Sant Journal
7 min readSep 16, 2020

Sant Journal Interview#21

Сайн байна уу? Танд ѳдрийн мэндийг хүргэе. Ярилцлага ѳгѳхѳѳр болсонд баярлалаа. Та ѳѳрийгѳѳ товч танилцуулаач.

Намайг Төгсбаясгалан гэдэг. Сант сургуульд 1-р ангиасаа суралцсан ба 9-өөс 11-р ангидаа Америкийн сургуульд сурна гээд бэлдэж байгаад 12-р ангидаа гэнэт Солонгос руу явах боломж байгаа, мөн тэнд сурах нь илүү сонирхолтой гэдгээ мэдээд тэнд суралцахаар болсон. Одоо Сөүлийн Үндэсний Их Сургууль-д сэтгэлзүйн чиглэлээр 1-р курст суралцаж байна.

Яагаад Солонгос улсыг сонгосон бэ?

Сэтгэлзүйч болох талаар дунд ангид байхаасаа хойш бодож байсан, гэхдээ яг баттай үүгээрээ явна гэдэгтээ итгэлгүй, бас ямар ажил хийхээ сайн судалж үзээгүй байсан. Азид гэхдээ сэтгэлзүйн салбар сайн хөгжөөгүй гэж хэлж болно.Тиймээс мастер хийхээр бол барууны орнууд руу очиж хийнэ гэж бодож байгаа.Тэгснээрээ Ази, барууны орнуудын хооронд яг ямар ялгаа байна, аль талдаа хөгжих хэрэгтэй байна гэдгийг нь судалж үзвэл илүү олон өнцгөөс харж, туршлага судалж болох юм байна гэж бодсон.

Та Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх ажиллагаанд хамрагддаг байсан уу?

Би 9-р ангиасаа төгсөх хүртлээ Мэтгэлзээний клубт явсан. Сургуулиас гадуур бол юманд хамрагдаж байгаагүй.

Мэтгэлзээний клубт явсан туршлага тань их сургуульд ороход хэрэг болсон уу?

Маш их хэрэг болсон. Солонгост хичээл дундуураа ямар нэг presentation тавих шаардлагатай болдог.Харин Солонгосын ахлах сургуулиудад presentation тавиулдаггүй юм байна гэж ойлгосон. Тэрнээсээ болоод хүүхдүүд их сандраад, бэлдсэн юмаа бүтнээр нь гаргаж чадахгүй байх тохиолдол их байсан. Харин би мэтгэлзээд сурчихсан болохоор янз бүрийн талаас нь хараад, яг ингэж илтгэх юм бол багшдаа сэтгэгдэл үлдээх юм байна гэсэн мэдлэг байсан. Бас мэтгэлзээн нь бичих чадварыг давхар сайжруулж өгдөг учраас report бичих зэрэг нь харьцангуй амар санагддаг.

Ахлах сургуульд байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт гэвэл та юуг нэрлэх вэ?

11-р ангидаа мэтгэлзээний багаараа Монголоо төлөөлж Нидерланд луу Олон Улсын Хуулийн тэмцээнд явж байсан. Яг багаараа хэддүгээр байранд орсноо бол санахгүй байна. Гэхдээ аягүй их юм сурсан болохоор үүнийг хамгийн том амжилт гэнэ дээ.

Тэгвэл тэндээс сурсан зүйлсээсээ хуваалцаач?

Манай гэрийнхэн дунд хуулийн чиглэлээр явдаг хүмүүс их байдаг болохоор багаасаа л хуулийн талаар их сонирхолтой байсан. Тэгээд хуулийн тэмцээнд явна гэхээр цаанаасаа их догдолсон. Хамгийн том сурсан зүйл гэвэл, мэтгэлзээний хувьд бол хоолойны өнгө аясаараа хүний сэтгэлд хэрхэн хүрэх, мэдрүүлэх нь их чухал байдаг. Хууль дээр бол сэтгэл ямар ч хамаагүй, гаргасан point-оо л сайн гаргах нь чухал, бас их албан байдгаараа мэтгэлзээнээс их ялгаатай байдаг юм байна гэдгийг ойлгож авсан.

Их сургуулиудад ѳргѳдлөө явуулах үйл ажиллагаа гэдэг ѳѳрѳѳ нилээн ээдрээтэй том даваа шүү дээ. Тиймээс та ер нь хэзээнээс ѳргѳдлөө бэлдэж эхэлсэн бэ?

Өмнө хэлсэнчлэн ахлах ангидаа Америк явна гээд бодчихсон байсан. 12-р ангидаа өөр ямар ч юм бодох завгүй өргөдлөө бэлдсэн. Нэг долоо хоног ширээнийхээ араас босолгүй бэлдэж байснаа аягүй сайн санадаг. Яг тэгж сууж байх үед ээж маань ирээд Америк руу явж сурах нь их үнэтэй, амьдралын зардал ихтэй, тиймээс тэр талаасаа Ази, тэр дундаа Япон яваач гэж их хэлсэн. Тэгээд Японийг судлаад үзтэл миний сонирхож байсан сургуулиуд руу явахад насанд хүрчихсэн байх шаардлагатай байдаг юм билээ. Тэгтэл би 16-тай төгсөх байсан юм. Тэгээд цааш судлаад Солонгос руу явбал зүгээр юм байна гэж мэдсэн. Солонгосын өргөдөл явуулах үйл явц нь Америктай их төстэй, гэхдээ тэтгэлэгт хамрагдахад бөглөдөг анкет байдаггүй. Бас study plan бичүүлж авдаг ба барууны орнуудаас ялгаатай нь академик амжилтанд их анхаардаг. Study Plan гэдэг нь яг яагаад манай сургуулийг сонгосон, яагаад тухайн мэргэжлээ сонгосон, энэ мэргэжлээ сонгоод манай сургуульд сурснаар та яг юу хиймээр байгаа талаараа бичдэг. Жишээлбэл би 1-р курстээ суурь мэдлэгээ сайжруулна, 2-р курстээ ийм чиглэлээр суралцаад, ийм paper бичнэ гэх мэтээр бичсэн. Тэр Study Plan-аас нь тэр сургууль, чамайг тэр чиглэлдээ хэр их passionate байгааг нь хардаг.

Эсээгээ бичих inspiration-ээ хаанаас авсан бэ?

Би багаасаа ном бичдэг байсан. Ном ч гэлтгүй толгойд орж ирсэн ямар ч бодлоо бичээд байж байдаг дэвтэр байдаг байсан.​ ​7-р ангиасаа хойш дуусгасан 10-аад дэвтэр байдаг. Ном бичнэ гэдэг яг суугаад бичдэг юм биш, янз янзын өдөр болгон анзаарагдсан юмаа бичдэг. Бусад хүүхдүүдээс ялгарч байсан юм гэхээр тэр л орж ирж байсан болохоор түүн дээрээ тулгуурлан эсээгээ бичсэн. Манай сургууль study plan, академик амжилтууд, бас Personal Statement маягийн 3 эсээ бичүүлдэг. 3-ууланг нь 1200–1400 хавьцаа үгтэй бичсэн.

Сөүлийн Үндэсний Их Сургуульд ороход ямар шалгалтууд өгдөг вэ?

Монгол хүүхдүүд өргөдлөө явуулбал International Application A, буюу Солонгосын иргэншил байхгүй төрөлдөө ордог. Зүгээр л өргөдлөө онлайнаар явуулаад, хойноос нь өргөдлөө бүрдүүлсэн материалаа post office-аар явуулахад болдог. Харин Солонгосын иргэншилтэй хүмүүс бол ярилцлаганд ордог. Би ярилцлаганд орохоороо их сандраад байдаг учраас байгаагүйд нь их баярласан. Өгөх шалгалтууд гэвэл TOPIK өгч болно, гэхдээ солонгос хэл сайн мэдэхгүй бол IELTS, TOEFL өгч болдог. Солонгост шинэ хичээлийн жил 3 сард эхэлдэг. Өргөдлөө өгч, визээ хөөцөлдчихөөд би 9 сараас 2 сарыг дуустал хэлний бэлтгэлд явсан. Хамгийн наад захын шалгуур нь TOEFL 80, TOPIK 3 байдаг. Гэхдээ Солонгосоор өдөр тутмын яриандаа бэрхшээлгүй болж байж хичээлээ ойлгодог. Надад одоо ч гэсэн хичээлээ ойлгоход жаахан бэрхшээлтэй байгаа. Хүмүүс надаас Англи хэлэндээ сайн байж яагаад заавал Солонгос явсан бэ гэж их асуудаг, гэхдээ ганцхан хэлэндээ найдаад Америк явбал надад амар байх байсан гэж би хэлж чадахгүй, яагаад гэвэл гадаад хэл бол гадаад хэл л байдаг. Тиймээс би Солонгос явсандаа харамсдаггүй.

Танай их сургууль бусад сургуулиас юугаараа онцлог вэ?

Манай сургууль нь Америкийн Ivy League гэдэг шиг SKY (SNU, KNU, YONG]SEI) гэдэг том сургуулиудын нэг. Тэр дундаа ганц улсын сургууль болохоор төлбөр нь харьцангуй бага байдаг. Гэхдээ төлбөр багатай гээд бусдаас нээх их ялгаагүй, академик талдаа Солонгост нэгт ордог. Сурах нөхцөлийг 100% бүрдүүлж чаддаг, та л хэр сайн сурах вэ гэдгээс шалтгаалдаг.

Ѳргѳдлийн үйл явц, гадаадын их сургуульд элсэх гээд олон бэрхшээл саад гарч ирдэг шүү дээ. Та ер нь үүссэн бэрхшээл, стресстэй яаж нүүр тулдаг байсан бэ?

Би 2 удаа өргөдөл явуулсан. Эхлээд 12 сард Америк руу өргөдөл явуулахад манай найзууд бүгд хамт явуулж байсан болохоор бид нар байнга бие биедээ их анхаарч, түшигтэй байсан. Туулаад л өнгөрөх ёстой зам гэж бодоод өөрийгөө зоригжуулдаг байсан. Аав ээж маань хэдий тийм нялуун хүмүүс биш ч өргөдөл явуулж байх үед миний дуртай snickers авч ирэх гэх мэт байдлаар жижигхэн зүйлсээр их дэмжлэг үзүүлдэг байсан. Ер нь хэцүү үед миний хажууд байгаасай гэж бодож байсан хүмүүс бүгдээрээ л хажууд маань байсан болохоор тэгж их шантраад байсан юм байхгүй. Харин Солонгос руу өргөдөл явуулахдаа би ганцхан л сургууль руу өргөдөл явуулсан. Бас орсон үгүйгээ мэдээгүй байж хэлний бэлтгэлд яваад суучихсан. Ер нь их эрсдэлтэй юм хийсэн болохоор доод ангийнхандаа ингэж зөвлөхгүй ээ. Чиний амьдралын гараа болохоор их нухацтай бодох хэрэгтэй шүү.

Сургуулийн тань хариу ирэхэд ямар мэдрэмж авсан бэ?

9 сарын сүүлээр хариу ирсэн. Яг хэлний бэлтгэлийнхээ 3-р цагийн завсарлагаанаар гартал гадаа их бүрхэг, аймаар өдөр байсан. Тэгээд сайт руугаа ороод харсан чинь Солонгосоор юм биччихсэн байсан болохоор сайн ойлгоогүй, гэхдээ ногоон өнгөтэй байсан болохоор итгэл төрж байсан. Тэгээд Google translate хэрэглээд харсан чинь тэнцсэн гэсэн хариу байсан. Аягүй их баярлаад, аав ээж рүүгээ залгаад “Аав, Ээж” гээд өөр үг хэлж амжаагүй байсан чинь урдаас баяр хүргэж байсан. Тэр үед би өмнө нь баярлаж байгаагүйгээрээ их баярласан. Хүн хэчнээн их хичээнэ, түүнийхээ үр шимийг төдий чинээ хүртдэг юм байна гэдгийг мэдэж авсан даа. Тэгээд би Airpods авхуулж байсан. Ер нь жижиг ч бай том ч бай аливаа зүйлд өөрийгөө урамшуулаад явах нь чухал байдаг.

Танд өөр ямар сонголтууд байсан бэ?

Өөр сургуулиуд руу өргөдөл явуулах хугацаа байсан. Бас Солонгост өөр сургууль руу явах боломж ч байсан. Гэхдээ SNU яг надад тохирох сургууль юм байнадаа гэдгийг яагаад ч юм мэдэж байсан. Тэнд үнэхээр сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхдүүд, бас тэдэнд чадахаараа заагаад өгчих юмсан гэсэн бодолтой багш профессорууд их байсан болохоор энэ сургуульд ирсэндээ маш их баяртай байдаг.

Багш нартайгаа англи хэлээр харилцдаг уу?

Багшдаа юм бичихдээ англиар бичвэл ер нь их үл хүндэтгэсэн болдог. Солонгост хүндлэл их чухал байдаг. Тэгээд ч миний хувьд ярианы солонгос хэл асуудал харьцангуй бага учраас англиар ер нь ярьдаггүй.

Их сургуулийнхаа талаар ямар хүлээлттэй байсан бэ?

Олон гадаад хүүхдүүд байгаа гэж бодож байсан ч анги болгонд би ганцаархнаа гадаад хүүхэд нь байсан. Бас эндхийн хүүхдүүд ийм их хичээл хийдэг гэж үнэхээр бодоогүй. Тэгтэл манай дотуур байрныхан харахаар бүгд л хичээлээ хийгээд чимээгүй сууж байдаг.

Солонгост очоод хэлний бэрхшээл хэр их байсан бэ?

Энд ирээд хэлний бэлтгэлд суусан нь их зөв болсон байна лээ. Яг солонгосоор заалгаад, орчиндоо сурна гэдэг их үр дүнтэй юм билээ. Тэгээд би Хэл Солилцооны клубт яваад солонгос хүүхдүүдтэй найзалж, тэдэнтэй ярилцах гэж оролдсон. Яг тэр үедээ солонгос хэлэнд төгсөрнө гэж хол байгаа юм байна гэдгээ мэдэрч байсан. Солонгос хэл нь хэлний бүтцийн хувьд монгол хэлтэй төстэй ч, нэг үг их олон утгатай байдаг гэдгээрээ vocabulary-ийн хувьд их бэрхшээлтэй байсан. Гэхдээ хэлний бэрхшээл хэнд ч гэсэн гардаг ч, өөрөө сайн хичээх тусам аяндаа багасдаг юм байна гэдгийг ойлгосон доо.

Их сургуульдаа ороод бүтээсэн таны хамгийн зүрхэнд хоногшсон гоё дурсамж юу вэ?

Би их сургуульдаа ороод удаагүй байгаа. Гэхдээ одоог хүртэлх дурсамж гэвэл анх солонгосоор 7 хуудас report бичээд багштаа үзүүлтэл “Чиний хичээсэн чинь харагдаж байна, энэ эрчээрээ яваарай” гэж хэлэхэд бараг уйлах шахаж байсан тэр мөч минь. Багш нар нь ер нь их дотно, урмын үгс харамгүй хайрладаг хүмүүс байдаг.

Та сургуулийнхаа ямар нэг клубт хамаарагддаг уу?

Коронавирусын улмаас ямар ч клубын үйл ажиллагаа явагдахгүй байгаа.

Солонгост суралцах хүсэлтэй хүмүүст зориулж зөвлөвөл?

Солонгосчууд ер нь юмийг хурдан дуусгах гэсэн, монголчууд шиг “Яаарвал даарна” гээд сууж байдаггүй хүмүүс юм билээ. Семестрийн туршид report, шалгалт гээд хийх ачаалал их байдаг. Сантын хүүхдүүд ер нь дарамтыг дааж сурсан, түүнийгээ зөвөөр давж сурсан хүүхдүүд байдаг. Тиймээс энд ирвэл тэр дарамтанд тэгж их түүртэхгүй байх. Гэхдээ ер нь Солонгост ирж сурах сонирхолтой хүмүүст хандаж хэлэхэд, яг хийнэ гэсэн юмаа хийдэг, түүндээ бүх юмаа зориулж чаддаг хүүхдүүдтэй зэрэгцээд суралцах сэтгэлийн бэлтгэлтэй байгаарай гэмээр байна.

Тэгвэл тэрхүү хурдацтай орчин танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Би ер нь аливааг тэгж түргэн шуурхай хийх дургүй болохоор анх ийм байдал нь таалагдаагүй. Гэхдээ дараа нь солонгосчуудын тэр жижигхэн жижигхэн зүйлст түүртдэггүй, юмаа хурдан хийхийн тулд эмх цэгцтэй байдлыг эрхэмлэдэг тэр чадварыг нь их хүндэлдэг болсон.

Таны “Сант”-д суралцаж байх хугацаандаа бүтээсэн хамгийн гоё дурсамж тань юу вэ?

Сант-ын хайртай багш нартайгаа байсан мөч бүхэн маань юм уу даа.Сант-д ер нь их мундаг багш нар байдаг гэж боддог.Англи хэлийг “А” үсгээс эхэлж заасан Баясаа багш, ангийн багш байсан Баянжаргал багш,төгстөл маань биднийг харж хандаж,багш хүн ямар байдгийг бүрэн дүүрэн харуулж өгсөн Золжаргал багш гэх мэтчилэн үргэлж талархаж явдаг багш нартайгаа өнгөрүүлсэн хором мөч болгоноо одоо эргээд бодохоор Сант-д сурсандаа үнэхээр их баярладаг шүү.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet