нь их чухал.
Одоо “Монбушо” өгөх гэж байгаа 12-р ангийн Монгол сурагчийн хувьд танай их сургуулийг сонгох шалтгаан юу вэ?
Мэдээж эзэн хааны сургууль гэдэг утгаараа сурагчид нь ихээхэн нэр хүндтэй, төгсөөд том компаниудад ажиллах боломж өндөр. Дээрээс нь манай сургууль Осака хотдоо бараг бас нэг хот шиг хэмжээний 3 кампустай, том хэмжээний хүрээлэлтэй. Бас гадаад сурагчдаа маш ихээр дэмждэг, сар бүр тэтгэлэг өгөх, гадаад сурагчдын уулзалт зохион байгуулах гэх мэт.
Таны хамгийн ойрын болон холын зорилго?
Энэ зундаа уг нь дэлхийн зарим улсуудаар аялана гэж бодож байсан ч өвчин гарсан болохоор Япон дотроо өөрийн бие даасан анхны аялалыг хийхээр шийдсэн. Харин холын зорилго гэвэл дөрвөн жилийн дараах өөрийгөө, хаана амьдарч, ямар ажил хийдэг хүн болохыг олохыг зорьж байна даа.
Гадаадад сурахад ямар бэрхшээлүүд таны хувьд тулгарсан бэ?
Энд ирэхээсээ өмнө гэрийнхэнтэйгээ амьдарч байсан болохоор 100% биеэ дааж сураагүй байсан. Харин ганцаараа амьдраад бүх юмаа өөрөө зохицуулаад явахаар заримдаа сайхан санагддаг ч заримдаа тэр их хариуцлага дунд бага зэрэг хэцүү байсан.
Тэгвэл Японд сурахын давуу тал нь юу байдаг юм бол?
Ямар ч улсад очиход ер нь тэр улсынхаа соёлд гүн суралцдаг. Япон улсын хамгийн чухал соёл бол яалт ч үгүй цаг баримтлах. Эндхийн метро хүртэл яг заасан цагтаа ирдэг, хэдхэн минут хоцроход л яваад өгдөг болохоор ямар нэг ажлаа амжуулах хамгийн чухал зүйл болох цаг баримтлахад суралцдаг.
Хэрэв та ахлах ангидаа буюу 10 дугаар ангидаа буцаад очсон бол цагийг юунд зарцуулах байсан бэ?
Эндхийн хүүхдүүд бараг бүгд л ахлах ангид байхдаа ямар нэг спортын болон урлагын олон төрлөөр хичээллэсэн байхад миний хувьд академик талдаа л анхаардаг байснаа анзаарсан. Хэрэв 10-р ангидаа буцаад очиж болдог бол би заавал нэг спортын төрлөөр зорьж хичээллэнэ.
Доод үеийнхээ дүү нарт нэгэн алтан зѳвлѳмж үлдээгээч гэвэл юу гэж хэлэх вэ?
Оюутнууд ер нь “Ингэж байхгүй яав даа” гэж хэлэх нь олон. Тиймээс арван жилийн сурагч байхдаа өөрт олдсон бүхий л боломжийг цаг алдалгүй ашиглаж, шинийг эрэлхийлж байгаарай гэж хэлье.
Гоё унших ном санал болгож зѳвлѳвѳл?
Cүүлд уншсан номоо зөвлөе, “Freakonomics”. Энэ нь ерөнхийдөө эдийн засгийн ном ч гэлээ амьдарлыг харах асар өөр өнцгөөр, онцгой хэв маягтай бичсэн, мөн их сонирхолтой фактуудыг оруулсан болохоор хувь хүний хөгжилд ч мөн хэрэгтэй гэж бодож байна.
Таны хувьд өөрийн гэсэн сурах тусгай арга барилтай юу?
Ер нь ихэнх хүмүүс нэг зүйлийг хэт удаан хийгээд байхаар уйдчихдаг. Миний хувьд жишээ нь урт хугацааны ажил хийхээр бол “50 10” буюу 50 минут тууштай сууж хийгээд, дараагийн 10 минутад нь хүссэнээ хийдэг арга барилтай. Тодорхой хугацаанд хийж буй ажлаа завсарлаад шал өөр зүйл хийж байгаад буцаад ирэхэд тухайн ажлынхаа үнэ цэнийг илүү сайн мэдэрч, хийж хүсэл нэмэгддэг.
Сантын бусад сургуулиас ялгарах давуу болон сул тал юу вэ?
Сант сургуулийн унаган сурагч болохоор давуу талаас нь эхлэе. Мэдээж академик талын хувьд бол ярилтгүй Монголын топ сургуулиудын нэг мөн. Тэрнээс гадна Сантын сурагчдын хүрээлэл нь өөрөө хамгийн том давуу тал гэж санагддаг. Бүгд томоор сэтгэж, дэлхийн хэмжээний хүсэл зорилго тавьдаг. Харин сул талыг ер нь төгсөгч бүр л хэлэх байх. Академик талын сургалт шигээ сайн хичээлээс гадуурх үйл ажиллагаа байхгүй. Дан ганц спорт болон урлагын хувьд ч биш, шинэ жил, багш нарын баяр гэх мэт сурагчдын идэвхи түлхүү орсон зүйлсийг зохион байгуулах тал дээр анхаарч чадвал хамгийн шилдэг сургууль.
Сантад суралцаж байх хугацаанд бүтээсэн тэр нэг зүрхэнд хоногшсон хэзээ ч үл мартам дурсамжаасаа хуваалцаач?
Төгссөний дараа сургууль дээр зөвхөн 12-р ангийнхан ЭЕШ-д бэлдэх гэж үлддэг. Харин яг анхны ЭЕШ-н өмнөх өдөр манай ангийн эрчүүд нууцаар баахан ‘Бамбар’ зайрмаг оруулаад ирчихсэн байсан. Тэгээд л бөөнөөрөө зайрмаг идээд, инээлдээд суусан хичээлийн хамгийн сүүлчийн тэр өдөр хамгийн нандин санагддаг.