Sant Journal Interview #23
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Юуны түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Халиун гэдэг. Би Сант сургуулийн 2018 оны төгсөгч. Одоогоор ‘New York University’ -ийн Шанхай хот дахь салбарт “Interactive Media Business” гэх чиглэлээр 3 дахь жилдээ суралцаж байна.
Энэхүү мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу байсан бэ?
Би багаасаа л маркетингийн чиглэлээр суралцна гэж боддог байсан. Тэгээд ер нь анги ахих тусам дан ганц тэр чиглэлээрээ л дагнан сурвал түүндээ хэт туйлшрах байх гээд энд ирээд олон хичээлүүд сонгон судалж, улмаар “Interactive Media Business” гэх чиглэлийг сонгосон.
Та Сантад суралцаж байсан хугацаандаа ямар нэгэн клуб дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагддаг байсан уу?
Ангиараа физик химийн багийн олимпиадуудад оролцдог байсан. Харин би өөрөө ямар нэгэн олимпиадын бэлтгэлд яваагүй. Сургуулиас гадуур гэвэл 10,11-р ангидаа иогоор,мөн ‘AIM4R’ бүжгийн дугуйланд явдаг байсан.
Ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт тань?
Ангиараа зохион байгуулж байсан хандивын аян маань юм уу даа. Манай ангийнхан өөрсдийнхөө бас багш нарынхаа хуучин номнуудыг цуглуулж, нийт 2 хайрцаг ном гаргаад, тэднийгээ багшийн дээд дээр өөрсдөө гадаа 2 өдөр зогсож зарсан. Нийтдээ 600 гаруй мянган төгрөг цугласан тэрхүү мөнгөө хорт хавдартай нэгэн хүүхдэд хандивлаж байсан.
Та хэзээнээс их сургуулиуд руу явуулах өргөдөлдөө бэлдэж эхэлсэн бэ?
10-р анги төгссөн зунаасаа Америк явж сурахаар шийдээд SAT, TOEFL гэх шалгалтууддаа бэлдэж эхэлсэн.
NYU-ийн Шанхай дахь салбар луу явуулах өргөдөлд ямар нэгэн онцлог бий юу?
Тийм зүйл байдаггүй ээ. ‘Main Application’ буюу үндсэн өргөдлөө л илгээнэ.
Хэрвээ та сургуульдаа тэнцээгүй байсан бол танд өөр ямар сонголт байсан бэ?
Би NYU руу өргөдлөө 12 сард. ‘early decision’-оор явуулж байсан бөгөөд 2 сард хариу нь ирcэн. Хэрвээ тэнцээгүй байсан бол SNU-д өргөдлөө явуулна гэж бодож байсан. Учир нь SNU-д хавар өргөдлөө өгдөг шүү дээ. Тийм болохоор хавар хүртэл бэлдэж байгаад өргөдлөө явуулна гэж бодсон доо. Гэхдээ би анх эрсдэлээ бодоод “Colgate University”, “Rice University”, “Fordham University” гэх Америкийн 3 өөр их сургуулиуд руу давхар өргөдөл явуулчихсан байсан. Тэгсэн 2 сард хариу маань ирж, NYU бусад өргөдлүүдээ цуцлах шаардлага тавьсан учраас бүгдийг нь цуцалсан.
Та яагаад Shanghai дахь салбарыг сонгон суралцсан бэ?
Намайг apply хийж байхад New York University нь Abu Dhabi дахь салбартаа 1300 сурагч, Shanghai дахь салбартаа 1500 сурагч, New York. дахь салбартаа 15000 сурагчидтай байсан. New York дахь салбар нь хэтэрхий олон сурагчтай байсан болохоор би Shanghai-г сонгон суралцсан. Энэ шийдвэр маань ч зөв байсан гэдгээ энд ирээд мэдсэн юм.
Танай сургууль бусад сургуулиудаас юугаараа онцлог вэ?
Манай сургууль нь төгсөлтийн үеэр үндсэн диплом болоод Хятад боловсролын диплом мөн энд амьдрах, ажиллах эрх өгдөг. Түүнчлэн сурагчдаа байнга дэмждэг. Жишээ нь багш нарт маань биднийг өөр хот руу явж туршлага судлуулах боломж байдаг. Манай программчлалийн багш бид нарыг Shenzen хот буюу IT-гийн өндөр хөгжилтэй хот руу авч явсан. Түүнчлэн өөр Хятад их сургуулиудад өөрөө хүсвэл нэг семестрийн туршид суралцаж болно мөн өөр хятад их сургуулиудын сурагчид ч манайд нэг семестр сууж болдог. Түүнчлэн NYU-ийн нөгөө хоёр салбартаа ч нэг нэг семестрээр сууж болдог. Мөн манай сургуулийн эргэн тойронд дандаа амжилттай компаниуд байдаг ба хятад америкийн хосолсон ганц сургууль учраас биднийг ажилд авах их сонирхолтой.
Хятад хэл дээр хичээл үздэг үү?
Хятад хэл гэсэн хичээл заавал үзэх хэрэгтэй байдаг. Мөн өөрөө хүсвэл өөр хичээлүүдээ Хятад хэл дээр үзэх боломжтой.
Хэлний бэрхшээлийн талаар?
Хятад хэл дээр их бэрхшээлтэй байсан. Хэдий хичээлүүд маань англиар ордог, сургууль дотроо англи хэл ашигладаг ч, гадуур явахдаа хүмүүстэй сайн ойлголцож чаддаггүй байсан. Гэхдээ орчиндоо байгаа болохоор дасаад их хурдан сурсан шүү.
Их сургуульдаа ороод бүтээсэн хамгийн гоё дурсамж тань юу вэ?
Сургуулийнхаа театрийн клубт би хамрагддаг бөгөөд 1-р курст байхдаа клубынхантайгаа хамт орой сургууль дээрээ үлдэж жүжгээ бэлддэг байсан мөчүүд маань л хамгийн гоё дурсамжууд минь юм уу даа. Учир нь манай театрийн клуб нээгдээд удаагүй байсан юм. Тиймдээ ч хамгийн гоё дурсамжуудыг тэнд бүтээсэн.
Хэдэн хувийн тэтгэлэг авсан бэ?
Анх би 35000 ам.долларийн тэтгэлэг эхний жилдээ авсан. Дараа жилээс нь боловсролын сангийн зээл авсан.
Та ямар арга барилаар хичээллэдэг вэ?
Би чимээгүй,тайван орчинд биш эсрэгээрээ хүн ихтэй дуу чимээтэй газар илүү сайн төвлөрдөг юм байна лээ. Жишээ нь coffee shop ч юм уу. Аан харин гэртээ байвал төвлөрөхийн тулд утсаа өөрөөсөө хол тавьдаг.
Та цагийн ажил хийдэг үү?
Эхний курстээ бол 17 настай байсан болохоор ажиллаж чадаагүй. Харин 2-р курсээсээ сургуулийнхаа оффист бас дотуур байрандаа Resident assistant(RA) буюу өөрийн давхрынхандаа анхаарал тавих, хариуцах ажил хийж эхэлсэн. Ингээд дөнгөж ирсэн гэрээ санагалзаж байгаа сурагчтай ярилцах, хэрвээ өвдвөл анхаарал тавих гэх мэт. Мөн Shanghai-н хөрөнгөлөг айлууд хүүхдүүддээ англи хэлний хичээл заалгуулдаг бөгөөд миний зааж байсан хүүхдүүдээс хамгийн бага нь хятад хэлээрээ ч сайн ярьж чаддаггүй 1 настай хүүхэд байсан. Багаас нь англи хэлтэй орчинд байлгахын тулд багш хөлсөлдөг. Аан тэгээд тэдний зарим нь заавал эхлээд өөрсдөө уулзаж англи хэлний дуудлага түвшнийг шалгадаг бас европ дүр төрхтэй байх хэрэгтэй гэдэг.
Shanghai-д суралцаж байх хугацаандаа мэдэж авсан өөр сонирхолтой зүйлсүүдээ бидэнтэй хуваалцвал?
Аан за.Shanghai хот залуучуудад зориулагдсан хот гэж би боддог. Тиймдээ ч хүмүүс нь их эелдэг,соёлтой. Мөн би энд анх ирээд үйлчилгээний хурд өндөртэйг нь мэдэрч билээ. Жишээ нь дотуур байранд хоол хүнсээ олон хоног хадгалах боломж нөхцөл байдаггүй. Харин дэлгүүрээсээ маргааш идэх алим жимсээ захиалахад 30 минутын дотор л хүргээд ирдэг. Тиймээс өдөр өдөртөө хүнсээ шинээр нь захиалж авах боломжтой. Хоолон дээр ч гэсэн дотуур байранд давхар бүртээ нэг гал тогоотой. тэрэндээ тэр бүр хоол хийж идэх боломжгүй байдаг болохоор бас л захиалахад тэр дор нь аваад ирдэг. Нээрэн би хамгийн анх санаа зовж байсан асуудлуудын маань нэг нь хоол. Монголд байхдаа хятад ресторан орохоор миний идэж чаддаг хоол их цөөхөн байсан учраас жаахан санаа зовж байсан ч энд ирээд тийм биш гэдгийг ойлгосон. Монголд байдаг хятад ресторануудаас шал өөр амттай шал өөр хоолнууд байдаг юм байна лээ. Түүнчлэн гадаад хүмүүс их байдаг болохоор гадаад хоолнууд ч их элбэг байдаг. Бас нэг сурж авсан зүйл бол цэвэрч байдал. Нэг өдөр бороо маш их орсны дараа зам нь цэв цэвэрхэн хув хуурай байсан. Цэвэрлэгч нар нь үүрээр цэвэрлээд зогсож байдаг юм байна лээ. Манай Монголд бороо орохоор эсрэгээрээ байдаг шүү дээ. Би энд ирэхээсээ өмнө хогоо ангилж хаядаггүй байсан бол энд ирээд ангилж сурсан. Хүн тийм их хичээж хөдөлмөрлөж байхад заваан муухай байж болохгүй.