Sant Journal Interview #28
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе! Ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Юуны түрүүнд та өөрийгөө товч танилцуулаач?
Намайг Цогбадрахын Хангай гэдэг. Сант сургуулийн 2017 оны төгсөгч. Ахлах сургуулиа төгсөөд МОМБҮШО-н тэтгэлгээр Японд ирэн косэн хөтөлбөрөөр дөрвөн жил сураад энэ жилийн 4-р сараас эхлэн University of Electro-Communications-н 3-р курст орно.
Та ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?
Косэн хөтөлбөрт анх цахилгаан электроникийн инженер мэргэжлээр хамрагдаад 3-р курсээсээ мэргэжлээ солин IT-н инженерээр сурах гэж байгаа.
Анх энэхүү мэргэжлийг сонгосон шалтгаан тань юу вэ?
Физикийн олимпиадын бэлтгэлд байхад цахилгаан соронзон орон гэх сэдэвт дуртай байсан ба энэ зүйлийн талаар илүү судалж мэдэх зорилгоор цахилгаан электроникийн инженерийг сонгосон.
Яагаад мэргэжлээ солих болсон бэ?
Косэн нь практикт суурилан долоо хоногт 7–8 цаг туршилт хийдэг бөгөөд яг өөрөө хийж үзээд hardware-н сул талын мэдэрч эхэлсэн. Цахилгаан соронзон орон нь багаж, device дээр тулгуурлан прогресс хийдэг боловч компьютероор төлөвлөгөө гарган механик үйлдлүүдийг хийхээс удаан болохыг анзаарч хамаагүй хурдацтай бүтээмжтэй байхын тулд software-ийг сурсан нь дээр юм байна гэх дүгнэлтэд хүрэн нэгэнт сурсан цахилгаан электроникийн мэдлэгээ үрэхийг хүсээгүй тул үүн дээрээ тулгуурлаад мэргэжлийн сонголтуудыг хараад IT нь миний сурсан зүйлүүдийг нэгтгээд өргөн хүрээнд хурдан процессоор хэрэглэж болохуйц байсан учраас энэ мэргэжлийг сонгосон.
Их сургууль руу өргөдөл явуулах том даваа шүү дээ. Та хэзээнээс шалгалтуудаа өгч, өргөдлөө бэлдэж эхэлсэн бэ?
Ахлах ангидаа Америк явна гэж бэлддэг байсан ба хэрвээ явж чадахгүй бол дараагийн алхам юу вэ? гэж бодтол манай ангийн ихэнх нь МОМБҮШО-д бэлдэцгээж байсан. Технологиороо Азидаа тэргүүлдэг Япон руу яваад үзье гэж бодон 12-р ангиа төгсөх хавар МОМБҮШО-н тэтгэлэгт application-д хамрагдаад гурван шатандаа нэг нэгээр нь тэнцэхдээ ‘ Би нээрээ япон явж чадах юм байна ’ гэх итгэлтэй болсон.
МОМБҮШО-д ямар ямар шалгалт өгдөг вэ?
1-р шатанд математик, физикийн шалгалт. Шалгалтаа англи эсвэл япон хэл дээр өгч болно.
2-р шат нь англи, япон хэлний шалгалт.
3-р шат нь ярилцлага. Ярилцлагаа ‘Япон Монголын Counsel’ дээр өгнө.
Косэны талаар дэлгэрэнгүй тайлбарлавал?
МОМБҮШО нь их сургууль, косэн гэсэн арван жилийн хүүхдүүдэд зориулсан хоёр хөтөлбөртэй. Их сургуулийн хөтөлбөр нь нэг жил хэлний бэлтгэлд сураад дөрвөн жил их сургуульд сурдаг. Косэн буюу технологийн коллеж нь нэг жил хэлний бэлтгэлд хамрагдаад гурван жил сурдаг.
Өргөдлөө бэлдэж байх хугацаандаа тулгарсан асуудал, стрессийг хэрхэн даван туулдаг байсан бэ?
Хичээлээс гадуур усанд сэлж, сагс тоглодог. Сагс тоглоход өөр бодол орж ирэхгүй зөвхөн төвлөрөөд дуртай зүйлээ хийх надад нь бясалгал болдог байсан.
Тэнцсэн гэх хариу ирэхэд ямар мэдрэмж авч байсан бэ?
Нэг өдөр хичээл дээрээ сууж байхад танихгүй дугаараас залгаад ‘ Та МОМБҮШО-гийн тэтгэлэгт тэнцлээ баяр хүргэе! ’ гэж хэлээд бараг шууд утсаа тасалчихсан яг үнэнийг хэлэхэд итгээгүй ээ. Америк руу явж чадаагүй дээ жоохон гутарсан байхад нөгөө талаараа тайвшрал мэдрүүлсэн.
Хэлний бэрхшээл байсан уу?
Монголоос ирсэн хүүхдүүд дотуур байрандаа хамт амьдардаг. Олон жил хэлээ сурсан хүүхдүүдтэй найзлаад гадуур гараад, хэлний бэлтгэлдээ нэг, хоёр сар сурсны дараа япон хэлэндээ дасаад харьцангүй гайгүй болсон.
Амьдрах орчин нөхцөлийн талаар хуваалцвал?
Японд амьдрахын хамгийн давуу тал нь аюулгүй байдал гэж боддог. Сул тал гэвэл япон хүмүүстэй дотно болоход хэцүү, хэтэрхий соёлтой бүх зүйлийг дүрмийн дагуу хийдэг хүмүүс шиг санагдсан.
Их сургуульд ороод бүтээсэн таны хамгийн гоё дурсамж?
Сургуулийнхаа хамт олонтой мужийн сагсны тэмцээнд гуравдугаар байр эзэлсэн тэр үед долоо хоногт арван цаг бэлтгэл хийдэг байсан. Тэр хөдөлмөр маань амжилт болохыг харах нь хамгийн гоё мэдрэмжүүдийн нэг.
Та Сантад суралцаж байх хугацаандаа ямар нэгэн клуб дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагддаг байсан уу?
Сантад суралцаж байхдаа математик, физик, англи хэлний олимпиадын бэлтгэлд явдаг байсан. Одоо бодоход академик талын юм хийж байхдаа хажуугаар нь нэг ч гэсэн хувь хүний хөгжлийн өөр зүйл хийсэн бол гэж бодогддог.
Ахлах сургуульд суралцаж байх хугацаандаа гаргаж байсан хамгийн том амжилт тань юу вэ?
12-р ангидаа англи хэлний улсын олимпиадаас мөнгө авсан минь том амжилт юм болов уу?
Эсээ бичих тал дээр зөвлөгөө өгвөл?
Аль болох л их бичих хэрэгтэй. Заавал том эсээ бичих шаардлагагүй тухайн өдөр тохиосон зүйлийг англи дээр өдрийн тэмдэглэл болгон бичих ч юм уу? Өдөр болгон давтвал бичих чадвар сайжирна.
Их сургуулийнхаа ямар нэгэн клубт хамрагддаг уу?
Сургуулийнхаа сагсны клубт хамрагддаг.
Та өөрийнхөө сурах арга барилаасаа бидэнтэй хуваалцвал?
Эхлээд өөрөө төвлөрөөд тухайн сэдвийг бүрэн ойлгож бусдад зааж, туслахаар ой тойнд тогтож мартахааргүй болдог.
Таны бодлоор арван жилийн дүн их сургуульд ороход хэр нөлөөлдөг вэ?
Мэдээж хамаатай гэхдээ хаашаа apply хийж байгаагаас хамаарах байх. Харин амжилтад нөлөөтэй юу? гэвэл нээх нөлөөгүй.
Гадаадад сурахын давуу тал юу вэ?
Гэр бүл, найз нөхдөөсөө хол байхаар амьдрал үзэж, биеэ дааж, өөрийгөө хэн гэдгийг мэдэж авдаг.
Японд амьдрахын өмнөх болон амьдарч байгаа Хангай-н ялгаа?
Японд ирээд өөртөө шаардлага тавьж, хамаагүй тууштай болсон.
Буцаад аравдугаар ангидаа очвол та юу хийх байсан бэ?
Хэрвээ буцаж болдог байсан бол чөлөөт цагаараа дуртай юмаа хийгээд арай эрт унтаж сурах байсан байхаа.
Та дүү нартаа хандаад алтан зөвлөмж өгвөл ?
Алдахаас битгий айгаарай. Алдсан ч шантралгүйгээр алдаагаа завшаан гэж бодон тал талаас нь өөрийгөө хөгжүүлээрэй.
Мэргэжлээ сонгох тал дээр зөвлөгөө өгвөл?
Сонирхож байгаа мэргэжлээ судлаад тийм мэргэжилтэй хүнтэй ярилцаж үзэн аль болох олон зүйл хийж түүнээсээ experience авсны үндсэн дээр сонговол зөв сонголтоо хийж чадна гэж бодож байна.
Танай их сургууль бусад сургуулиудаас юугаараа онцлогтой вэ?
Практик дээр тулгуурласан учир бусад сургуультай харьцуулахад сурсан зүйлээ бодит болгон ‘юу нь болж байна, болохгүй байна’ гээд үр дүнг нь харж болдгоороо онцлогтой.
Та Сант сургуулийн давуу болон сул талыг юу гэж боддог вэ?
Хүүхдийг сууж сурган академик мэдлэгийг сайн олгодог боловч хичээлээс гадуурх үйл ажиллагаа бага санагддаг.
Сант сургуулиас үлдсэн нандин дурсамж тань юу вэ?
Төгсөлтийн баяраар багш нартайгаа тэврэлдээд мэдрэмжээ хуваалцаж байсан мөч хамгийн нандин дурсамж.