Sant Journal Interview #30
- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний ярилцлагын урилгыг хүлээж авсанд баярлалаа. Та өөрийгөө товчхон танилцуулаач?
Намайг Ундрал гэдэг. Би Сант сургуулийн 2021-н оны төгсөгч бөгөөд одоогоор Швед улсын Lund их сургуулийн 3-р курсийн оюутан.
- Та ямар мэргэжлээр суралцдаг вэ?
Би Олон улсын бизнесийн чиглэлээр суралцаж байгаа.
- Танд энэхүү чиглэлийг сонгосон шалтгаан юу байв?
Би хувьдаа сургуулиа физикийн чиглэлээр, физикийн хичээлээ гүнзгийрүүлэн судлан төгссөн. Би хэчнээн физикийн хичээлдээ дуртай ч хамт төгссөн хүүхдүүд шигээ инженер болох сонирхол төдийлөн байгаагүй. Иймээс төгссөнийхөө дараа хамгийн олон тал руу хөрвөх боломжтой чиглэлийг сонгосон.
- Энэхүү мэргэжлийг сонгоход ар гэрээс нь хэрхэн оролцож, хүлээн авсан бэ?
Аав маань бага байхаас нягтлан бодогч бол гэж зөвлөдөг байсан. Ингэж тулгах үед дургүйцдэг байсан ч яг юу сурахаа мэдэхгүй эргэлзэж байсан болохоор “Туршаад үз, хэрвээ тохирохгүй бол гарж болно.” гэж хэлж байсан. Тийм учраас нээрээ л алдах зүйл байхгүй тул суралцаж эхлээд шийдье гээд энэхүү мэргэжлээрээ сураад эхэлтэл яг аавын хэлснээр дажгүй санагдсан учраас үргэлжлүүлээд суралцсаар байна.
- Швед улсад сурахаар болсон шалтгаанаа хуваалцаач?
Өргөдлөө явуулах үедээ Америк улсын их сургуулиуд руу мэдээж явуулж байсан. Гэвч тэр үедээ Undecided буюу “Сурах чиглэлээ шийдээгүй” гэсэн байдлаар явуулсан учир хангалттай хэмжээний тэтгэлэг авч байгаагүй. Тийм болохоор өөр сургууль хайн Европын их дээд сургуулиуд нь над шиг мэргэжлээ хараахан бүрэн дүүрэн сонгож чадаагүй хүүхдүүдэд илүү олон боломжуудтай санагдсан учир 4-н сард материалаа явуулаад, 7-н сард тэнцсэн хариугаа аваад сарын дараа сургууль руугаа явсан билээ.
- Швед улсыг яаж төсөөлөн, ямар хүлээлт тавьж байсан бэ?
Очихынхоо өмнө Швед улсын талаар уншихад хүмүүсийг нь ихэвчлэн хаалттай, нийтэч бус хүмүүс хэмээн дүрсэлсэн байсан тул нэлээн хүйтэн хөндий уур амьсгал угтах юм байна гэсэн төсөөлөлтэй очсон. Ерөнхийдөө бол төсөөлсөн шиг байсан гэхдээ хүйтэн хөндий гэхээсээ илүү бүгд биеэ даачихсан өөр өөрсдийн зүйлсээ дор дорноо амжуулдаг санагдсан. Тийм ч учраас шинээр ирсэн хүмүүст хүрээлэл үүсгэн, найзтай болоход бага зэрэг хүндрэл учирдаг юм шиг санагдсан. Мөн үүн дээр нэмээд надад хамгийн хэцүү санагдсан юм бол өвлийн улиралд нар 2 цагт жаргах нь үнэхээр сонирхолтой бас хэцүү байсан ххэ.
- Швед улсын хувьд олон улсын сурагчид хэр их байдаг вэ?
Зөндөө байдаг ч ихэвчлэн Erasmus буюу 6-н сар үргэлжилдэг сурагч солилцооны хөтөлбөрөөр ирэх нь олонтой байдаг.
- Хэрхэн Швед улсын их сургууль руу өргөдлөө явуулсан вэ?
Швед улсын сургуулиуд руу өргөдлөө явуулах нь харьцангуй амар байсан. Эхлээд вэбсайт руу нь орж, аккаунтаа нээн өөрийн сурах чиглэлүүдээ сонгон (ихдээ 5, 6-г сонгож болдог) сагсанд хийгээд, жагсаадаг. Шаардагдах мэдээллүүд нь 10-н жилийн дүнгүүд (GPA) болон хэлний оноо хоёр байдаг. Хэлний оноо байгаа тохиолдолд эсээ ихэвчлэн шаардаад байдаггүй.
- Та өөрийн өгч байсан шалгалтуудын талаар хуваалцвал?
11-р анги төгсөх үедээ TOEFL-ийн шалгалт өгөөд 102 оноо авсан. Би TOEFL-н шалгалтдаа 3-н долоо хоног бэлдсэн. Харин SAT өгөх байсан боловч цар тахлын үе байсан тул хойшлогдсоор өргөдлөө явуулах хугацааны дараа болсон тул SAT шалгалтын оноогүй өргөдлөө явуулсан.
- Таны суралцах явцад Америк болон Европ их дээд сургуулиудын ялгаа таны хувьд хэр ажиглагдсан бэ?
Америк сургуулиудын хувьд сонгосон мэргэжлээсээ өөр өөрийн сонирхож буй хичээлүүдээ сурч болдог бол Европ сургуулиуд нь зөвхөн мэргэжилтэйгээ холбоотой хичээлүүдээ гүнзгийрүүлэн судалдаг. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаанууд буюу дадлагын ажил, оюутны ажил болон цагийн ажил гэх мэт зүйлүүдээрээ Европ илүү олон боломж, илүү олон давуу талтай санагдсан. Жишээ нь сургуулиа төгсөөд ажлын байран дээр шууд гарахад.
- Таны хувьд ямар хичээлээс гадуурх үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог вэ?
Би LundaEkonomerna гэх оюутны зөвлөлд маркетингийн зурагчнаар ажилладаг. Энэ зөвлөл нь education, career, social болон general гэх дөрвөн хэсгээс бүрддэг ба миний хувьд education-д ажилладаг.
- Швед улсад байдаг сурагч солилцооны талаар хуваалцаач?
Швед улсын хувьд 3-р курсийн эхний семестртээ дадлагын ажил хийх аль эсвэл сурагч солилцоогоор явж суралцаж болдог. Би үндсэн хэл нь англи хэл байдаг орон луу явмаар байсан тул Америк, Англи ба Австрали гурван улсаас Австрали улсыг сонгон University of Technology Sydney-д 3-р курсийн эхний семестртээ сурахаар төлөвлөж байгаа.
- Та ирээдүйд хаана ажлын байранд орохоор төлөвлөж байгаа вэ?
Европт ажиллах нь миний хувьд илүү ашигтай санагдаж байгаа. Швед улсад 5-н жил амьдарсан бол Шведийн иргэн болдог тул үлдсэн 2 жилдээ ажиллаад, амьдраад үзье гэсэн бодолтой байгаа.
- Та ахлах сургуульдаа хэр биеэ даасан хүүхэд байсан бэ? Та ахлах сургуульд байснаасаа хэр өөрчлөгдсөн гэж бодож байна?
Би айлын том доороо гурван дүүтэй, мөн гадуур их зүйлс туршиж оролдож үзээд явдаг байсан тул харьцангуй биеэ даасан хүүхэд байсан гэж дүгнэдэг. Ахлах ангид байснаасаа өөрчлөгдсөн хамгийн том зүйл бол ямар нэгэн зүйлийг илүү бодож тунгаан, анализ хийн, мөн өөрийгөө сайн таньж мэддэг болсон нь. Энэ нь магадгүй гадаадад биеэ дааж суралцаж амьдарч эхэлсэнтэй минь холбоотой байх.
- Танд гадаадад амьдрахад тулгарсан бэрхшээлүүд юу байв?
Анх очих үед цар тахлын үе байсан учир хичээлүүд нь цахимаар ордог байсан. Мөн дөнгөж оюутан болоод шууд л өөрөө байр сууцаа, хоол хүнсээ зохицуулан, хариуцах гэх мэт биеэ даан өөрөөр хэлбэл ‘том хүн’ болох нь надад анхандаа хүндрэлтэй байдаг байсан. Гэхдээ хугацаа өнгөрөх тусам бага багаар суралцан улам биеэ дааж сурсан.
- Та Сант сургуульд байхдаа ямар хичээлээс гадуурх үйл ажиллагаа болон олимпиадын бэлтгэлд явдаг байсан бэ?
Мэтгэлцээний клуб болон үүнээс гадна бүх л олимпиадын бэлтгэлд явж үзсэн дээ. Бүгдэд нь хичээж явдаг байсан хэдий ч ачаалал ихдэн цаашдаа яалД ч үгүй орхисон. Гэхдээ мэтгэлцээний клубтээ 10-р ангиасаа хойш явсан бөгөөд энэ клубээс маш олон амьдралд хэрэгтэй зүйлс сурч авсан.
- Та энэ жил их сургууль руу өргөдлөө илгээж буй дүү нартаа ямар зөвлөгөө өгөх вэ?
Аль болох сайн судалгаа хийгээрэй. Хэрвээ би судалгаа хийгээгүй байсан бол энэ сургуульдаа суралцахгүй байх боломжтой байсан. Мөн хүний үгээр бус, өөрийн сонирхол, юу хийх дуртайгаа сайн бодолцож үзээрэй. Заавал гадаадад сурах ёстой гэж өөрийгөө хайрцаглалгүй сайн судлаад үзвэл чиний сонгосон мэргэжлээр манай Монголын том их сургуулиуд ч ялгаагүй чанартай боловсрол олгодог шүү.
- Таны зүгээс Швед улсад сурах талаар өгөх зөвлөгөө байгаа юу?
Судлаад үзэхэд алдахгүй шүү. Хэрвээ судлаад, сурахаар болсон тохиолдолд надтай холбогдоод асуух асуулт байвал шууд холбогдоорой. Өөрийн сурах чиглэл нь, амьдрах зардал болон амьдрах орчин нь тохирч байвал мэдээж туршаад үзэх л хэрэгтэй.
- Бидний урилгыг хүлээн авч, цаг заваа гарган оролцсонд баярлалаа. Танд сурлагын амжилт хүсье.