Sant Journal
6 min readOct 14, 2020

Sant Journal Interview #22

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Юуны түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?

Сайн байна уу, намайг Сайнжаргал гэдэг. Би 2019 онд Сант сургуулийг төгсөөд, нэг жил GAP year авч UC Berkeley-д тэнцсэн ба одоо биохимийн чиглэлээр суралцах гэж байгаа.

Ахлах ангидаа хичээлээс гадуурх ямар үйл ажиллагаанд хамрагддаг байсан бэ?

Би 7-р ангиасаа төгсөх хүртлээ химийн олимпиадын бэлтгэлд явсан. Бас 11-р анги төгссөн зунаа 1 сар barista хийж үзсэн. Мөн Universal төвд сайн дураараа туслах багшаар ажиллаж байсан.

Их сургуулиуд руу өргөдөл явуулна гэдэг өөрөө их том даваа шүү дээ. Тэгвэл та үүнд хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?

10-р ангиа төгсөөд яг Америк явж сурна гэж шийдээд, тийшээ явахад ямар ямар шалгуур байдгийг найзуудтайгаа судалж, SAT TOEFL зэрэг шалгалтууддаа бэлдэж эхэлсэн. Тэгээд 11-р ангидаа шалгалтуудаа өгж эхлээд, 12-р ангидаа 3 сургууль руу өргөдлөө явуулсан боловч тэнцээгүй (инээв). Тийм учраас GAP Year авахаар шийдэж, шалгалтуудынхаа оноог сайжруулж, эсээгээ дахин бичиж явуулаад тэнцсэн дээ.

Тэгвэл таны бодлоор GAP Year авахын давуу болон сул талууд юу вэ?

Миний хувьд анх Монголдоо GAP Year авна гэхээр найзуудтайгаа дэмий сэлгүүцсээр байгаад өнгөрөөчих юм шиг санагдаж байсан ч, аав ээжтэйгээ сайн ярилцсаны эцэст Америкт байдаг үеэлийндээ очиж бэлдэхээр шийдсэн. Харин сул тал нь гэвэл, нэг жил дан ганц эсээ болон хэлний шалгалтууддаа бэлдээд өнгөрөөчхөөр бусад хими, математик зэрэг хичээлүүдээ мартаад, тэдэндээ сул болчихдог мэт санагдсан. Давуу тал нь гэвэл, эсээн дээрээ их ажиллаад байхаар бичих чадвар их сайжирдаг юм билээ. Би үеэлтэйгээ хамт бэлдэж байсан болохоор Америкчуудын бичгийн хэв маягийг илүү ойлгосон ба яг орчинд нь бэлдэж байсан учраас англи хэл маань их сайжирсан.

GAP Year авсан хугацаанд тань ямар бэрхшээлүүд тулгарсан бэ?

Аав ээждээ анх GAP Year авахаар болсноо хэлэхэд бага зэрэг уурлаж байсан. Гэхдээ өөрийнхөө байр суурийг сайн тайлбарлаж, ярилцсаны эцэст Америк явахаар болсон. Ингэж аав ээжтэйгээ ойлголцож, зөвшилцөх нь л гол тулгарсан бэрхшээл байсан юм уу даа. Гэхдээ мэдээж эсээ бичих санаа орж ирэхгүй байх, бас шалгалтынхаа оноог дээшлүүлэх зэрэг нь их хэцүү байсан л даа. Англи хэл маань тийм ч сайн биш байсан болохоор SAT Reading, Writing дээр нэлээн чардайсан (инээв).

Таны бодлоор гадаадад сурахын давуу тал юу вэ?

Америкт их олон олон үндэстний хүмүүс байдаг шүү дээ. Тэдгээр хүмүүстэй зэрэгцэн сурч, бас тэдний соёл, ёс заншилтай нь танилцана гэдэг, бас аав ээжээсээ холдож, биеэ даана гэдэг нь их том давуу тал гэж бодож байна.

Америкт суралцах хүсэлтэй боловч яг хаанаас, яаж эхлэхээ мэдэхгүй олон хүүхдүүд байгаа шүү дээ. Тэгвэл та тэдэнд хандаж зөвлөвөл юу гэх вэ?

Би 9, 10-р ангидаа бол юу хийх яахаа сайн мэдэхгүй байсан л даа. Яг сонирхсон сургуулиудынхаа талаар бол вэбсайтаас нь л олж мэддэг байлаа. Youtube-ээс сургуультайгаа холбоотой бичлэг олж үзэх, интернетээс мэдээллэл олж унших гээд их олон замаар тухайн сургуулиа судалж болно. Бас би янз янзын өдөрлөгүүд болоход байнга очдог байсан. Ер нь боломж олдоход л бариад авах хэрэгтэй.

Танд явуулсан өргөдлөөсөө яг тэрийг л өөрчлөх байсан юм гэсэн зүйл байдаг уу?

Би SAT-ээ 4 өгч байсан. Асуудалтай байсан Reading, Writing хэсгээ сайн бэлдээд оноогоо дээшлүүлсэн бол гэж жаахан харамсдаг. Бас personal statement-ээ илүү сайжруулж болох байсан. Одоо гэнэт гэнэт “Өө тэрийгээ тэгээд янзалчихдаг байж дээ” гэж их боддог. Эсээн дээрээ илүү их цаг гаргаж ажилласан бол өөр өөр сургуулиудад тэнцэх ч байсан юм билүү.

Тэгвэл эсээний санаа тань хаанаас орж ирсэн бэ?

Эсээний санаагаа би их бодсон. Ном уншиж байхад гэнэт санаа орж ирэх тохиолдол их байсан ч, тэгж орж ирсэн санаа явдаггүй юм билээ. Харин яг суугаад, ямар зүйлээс би өөрийгөө олсон юм бол, ямар явдлууд надад яаж нөлөөлсөн юм бол зэргийг бодож, дахин дахин бичсээр байгаад л бичсэн дээ.

Америк руу өргөдөл явуулах процессоо тайлбарлавал?

Миний хувьд өргөдлөө бичих явцдаа шантрах үе зөндөө байсан. Эсээгээ бичихдээ өөрийгөө хэт түвийлгээд байна уу, эсвэл хэт доош нь хийгээд байна уу гэж эргэлзэх үе их байсан. Заримдаа бүр өөр хүний талаар бичээд байгаа мэт санагдана. Тэгээд үнэхээр бие сэтгэлээ гаргаж бичсэн эсээгээ явуулаад тэнцээгүй гэсэн хариу авахаар уйлмаар санагддаг. Гэхдээ ард нь гарсныхаа дараа эргээд харахаар сурсан юм их байдаг болохоор сайхан байдаг.

Таны бодлоор Монголд хийх ямар ямар хичээлээс гадуурх үйл ажиллагаа байдаг вэ?

Олимпиадын бэлтгэл, сайн дурын ажлууд бол их түгээмэл болсон. Үнэхээр хичээлээс гаруурх үйл ажиллагаагаараа өөрийгөө харуулъя гэвэл өөрийнхөө сонирхлоо дагаад явах хэрэгтэй юм шиг санагддаг. Монголд бол өөрөө санаагаа гаргаад ирэх юм бол тэрийг чинь дэмжээд явах хүмүүс зөндөө л байдаг. Тиймээс шинээр юм туршиж үзээд, түүндээ тууштай байх нь их чухал.

Таны бодлоор дүн болон олимпиадын амжилтууд их сургуульд тэнцэх эсэхт хэр их нөлөөлдөг вэ?

Дүн хэдий чухал ч чамайг бүхэлд нь тодорхойлохгүй. Боломж байвал дүнгээ сайн байлгах нь чухал ч, түүндээ хэтэрхий санаа зовох хэрэггүй. Олимпиадад оролцоно гэдэг чиний идэвхийг тодорхой хэмжээнд харуулж өгдөг ч, түүнээс өөр олон зүйлсээр чи түүнийгээ харуулж болно шүү дээ.

Financial Aid гэж юу вэ?

Хэдий чи сургуульдаа тэнцсэн ч, жилийнх нь төлбөрийг төлөх боломжгүй бол тухайн сургууль руугаа өөрийнхөө санхүүгийн байдлаа баталгаажуулсан өргөдөл явуулж тэтгэлэгт хамрагдах боломжтой байдаг. Ер нь санхүүгийн туслалцаа л гэсэн үг.

Өргөдөл бичиж явуулахдаа бие даан бэлдэх ямар ямар арга замууд байдаг вэ?

SAT-д бол Khan Academy-гаар, бас интернет дээр байдаг бэлэн тестүүдийг ашиглан бэлдэж болно. Тэстийн номнууд интернет дээр pdf хэлбэрээр бас байж байдаг. Гэхдээ бие даан ганцаараа бэлдэх гэхээсээ илүү олуулаа бэлдэх нь илүү үр дүнтэй байдаг юм шиг санагдсан. Хамтдаа бэлдэхээр бие биеийнхээ алдааг илүү сайн олж харж, их дэвшилттэй байдаг юм билээ. Би TOEFL-оо бол ​Magoosh​-ийн нэг сарын subscription аваад бэлдэж байсан. Түүн дээр хэрэгтэй бүх юм байсан.

Шантарсан үедээ өөртөө итгэх итгэлээ хэрхэн олж авдаг байсан бэ?

Шантархаараа дотны хүмүүстэйгээ уулзаж, хэсэг завсарлага авдаг. Тэгээд л буцаад бэлдэж эхэлдэг байсан даа.

Хичээлээ хийж байхдаа хэрхэн анхаарлаа төвлөрүүлдэг вэ? Сурах арга барилаасаа хуваалцаач?

Дуртай юмандаа төвлөрөх нэг өөр, дургүй юмандаа төвлөрөх бас нэг өөр байдаг. Би классик дуу сонсож үзсэн, бас маш нарийн цагийн хувиар гаргаад түүнийгээ дагаж ч үзсэн. Гол нь тууштай байж, янз янзын юм туршиж үзэн, тэндээс өөртөө тохирохоо олох нь чухал юм билээ. Би одоо ч хичээлдээ сайн төвлөрөх арга барилаа хайж байгаа.

Fee waiver гэж юу вэ?

Их сургуулиуд руу өргөдөл явуулахад SAT 20 доллар, TOEFL 12 доллар гээд ганц сургууль руу багадаа л 100 доллараар материалаа явуулах шаардлагатай болдог. Гэтэл хүүхэд болгонд тэгэх боломж бололцоо байхгүй шүү дээ. Харин чи сургуулиасаа тодорхойлолт гаргуулаад, тэр зардлаас чөлөөлөгдөж болдог. Миний хувьд захиралдаа fee waver авмаар байгаагаа хэлэхэд аав ээжийнхээ санхүүгийн баримт мэдээллийг явуул гэж хэлсэн. Тэгж явуулаад би fee waiver авч байсан.

Доод ангийн дүү нартаа алтан зөвлөмж өгвөл?

Би 10-р ангидаа байхдаа их сургууль, шалгалт зэрэг нь 12-р ангидаа ороод л болгочих асуудал, тэр хүртэл хаа байсан юм, 11-р ангийнхаа зун л бэлдэхэд болчихно гэж боддог байсан маань их том алдаа байсан. Тиймээс аль болох эртнээс зорилгоо тодорхойлоод түүндээ тууштай бэлдэж эхлэх нь чухал. Бас заавал гадаад руу явна гээд байх хэрэггүй, Монголд ч гэсэн сайн сургуулиуд байгаа шүү дээ. Хамгийн гол нь аливаад өөрийгөө 100% зориулдаг байх хэрэгтэй. Бас хэдий шантарсан ч, бууж өгөхгүй байх нь чухал.

Гоё унших ном санал болгооч?

Би зохиолч Харүка Мүракамигийн номонд их дуртай. Тэр их өвөрмөц байдлаар, нүдэнд буутал гайхалтай бичдэг. Яг л бодит байдал, ид шидийн ертөнц 2-ийг нийлүүлчихсэн юм шиг. Бас Great Gatsby, Catcher in the Rye зэрэг классик номнууд их дажгүй.

Та англи хэлээ хэрхэн сайжруулсан бэ?

Би хүүхэлдэйн кинонд их дуртай. Багадаа бол англиар сайн ойлгохгүй ч гэсэн янз янзын хүүхэлдэйн киноүзээд л байдаг байсан. Тэгээд хичээл дээрээ англи хэл үзэж эхлээд, дараагаар нь шалгалтандаа бэлдэж эхлээд л сайжруулсан даа. Бас би хоол хийх их дуртай. Янз бүрийн жор бичээд орчуулдаг байсан. Friends цувралыг бас олон удаа үзсэн.

Та 10-р ангидаа эргээд очсон бол цагаа юунд зарцуулах байсан бэ?

Би тухайн үедээ химийнхээ олимпиадын бэлтгэлдээ хэт улайраад, бусад хичээлээ хаячихсан байсан. Тиймээс тэгэлгүйгээр бүгдийг нь тэнцвэртэй аваад яваарай гэж тэр үеийн өөртөө хэлэх байлаа. Бас өөрийнхөө зураг зурах гэх мэт бусал сонирхлуудаа илүү хөгжүүлэх байсан.

Сантын бусад сургуулиас ялгарах давуу болон сул тал юу вэ?

Манай багш нар их чадварлаг, бас хүүхдүүдээ гэсэн сэтгэлтэй, үргэлж бидэнд амьдралын талаар сургааль хайрлаж байдаг. Бас цагийн юмийг цагт нь хийх, ачаалал даах зэрэг чадвартай болгодог. Сул тал нь гэвэл, олимпиадад хэт анхаараад, бусад янз бүрийн спорт, клуб зэргийг орхигдуулдаг.

Сантад суралцаж байх хугацаандаа бүтээсэн хамгийн зүрхэнд хоногшсон дурсамжаасаа хуваалцаач?

Төгсөх ангийн хичээлүүд маань хэзээ ч мартагддаггүй. Багш нар маань хичээлээ заачхаад бид нартай дотны яриа өрнүүлээд суудаг байсан. Сурагч байх сүүлчийн мөчүүд маань байсан болохоор ч тэр үү, хичээлийн сүүлийн өдөр усаар байлдсан тэр үе, төгсөлтийн баяраараа багш нартайгаа тэврэлдэж, зураг хөргөө байсан авхуулж байсан тэр үеүүд маань л хамгийн гоё дурсамжууд минь юм уу даа.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet