Sant Journal Interview #27

Sant Journal
3 min readDec 29, 2021

--

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Юуны түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?

Сайн байна уу? Намайг Ихбаяр гэдэг. Сант сургуулийг 2017 онд төгссөн бөгөөд 2021 оны хавар ШУТИС-г “Хувцас дизайн”-аар төгссөн. Мөн бүжигчин мэргэжилтэй одоогоор ‘Squadzz dance studio’ -д багшилдаг.

Энэхүү мэргэжлийг сонгох болсон шалтгаан тань юу вэ?

Би өөрөө зурах сонирхолтой, хувцасны загвар гаргадаг байсан бөгөөд бүжиг, хувцас хоёр хоорондоо уялдан холбоотой учраас fashion design-г сонгосон гэж хэлж болно.

Энэхүү чиглэлийг сонгоход гэр бүлийн тань хандлага ямар байсан бэ?

Монголд ‘street dancer” буюу бүжигчин байна гэдэг тийм барьцтай мэргэжил биш. Манай эцэг эх ямар нэгэн мэргэжил эзэмшсэн байх ёстой гэж шаарддаг байснаас мэргэжил сонголт дээр хориг тавьдаггүй байсан.

Монгол дахь олон их сургуулиудаас яагаад ШУТИС-г сонгон суралцах болсон бэ?

Монголд Урлах Эрдэм, ШУТИС хоёр ‘хувцас дизайн’-аараа алдартай. Ялгаа нь гэвэл Урлах Эрдэм илүү практик тал руугаа харин ШУТИС дизайн талын онолыг сайн өгдгөөраө ялгаатай.

Багш маань туршлагаасаа үндэслээд ШУТИС-г санал болгож байсан.

Ямар хичээлээр шалгалт өгч ордог вэ?

Математик, англи хэл, хар зургаар шалгалт өгдөг.

Та Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагддаг байсан уу?

Хичээлээс гадна миний чадах зүйл байдгийг үгүйсгэхгүй гэдэг утгаараа олон юм оролдож үздэг байсан. Бүжгээс гадна сагс болон технологийн олимпиадын бэлтгэлд явдаг байсан. Түүнчлэн нэг талаараа хүүхдүүд академик хичээл сургалтаар өөрийнхөө харах өнцгийг хязгаарлаад байдаг юм шиг харагддаг бөгөөд хэрвээ тэрэндээ муу байх юм бол бага зэрэг loser мэдрэмж авдаг юм шиг санагддаг. Зөвхөн тэрхүү зүйлийг хийж чадахгүй байгаадаа өөрийгөө loser гэж бодож болохгүй гэдэг дүгнэлтэд хүрч байсан.

Ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт тань юу вэ?

Бүжгийн тэмцээнд оролцон шагналт байруудыг эзэлж, улсын сагсны аварга болон технологийн олимпиадуудад орж байсан. Том амжилт гэвэл ЭЕШ-дээ сайн оноо авч байсан минь юм болов уу.

ШУТИС-д ороод ямар хүлээлттэй байсан бэ?

Сантаас шал өөр орчин намайг угтана, ихэвчлэн охид олон ангид орно гэдгийг мэдэж байсан. Ороод хүнтэй яаж харьцах ямар байх ёстой гээд харилцаа тал дээрээ мөн зөндөө олон зүйлс сурсан.

Их сургуульдаа ороод бүтээсэн таны хамгийн гоё дурсамж?

2-р курс дээ ангиараа ‘Гоёл’ гээд загварын өдөрлөгт пальтоны загвараар оролцсон үе маань хамгийн дурсамжтай байсан. Пальто гэдэг амархан хийцтэй зүйл биш. Хэцүү байсан ч бүгдээрээ зориод, хийгээд ард нь гарсан тэр их дурсамжтай байсан.

Хичээлийнхээ хажуугаар яаж хобби-ндоо цаг гаргадаг байсан бэ?

Дизайны салбарын хичээлүүд бусад мэргэжилтэй харьцуулахад академик хичээл цөөн, судалгааны ажлууд нь ч гэсэн урлагтай холбоотой сонирхолтой байдаг учраас ‘ Би хүндрэлтэй гэж харж байгаагүй, цаг зав хангалттай гардаг байсан.’

Бүжгийн тухай бидэнтэй хуваалцвал?

Street culture нь залуусын тулгамдаж буй асуудлыг хөндөж, ‘ Бид яагаад эрх чөлөөтэй, нээлттэй байж болохгүй гэж? ’ гэсэн талаасаа гарч ирсэн hip hop соёл. Street dance нь бусад төрлүүдээс илүү чөлөөтэй өөрийгөө илэрхийлэх орон зай олгодог, нас хүйс харгалзахгүйгээр мэдрэмжүүдээрээ хамтдаа нэгдэж чаддагаараа онцлогтой.

Шантарсан үедээ өөртөө итгэх итгэлээ яаж олж авдаг вэ?

Аливаа зүйлд тууштай байя гэвэл хүрээллээ зөв сонгох хэрэгтэй. Нэг нэгнийгээ шантраад унахад нь эргүүлээд босгох нь чухал.

Та 10-р ангидаа буцаж очвол юугаа өөрчлөх вэ?

Би нээх их зүйл өөрчлөхийг хүсэхгүй ээ. Хичээлдээ л илүү анхаарах байсан. Ахлах ангидаа өнгөрүүлж байсан цаг үедээ дуртай, харамсаад байх зүйл байхгүй гэж хардаг.

Та Сант сургуулийн давуу болон сул талыг юу гэж боддог вэ?

Сант сургууль маань хүүхдэд юу зөв, юу буруу болохыг сайн ойлгуулдаг гэж би боддог. Сул тал нь гэвэл хүүхдийг нийгэмшүүлдэггүй юм шиг санагддаг.

Бүжгийн спортоор хичээллэхээс өмнөх болон одоогийн мэргэжлийн түвшинд хүрсэн Ихбаярын ялгаа юу вэ?

Бүжгээр 7 жил хичээллэсэн. 7 жил гэдэг бол их зүйл ухаарах хугацаа. Хүн болгон өөрийнхөө сонгосон замд итгэлтэй байх ёстой гэж боддог. Сонголт болгондоо эргэлзээд байх юм бол хүсэл мөрөөдөлдөө хүрч чадахгүй.

Бүжиг эргэлзээг маань тайлж өөртөө итгэх итгэлийг өгсөн.

Өөрийнхөө илэрхийлэхийг хүссэнээ хүмүүст хүргэн эргээд үр дагавар нь надад ирэх тусам өөртөө итгэлтэй болж улам хичээх суурь тавигдан өөрийгөө хайрлаж, хүнтэй харилцаж сурсан.

Та доод үеийн дүү нартаа зөвлөгөө өгвөл ?

Хэрвээ чи аз жаргалтай биш л байгаа бол юунаас аз жаргал авдагаа мэдэж, түүнийгээ олохын төлөө явах хэрэгтэй шүү.

Сантад суралцаж байх хугацаандаа бүтээсэн хамгийн зүрхэнд хоногшсон дурсамж?

Хонхны баяр дээр багштайгаа бүгдээрээ сэтгэлийн үгээ хуваалцах тэр үе хамгийн дурсамжтай байсан. Энэ мөч маань Сантад өнгөрүүлсэн хөгжилтэй, гунигтай, сайхан үеүүдийг минь нэгтгээд дүгнээд өгсөн юм шиг санагддаг.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet