Sant Journal
6 min readFeb 5, 2021

Sant Journal Interview #24

Сайн байна уу? Юуны түрүүнд манай урилгыг авч ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулаач?

Намайг Галбадрах овогтой Номунзул гэдэг. Би одоо 20 настай. Миний хувьд одоогоор БНХАУ-ын Цинхуа их сургуульд 3-р курстээ суралцаж байна. Сант сургуульд анх 2013 онд элсэж ороод, 2017 онд төгссөн.

Ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?

Одоогоор эдийн засгийн чиглэлээр суралцаж байгаа. Цаашлаад эдийн засгийн математик загварчлалаар гүнзгийрэн судлах сонирхолтой байгаа.

Яагаад энэхүү чиглэлийг сонгосон бэ?

Энэ хэсэг дээр уншиж буй хүмүүсийн урам хугарч магадгүй. Яагаад гэвэл би энэхүү мэргэжлийг аав ээжээсээ өвлөн авах, аль эсвэл үнэхээр хүсэн мөрөөдөж сонгоогүй. Би TomYoEd-д мэнтор хийдэг л дээ, тэгээд хүүхдүүд энэ асуултыг их асуудаг. Тэр болгонд нь би үнэнээ л хэлдэг. Хүн ямар ч мэргэжил сонгосон хичээгээд сурвал болдог гэж би боддог. Анх их сургуульдаа очихдоо мэргэжлээ сонгоогүй байсан. Манай сургууль оюутнуудыг дүнгээр нь жагсааж байгаад цаашид суралцах мэргэжлээ сонгуулдаг. Өөрөөр хэлбэл дээгүүр жагссанууд нь хүссэн ямар ч чиглэлээ сонгоод суралцаж болно гэсэн үг. Тэгээд би эхний жилдээ их шаргуу суралцсан. 2017 онд БНХАУ-ын ерөнхийлөгч эдийн засгийнхаа гол цөмийг Цинхуад байхаар баталсан. Тэгээд Цинхуа их сургуулийн эдийн засгийн төгсөгчид их эрэлттэй болоод эхэлсэн. Би өөрөө их шартай хүн л дээ. Тийм дээ ч хамгийн их өрсөлдөөнтэй, хамгийн олон хүн элсэж байсан эдийн засгийн курст орохоор шийдсэн. Тэгээд хэд хэдэн ярилцлага өгсөний эцэст түүндээ орчихсон.

Хятад улсад суралцах болсон шалтгаан тань юу вэ?

Миний хувьд 5 настайгаасаа хятад хэл үзсэн. Сант сургуульд элсэн суралцахаасаа өмнө би хятад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Үй-Цай сургуульд сурч байсан юм. Тиймээс хятад хэл, ёс заншилтай багаасаа холбогдсон. Мөн манай гэрийнхэнд их сургуулийн боловсролоо хатуухан дэглэмтэй улсад олоод авсан нь дээр юм уудаа гэсэн хандлагатай байдаг нь нөлөөлсөн. Америк зэрэг улсад суралцхаараа нэг талаасаа жаахан задгайрчих гээд байдаг, түүнийг ч ээж аав маань их шүүмжлэлтэйгээр хүлээн авдаг. Харин бакалавраа хятадад сайн эзэмшчихээд, магистраар суралцахдаа илүү олон улсын түвшинд гараад үзвэл яадаг юм бэ гэж санал болгосны дагуу ийн суралцах болсон.

Тэгвэл таний хувьд чанга дэглэмтэй оронд сурсан нь дээр үү ,илүү чөлөөт сэтгэлгээт оронд суралцсан нь дээр үү?

Энэ тал дээр бол би хувь хүнээсээ л шалтгаалдаг гэж боддог. Урсгалаараа явдаг хүмүүст их нөлөөлдөг юм шиг.Харин хаашаа, юу хийж явж байгаагаа маш сайн мэддэг, төлөвлөгөөтэй, өөрийн үзэл бодолдоо үнэнч хүмүүст бол нөлөөлөхгүй. Би өөрийгөө тиймэрхүү зүйлээс дархлаатай гэж боддог. Хятадын төрийн бодлого хатуу боловч надад тэр нь харин ч их сонирхолтой санагддаг.

Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэг клуб, олимпиадын бэлтгэлд хамрагддаг байсан уу?

Анх сантад ороод олимпиадын бэлтгэлүүдэд сууж үзсэн, яагаад ч юм миний хийх,чадах зүйл биш юм шиг санагдсан. Тэмцээн уралдаан гэвэл сонгоны ангид байдаг байсан болохоор ангийнхантайгаа хамт олимпиадуудад оролцдог байсан. Гэхдээ ер нь би голыг баримтлаад л явдаг хүүхэд байсан даа, нээх их цоорч гарж ирэхгүй. Нөгөө талаасаа манайх сонгоны анги гэдэг утгаараа дундаж нь их өндөр байсан тул өөртөө бол сэтгэл хангалуун байдаг байсан.

Ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт тань юу вэ?

Тэмцээн уралдааны амжилт гэхээсээ илүү амьдрал дээрх амжилт талаас нь ярья гэж бодож байна. Сантад орно гэсэн шийдвэр маань өөрөө миний амьдралдаа тавьж байсан хамгийн том сорил байсан юм. Би бага сургуульдаа хичээлдээ их сайн хүүхэд байсан юм. Тэгтэл дунд ангидаа ороод математикийн хичээлээ ойлгохоо больчихсон. Тэгээд аав ээждээ би математикаа сайжруулмаар байна, тиймээс Сантад заавал орно гээд орж байсан. Тэгээд ороод би Ганчимэг багшийнхаа давтлаганд суугаад, 3 сарын дотор 7-оос 9-р ангийн математикийн хичээлээ нөхөж авч байсан. Ганчимэг багш намайг их хурцалдаг байсан, тиймдээ ч би багшдаа их талархаж явдаг юм. Ингэж Сантын сонгоны ангид орсон маань миний хамгийн том сорил, нөгөө талаас хамгийн том амжилт маань болсон юмдаа. Гэхдээ би сонгоны ангид орчихвол болчихно гэж боддог байсан ч тэр нь ердөө эхлэл нь байж таарсан. Мөн Цинхуа сургууль Сантын топ хүүхдүүд мянга мянгаараа цугларсан мэт байдаг. Энэ их өрсөлдөөнийг давж туулах тэр дайчин чанарыг Сантад суралцаж байсан хугацаандаа л олж авсан даа.

Цинхуагийн их сургуульд элсэн ороход ямар шалгалт өгдөг вэ?

Гадаадын оюутнууд бол HSK 5 -аас дээш түвшингийн босготой байдаг. Тэгээд 2 recommendation letter, өөрийгөө танилцуулсан болон суралцах төлөвлөгөө гэсэн 2 эсээг бичиж өгдөг. Дээрээс нь TOEFL SAT-ийн оноогоо явуулбал бас давуу тал болдог.

Хэзээнээс өргөдлөө бэлдэж, шалгалтуудаа өгч эхэлсэн бэ?

Би GAP Year авсан. 12 ангийнхаа эхний улиралд хятад явж сурахаар шийдсэн. Тэгээд ер нь төгссөн зунаасаа л бэлдэж эхэлсэн.

HSK болон SAT зэрэг шалгалтууддаа хэрхэн бэлдэж эхэлсэн бэ?

HSK дээ бол 12 төгссөн зунаасаа бие даан бэлдэж эхэлсэн. Тэгээд 9 сард нь бээжинд очиж илүү эрчимтэй бэлдээд 12 сард нь шалгалтаа өгсөн. TOEFL-д бэлдэхдээ бол дамжаанд явсан. Харин SAT-дээ бол найзуудтайгаа хамт кафед суух маягаар бэлддэг байсан даа.

Хэлний бэрхшээл тулгарч байв уу?

Ер нь гадаадад суралцахад хэлний бэрхшээл ямар нэг байдлаар гарч л байдаг. Хамгийн гол нь түүнийг асуудал гэж харахгүйгээр, өөрийг чинь сорих сорилт гэж харах хэрэгтэй. Хэл гэдэг нь надад бэрхшээл гэхээсээ илүү их том адал явдал мэт санагддаг. Ер нь өөрийнхөө мэдрэмжээ өөрөөр илэрхийлэх боломж гэж хараад, даваад л гарах хэрэгтэй дээ. Бас эх хэлээрээ суралцаж буй оюутнууудтай өөрийгөө харьцуулах хэрэггүй. Өөрийгөө өөртэйгөө л харьцуулах хэрэгтэй.

Танай их сургууль бусад их сургуулиудаас юугаараа онцлог вэ?

Цинхуа гэдэг сургуулийг хятадад “Ерөнхийлөгчийн сургууль” гэдэг, түүнийгээ дагаад нэр хүнд нь ч өндөр. Хятадын ирээдүйн удирдагчдыг бэлддэг гэж хэлж болно. Тиймээс суралцагчдаас нь хятадын ирээдүйг харах боломжтой байдаг.

Хэрвээ тэнцээгүй байсан бол яах байсан бэ?

Дахиад нэг жил GAP Year аваад, тэнцэтлээ бэлдэх байсан даа.

Их сургуульдаа ороод ямар хүлээлттэй байсан бэ?

Их догдлолтой байсан, түүнийгээ дагаад айдас ч их байсан. Хятадын элсэлтийн шалгалт нь сурагчдаас тухайн хичээлийн талаар маш нарийн мэдлэг шаарддаг учраас их олон хичээлээр гүнзгий мэдлэгтэй болсон хүүхдүүдээр хүрээлүүлнэ гэсэн үг. Тэдний доор орчихвол яана , хичээлээ ойлгохгүй бол яана гэж айж байсан. Гэхдээ би зүгээр айгаад өнгөрөхийг хүсээгүй. Тэгээд би МУИС-т сурдаг найзуудаараа дамжуулан лекцүүдэд нь. хулгайгаар сууж эхэлсэн. Тэгж сонирхсон хэдэн чиглэлийнхээ хичээлүүдэд сууж үзээд, дээрээс нь багшийн ярьж байгаа зүйлсээс голыг олж ойлгох, тэмдэглэл хөтлөх гээд их сургуульд суралцахад шаардлагатай чадваруудад бэлдэх гэж хичээсэн гэх юм уу даа. Тэгж сууж байхдаа нэг өдөр гэнэдээд философын шалгалт ч өгч үзсэн шүү.

МУИС-т тэгж лекцүүдэд суусан таньд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна?

Их хэрэг болсон. Багшийн хэлсэн болгоныг бичиж авах хэрэггүй байдаг гэдгийг ойлгосон. Үзэг цаасаа тавиад сайн сонсож ойлгоод, дараа нь тухайн лекцийн материал нь онлайнаар тавигдахад бичиж тэмдэглэх хэрэгтэй юм билээ. Хэрвээ өмнө нь тэгж суугаагүй байсан бол хятадад очоод бас овоо цаг хугацааг алдах байсан байх аа.

Тэгвэл та эсээнийхээ санааг хаанаас хэрхэн олдог байсан бэ?

Би өөрөө их шүүмжлэгч хүн. Тэгэхээр аливаа шүүмжлэлээс онгод орчихдог. Одоо эргээд харахаар зүгээр шүүмжлэх бус, гаргалгааг нь гаргаж өгвөл хүмүүст их хүрдэг юм билээ. Бас уншигчаа сайн мэдрэх хэрэгтэй байдаг.

Эсээ бичих тал дээр зөвлөгөө өгвөл?

Уншигчдаа сайн мэдрэх нь чухал. Ямар их сургуульд яг ямар учраас орох гээд байгаа, түүнийгээ яаж харуулах вэ зэргийг их чухалчлах хэрэгтэй. Мөн байнга өөрийн болон уншигчийн гэсэн 2 өнцгөөс харж, тэдгээрийн огтолцол дээр час хийсэн санаа гаргаж ирэх хэрэгтэй. Гэхдээ бас бусдад таалагдах гээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэхгүй байж болохгүй. Баланстай байх хэрэгтэй. Хятад болон англи эсээ их өөр байдаг. Хэрвээ хятад руу явах хүсэлтэй хүүхэд үүнийг уншиж байгаа бол, эсээний зөрүү их байдаг шүү гэмээр байна. Англи эсээг бодвол илүү шулуухан байх шаардлагатай байдаг.

Таны бодлоор гадаадад сурахын давуу тал юу вэ?

Улс эх орноо их ойлгодог болдог юм шиг санагддаг. Өөр улсын түүх, соёлыг өөрийнхтэйгөө харьцуулж, манай улс ийм байсан бол зүгээр юм байна, эдний энийг нь оруулж ирвэл зүгээр юм байна гэх зэргээр их олон боломжуудыг харуулдаг нь их том давуу тал.

Хятадад амьдрах бололцоо хэр байдаг вэ? Та ямар нэг цагийн ажил хийдэг үү?

Би сургуулиасаа сар болгон тэтгэмж авдаг. Тэгээд бас хятад хүүхдүүдэд гэрээр англи хэл болон математикийн хичээл заадаг. Янз бүрийн цагийн ажил харин их хомс байдаг.

Доод ангийн дүү нартаа өгөх алтан зөвлөмж?

Чамд байгаа хамгийн үнэтэй зүйл чинь одоогийн цаг чинь. Өнгөрсөн чинь биш, ирээдүй чинь биш. Өнөөдрийн цаг хугацаа чинь чамд дахиж ирэхгүй. Гэхдээ маргаашийг ямар байхыг харин чи шийдэж чадна. 10-р анги чинь чамд дахиж олдохгүй, 11-р анги чинь чамд дахиж олдохгүй. Тийм болохоор хэтэрхий их ирээдүйдээ битгий санаа зовоорой. Сурагч насаа хайрлаарай. Том болох гэж битгий яараарай, хийж үзье гэсэн бүхнээ хийж үзээрэй. Нөгөө талаар бас хариуцлагатай байгаарай. Өнөөдөр наргиж цэнгэсэн ч маргаашийнхаа ажлын ард нь гардаг байх хэрэгтэй. Бас өөрийгөө бусадтай битгий харьцуулаарай. Хүн хүний зам өөр шүү дээ.

Их сургуульдаа ямар нэг клубт хамрагддаг уу?

Усан сэлэлтийн клубт хамрагддаг. Бас жүжгийн клубт орно гэж бодож байгаа.

Их сургуульдаа ороод бүтээсэн хамгийн зүрхэнд хоногшсон дурсамж тань юу вэ?

Хамгийн гоё дурсамж гэвэл, юуны түрүүнд урд тааралдсан бэрхшээлүүдээ давж гарсан. дараа нь эргээд харахад “Хэцүү ч, жаргалтай байж дээ” гэж бодогдмоор дурсамжууд маань болно. Дараагийнх нь тэнд очоод найзын талаар хуучин ойлголтыг минь эвдэж, шинээр бүтээсэн нөхөрлөлүүд маань юм даа.

Сантаас авж үлдсэн хамгийн нандин зүйл тань юу вэ?

Сант сургуулийн маань бидэнд бүрдүүлж өгсөн даваа бүрийг хамт даван туулсан ангийнхан маань юм даа. Тэр үедээ бие биенийгээ өрсөлдөгч мэт харах тохиолдол байсан ч эргээд бодохоор тэр хүмүүс сэтгэл зүрхний найзууд байдаг юм билээ. Одоо болтол бид холбоотой байдаг.

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet