Sant Journal Interview #25
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Юуны түрүүнд манай урилгыг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Та өөрийгаа товч танилцуулаач?
Сайн байна уу, намайг Онон гэдэг. Сант сургуулийг 2017 онд төгсөөд одоогоор японы засгийн газрын тэтгэлгээр Токиогийн Технологийн их сургуульд 2-р курстээ суралцах гэж байна.
Одоо ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?
Электроны инженерээр суралцаж байгаа. Гэхдээ манай сургууль эхний жилдээ ерөнхий хичээлээ үзээд, 2 дахь жилээсээ мэргэжлийн хичээлээ үзэж эхэлдэг. Тэгэхээр одоо мэргэжлийн хичээлээ хараахан үзэж эхлээгүй байгаа гэсэн үг. Японы хичээл 4-р сараас эхэлдэг болохоор одоогоор бол амарч байна.
Та Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб, олимпиадын бэлтгэл, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж байсан уу?
Би 9-р ангиасаа хойш математик, физикийн олимпиадын бэлтгэлд суусан. Гэхдээ математикийн олимпиадын бэлтгэлээсээ гараад, төгсөх хүртлээ физикийн олимпиадын бэлтгэлд суусан.
Ахлах сургуульд гаргасан амжилтуудаасаа дурьдвал?
Заавал авсан медал гэхгүйгээр, Сантаас авсан чухал чадварынхаа талаар ярья. Манай анги удирдсан багш маань Ганчимэг багш байсан юм л даа.Тэгээд өдөр болгон даалгаварт 20 бодлого өгдөг, аль нэг бодлого нь л логикийн алдаа эсвэл таслал, бичиглэл зэргийн алдаа байвал шууд тэр бодлогыг тооцохгүй орхидог байсан. Яг энэ зарчмаар 11 жил сурсны үр дүнд аливааг яс хийж сурсан нь хамгийн том амжилт юм уу даа.
Яагаад Япон улсыг сонгон суралцах болсон бэ?
Манай ээж японд мастертаа суралцаж байх хугацаанд нь би хамт 3 сар тэнд амьдарсан юм. Тэгэхэд япон их таалагдсан, юм болгон нь заавар зөвлөгөөтэй байдаг, (дотуур байрандаа ороход л тэнд байх эд зүйлсыг хэрхэн яаж ашиглах заавартай) тиймдээ ч ганцаараа амьдарахад их тохиромжтой улс юм шиг санагдсан учраас гэх юм уу даа.
Өргөдлөө хэзээнээс бэлдэж эхэлсэн бэ?
12-р анги төгсөхдөө л Монбүшо өгөөд, Япон явж суръя гэж яг шийдсэн. Монбүшо гэдэг нь Ялоны их сургуулиудын авдаг шалгалт, тэр ч утгаараа шалгуур өндөртэй байдаг. Англи хэл, Математик, Физик, Хими гэсэн 4 хичээлээр шалгалт авдаг. Тухайн үед би химидээ сайн биш байсан тул нэг жил бэлдэж байгаад өгье гэж бодож байсан. Мөн Монбүшо өгөхийн тулд заавал их сургуульд сурсан, эсвэл сурж байх шаардлагатай тул нэг жил МУИС-т сурангаа шалгалтандаа бэлдсэн.
Яагаад Токиогийн Технологийн их сургуулийг сонгосон бэ?
Монбүшод тэнцвэл японы аль ч их сургуульд элсэн суралцах боломжтой байдаг. Токио Тех ийг сонгосон шалтгаан гэвэл, нэгт манай сургууль Япондоо дээгүүр ордог, багш ажилчид нь чадварлаг, аливаа лаб, тоног хэрэгсэл сайтай. Мөн гадаад оюутнуудаа маш сайн дэмждэг болохоор сонгосон. Бас нэг давуу тал нь, хэрвээ япон хэлдээ итгэлгүй байгаа бол эхний жилдээ хичээлүүдээ англи хэлээр үзээд, 2-р курсээсээ японоор үзэж болдог.
Ямар ямар шалгалт өгдөг вэ?
Монбүшод тэнцсэний дараагаар 1 жил хэлний бэлтгэлд суудаг. Тэгээд мөн англи хэл, хими, физик, хими, математикийн хичээлийн шалгалтууд нэмээд япон хэл, япон соёл гэсэн хичээлүүдээр шалгалт өгдөг. Тэгээд тэдгээр бүх шалгалтуудын дүн, нэмээд бас ярилцлагын дүндээ үндэслээд сургуульдаа ордог.
Тэгвэл та яг ямар тэтгэлэгт хамрагдсан бэ?
Засгийн газрын тэтгэлэг авсан. Монбүшогийн тэтгэлэг гэдэг нь 5 жилийн программтай байдаг. Эхний жил нь хэлний бэлтгэлд суугаад, тэгээд үлдсэн 4 жилд нь их сургуульдаа сурдаг.
Эсээгээ бичихэд тань ямар нэгэн бэрхшээл тулгарч байв уу?
Монбүшо Америкийн сургуулиуд шиг creative төрлийн эсээ шаарддаггүй, харин яагаад энэ мэргэжлээ сонгох болсон талаар бичвэр бичүүлдэг. Тэгээд хэлний бэлтгэлд байх үед багш нар нь зөвлөөд, алдааг нь засаад өгдөг болохоор тийм бэрхшээл бол байгаагүй.
Тэгвэл МУИС-т сурсан жил тань танд хэрхэн нөлөөлсөн бэ?
Нэг талаараа миний анхны их сургууль учраас, их сургуульд яаж сурах талаар анхны бүх мэдлэгт суралцсан. Тэгээд Монбүшод тэнцэхийн тулд сайн дүнтэй байх хэрэгтэй байдаг учраас өөрийнхөө чаддаг хичээлүүдээ сонгоод, бас хажуугаар нь сэтгэл судлалын үндэс гээд өөрийнхөө судалмаар байгаа хичээлүүдээ авж байсан нь таалагдсан. Тэгээд их хэл дээрээ сурж байгаа болохоор, бас тэтгэлэгтэй суралцаж байсан болохоор ямар нэгэн асуудал байгаагүй.
Та 10 жилд байхдаа ямар хүүхэд байсан бэ?
Ихэнх цагаа хичээлдээ зориулдаг байсан.
Тэнцсэн гэсэн хариу авсан мэдрэмжээсээ хуваалцаач?
Тэнцсэнийг маань надаас өмнө аав минь мэдээд, дараа нь надад хэлсэн болохоор эхэндээ итгэж өгөөгүй. Тэгээд аан тэнцсэн байна, одоо дараа нь юу хийх ёстой билээ л гэж бодсондоо.
Япон хэл сурсан туршлагаасаа хуваалцаач?
Очоод япон tutor-той болдог. Долоо хоногт тодорхой цаг өгдөг, тэгээд үедээ хичээлээ, аль эсвэл тэнд амьдрах талаар юу ч асууж болдог. Тэгж япон хүнтэй ярилцах нь их тус болсон. Бичгийн хэлээ хурдан сайжруулъя гэвэл ном унших хэрэгтэй. Харин ярианы хэлээ сайжруулъя гэвэл анимэ үзэх нь зүгээр гэж би бодож байна. Харин бие даан суралцаж байгаа хүүхдүүдэд зөвлөхөд,яриагаа сайжруулмаар байвал хэрвээ надад ийм зүйл тохиолдвол яах байсан бэ гэх мэтээр өөртэйгөө ярьж болно. Бас өөр япон хэл сурч буй найзтайгаа японоор ярьж болно.
Их сургуулийнхаа талаар ямар нэгэн хүлээлт байсан уу?
Тэтгэлэгтээ тэнцээд хэлний бэрхшээлийн талаар бодсон ч, нөгөө талаас японд, япон хүүхдүүдтэй хамт мэргэжлийн хичээл үзнэ гэхээр их гоё санагдаж байсан. Гэхдээ одоогийн нөхцөл байдлаас болоод танхимаар хичээллэж чадахгүй байгаа нь жаахан гунигтай.
Ярианы бэрхшээл тулгарч байв уу?
Хэлний бэрхшээл бол мэдээж байсан. Гадаад хүүхдүүдтэй бол англиар ойлголцдог, бас багш нар нь стандарт япон хэлээр ярьдаг болохоор гайгүй байсан. Харин сургуулиас гадуур хүмүүстэй ойлголцоход хүндрэлтэй байсан л даа. Учир нь япон хүмүүс их хурдан ярьдаг, бас дээрээс нь энгийн үг хэллэгийг их хүндэтгэлтэй болгож ярьдаг нь олгоход жаахан төвөгтэй болгодог.
Тэгвэл таны бодлоор Япон сурагч болон Монгол сурагчдын ялгаа нь яг юу байсан бэ?
Япон хүүхдүүд монгол хүүхдүүдтэй их төстэй юм шиг санагдсан. Барууны орны хүүхдүүд багшаасаа их асуулт асуудаг, би илтгэл тавья гээд л ер нь их нээлттэй байхад, япон хүүхдүүд хүмүүсийн өмнө гарч ярих дургүй, дотогшоогоо байдаг.
Их сургуульдаа очоод бүтээсэн хамгийн гоё дурсамж тань юу вэ?
Хэлний бэлтгэлд сууж байхдаа орон орны хүүхдүүдтэй танилцаж, тэдний соёлтой танилцаж,энгийн зүйл дээр ч гарж ирэх ялгааг нь таньж мэдэх, өмнө нь бодож байгаагүй зүйлсээ бодож байсан нь их гоё санагдсан.
Эсээ бичих тал дээр зөвлөмж өгвөл?
Толгойд орсон бүх санаагаа бичээд, хураахыг нь хураагаад, дэлгэрүүлэхийг нь дэлгэрүүлээд явах хэрэгтэй. Бас найзуудтайгаа ярилцах нь их зүгээр.
Таны бодлоор гадаадад сурахын давуу тал юу вэ?
Харах хүрээ их тэлдэг. Бас мэдээж бие дааж сурна. Хоолоо өөрөө хийж идэхээс өгсүүлээд, байр цахилгааныхаа төлбөрийг цаг тухайд нь төлөх гээд, ер нь хувь хүн талаасаа хөгжиж, илүү хариуцлагатай болдог. Мөн лабароторийн хэрэгсэл нь илүү хөгжингүй байдаг гэдгээрээ их давуу талтай.
Их сургуульдаа ямар нэгэн клуб, дугуйланд хамрагдаж байгаа юу?
Клубт хараахан ороогүй байгаа. Дараа жилээс танхимаар хичээллээд эхэлвэл зураг авдаг клубт орно гэж бодож байгаа.
Үүнийг уншиж байгаа дүү нартаа өгөх алтан зөвлөмж?
Дуртай хичээлээ сонгоод, олимпиадын бэлтгэлд нь суугаад үзвэл их зүгээр. Миний хувьд нэг хичээлээ тэгж гүнзгийрүүлж үзсэн нь их сургуульд ороод их хэрэг болсон. Мөн Япон явж сурахаар шийдсэн бол, одооноос бэлдэж эхлэх хэрэгтэй. Гэхдээ заавал яс суугаад бэлдэх гэхгүйгээр, анимэ үзэх, өдөр тутамд авдаг мэдээллээ японоор авах, Youtube-ээс бичлэг үзэхдээ японоор үзэх гэх мэтээр өдөр тутамдаа оруулж, бага багаар суралцаж болно.
Шантарсан үедээ түүнийгээ хэрхэн даван туулдаг вэ?
Түр зуур тэр асуудлаасаа холдоод, хэсэг хугацааны дараа эргээд харахад тийм ч хэцүү санагдахаа больсон байдаг. Бас найзуудтайгаа ярилцаж сэтгэл санаагаа дээшлүүлэх нь зүгээр. Гэхдээ би япон явж сурна л гээд шийдчихсэн байсан болохоор гуних зав байгаагүй.
Сурах арга барилаасаа хуваалцаач?
Би юмыг бичиж байж л сурдаг. Багшаас ирж байгаа мэдээллийг ямар нэг аргаар боловсруулж байж тогтож үлддэг гэж боддог.
Таны бодлоор 10 жилийн дүн ба амжилт их сургуульд ороход хэр их нөлөөлдөг вэ?
Монбүшод тэнцэхийн хамгийн анхны шалгуур нь дүн учраас дүн мэдээж чухал. Гэхдээ их сургуульд орсны дараагаар дүн болон олимпиадын амжилтууд чинь хэрэггүй. Харин тэднийг авах явцдаа сурсан зүйлс чинь л хэрэг болдог.
Сант сургуулийн маань давуу болон сул тал таны бодлоор юу вэ?
Нэг хичээлдээ дуртай, тэгээд түүнийгээ судалмаар байгаа бол Сант их сургуулиудаас багш нар урьж авчран хичээл заалгах, нэмэлт цаг гаргаж өгөх зэргээр гүнзгийрүүлэн суралцах бүхий л боломжийг хангаж өгдөг. Гэхдээ тэгж байх явцдаа бусад хичээлээ орхигдуулах тал байдаг нь сул тал болдог. Яагаад гэвэл 10 жилд үзэж байгаа бүх хичээл их сургуульд ороход суурь мэдлэг гэдэг утгаараа хэрэг болдог.
Мэргэжил сонгох тал дээр зөвлөвөл?
Ямар нэг хичээлийн үндэс гэсэн их сургуулийн номнуудыг уншиж үзвэл зүгээр байдаг. Би хэрвээ энэ мэргэжлийг сонговол ийм юм сурах нь байна гэсэн мэдлэгтэй болж өгөхөөс гадна, тэр зүйл чинь чиний сонирхлыг татаж байна уу гүй юу гэдгийг давхар мэдээд авдаг. Жишээлбэл, хэрвээ чи инженэр болмоор байгаа ч яг юуны инженер болохоо мэдэхгүй байгаа бол “Механик инженэрчлэлийн үндэс” ч гэдэг юм уу, тиймэрхүү суурь номыг нь уншиж үзээд, тэр чинь чиний сонирхлыг татаж байна уу гэдгийг нь мэдээд авах хэрэгтэй.
Ахлах ангидаа бүтээсэн хамгийн нандин дурсамж тань юу вэ?
Өдөр тутмын ангийн маань амьдрал нь л юм уу даа. Өглөө хичээлдээ ирээд, тэр хичээлийн даалгавраа хийсэн үү, тэр бодлогыг бодсон уу гээд л асуух гээд л ахлах ангийн энгийн амьдрал маань их гоё байсан.