Sant Journal Interview #31
- Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе.
Сайн, сайн байна уу?
- Бидний ярилцлага авах хүсэлтийг хүлээн авсанд баярлалаа. Өмнө нь танаас ярилцлага Sant Journal авч байсан удаатай юм байна. Та одоо ямар их сургуульд суралцаж байна вэ?
Би Colorado School of Mines гэдэг инженерийн сургуульд суралцаж байгаа.
- Өмнөх ярилцлагаас дурдахад, та Химийн инженерчлэл чиглэлээр сурч байгаа гэж дурдсан байсан. Та энэ чиглэлээрээ сурсаар байгаа юу, аль эсвэл чиглэлээ өөрчилсөн үү?
Би химийн инженерчлэлээрээ сурсаар л байгаа. Гэхдээ энэ сургуульд Honors буюу шинжлэх ухааны хичээлтэйгээ хослуулан liberal arts болон яриа, хэлэлцүүлэгтэй програмд тэнцэж орсон бөгөөд төгсөх үедээ Public affairs болон химийн инженерчлэлийн бакалавртай төгсөхөөр байгаа.
- Та хэзээ өмнөх суралцаж байсан сургууль болох University of Toledo-гоос шилжихээр болсон бэ?
Би өмнөх ярилцлага дээр шилжих талаараа дурдаад орхисны дараахан буюу 5-р сард өргөдлөө илгээн, 6-р сард тэнцсэн гэсэн хариугаа авснаар, 2-р курсээсээ элсэн орсон байгаа.
- Зарим хүмүүст сургуулиа солин, шилжих нь анх өргөдлөө илгээхээсээ илүү адармаатай явдал гэж үздэг. Таны хувьд хэр хүнд байсан бэ?
Би хувьдаа энэ хоёр зүйл нь бага зэрэг ондоо зүйлүүд гэж боддог. Учир нь эдгээрийн шалгуурууд нь хоорондоо ялгаатай гарч ирдэг. Ахлах ангиа төгсөөд илгээх өргөдөл нь эсээ, олон шалгалтуудын оноо гэх мэт шалгуурууд дээр үндэслэдэг бол сургуулиасаа шилжихэд ахлах ангийн амжилт сурлагаас илүүтэй өмнөх сургуульдаа хэдий хэмжээний кредит тооцуулсан, тэр нь тогтсон хэмжээндээ хүрэх эсэх, хэр үр бүтээл, амжилттай сурсныг нь илүү чухалчилж авч үздэг.
- Та юуны улмаас сургуулиасаа шилжих шийдвэр гаргасан бэ?
Би өөртөө тохирсон, янз бүрийн боломж, бололцоог хаанаас олж болохыг хайснаар эхэлсэн дээ. Манай хуучин сургууль муу сургуульдаа биш, харин ч инженерээрээ сайн, практикийн хичээл, дадлага аягүй их хийлгэдэг бөгөөд компанид дадлагын ажил хийхийг шаарддаг сургууль байсан юм. Гэвч энэ сургуулийн хувьд төгсөөд ажилд ороод авах цалингийн хэмжээ нь одоо сурч байгаа сургуулиас маань бага зэргийн зөрөөтэй байсан юм. Илүү сайн боломжийг эрж олсон тул сургуулиасаа шилжих шийдвэр гаргасан байгаа.
- Мужаас муж руу буюу Ohio мужаас Colorado муж руу нүүхэд ямаршуу өөрчлөлт гарсан бэ?
Надад Colorado мужид амьдрах нь илүү таалагдаж байгаа. Яагаад гэвэл Ohio харьцангуй жижигхэн байсан бол харин Colorado, Denver нь мэдээж New York гэх мэтийн хотууд шиг том биш ч гэлээ том хотод байдаг бүхий л хэрэгцээ, газрууд нь байдаг. Нөгөө талаараа цаг агаар, орчин байдлаараа Улаанбаатартай аягүй төстэй нь надад их таалагддаг. Энэ маань бас миний шилжихэд нөлөөлөх хүчин зүйл болсон байгаа.
- Та University of Toledo болон Colorado University of Mines хоёр сургуулийнхаа ялгаанаас дурдаач?
Ялгаа нь бол University of Toledo-гийн хувьд research university буюу бүх чиглэл, мэргэжлийг олгодог бол харин Colorado University of Mines-д зөвхөн инженерчлэлийг заадаг ялгаатай. Бүх оюутнууд нь инженерээр сурдаг учраас илүү ойлголцож, нийлэхэд илүү амар санагддаг. Жишээлбэл 1-р курсийн сурагчдаас бүгдээс нь ижил хичээлүүд авахыг шаарддаг тул хоорондоо танилцаж, найзлан дотносоход амар байдаг.
- Та өөрийнхөө сонгосон чиглэл болох Химийн инженерчлэлийн талаар хуваалцаач?
Химийн инженерчлэл гэдэг нь механик инженерчлэлийг химитэй холбосон мэргэжил юм. Энэ нь механикийг буюу процессыг шийдвэрлэн, түүнийгээ химитэй холбох ёстой байдаг. Түүхий эдийг хэрхэн бүтээгдэхүүн болгох вэ гэдгийг шийдвэрлэх зорилготой бөгөөд энэ салбар нь эм зүй, ‘oil and gas’, ‘process engineering’, түлш, уул уурхай гэх мэт олон зүйлийг судлах боломжтой байдаг. Их уян хатан, олон чиглэл рүү хөрвөх боломжтой салбар гэх юм уу.
- Химийн инженерчлэл нь хэр хүнд бэ? Энэ мэргэжлээр сурахыг хүсэж байгаа дүү нартаа зөвлөгөө өгвөл?
Хими гэдэг чинь цаанаа аягүй хэцүү ухагдахуун л даа. Учир нь хими нь физик, биологи, газарзүйтэй холбогддог ба математик дээр суурилдаг. Химийн инженерчлэл нь маш олон ухагдахууныг хослуулдаг ба хэрвээ энэ мэргэжлээр сурахыг хүсэж байгаа бол сайн судалж, химээс голчлохоос гадна механик инженерийг сурах үгүйгээ сайн бодолцож үзээрэй гэж зөвлөе.
- Энэ мэргэжлийн хувьд ажлын байр, эрэлт дээр та дэлгэрүүлэн тайлбар өгөөч?
Ажлын байрны хувьд нэлээн эрэлттэй байдаг ба ялангуяа Монгол улсад их. Учир нь Монгол улсын эдийг засаг нь уул уурхайтайгаа шууд холбоотой байдаг ба химийн инженерүүд нь уул уурхайн үйл ажиллагааны суурь болж өгдөг. Бусад инженерээс илүүтэй химийн инженерүүд нь хамгийн гол процессыг нь базаж өгөх үүрэгтэй учир тун чухал байдаг. Цаашдаа уул уурхайн салбар нь Монгол улсад хөгжин дэвших боломж нь давуу тул тун эрэлттэй байдаг.
- Та сургуулиа төгсөөд цаашдаа хаана ажиллах төлөвлөгөөтэй байгаа вэ?
Би өөрийгөө ойрын 10-н жилдээ Америктаа байна гэж хардаг л даа. Учир нь төгссөний дараа шинжлэх ухааны салбарт байдаг тохиолдолд сурагчийн виз нь 3-н жил ажиллах эрхийг олгодог юм. Тэр 3-н жилээ ашиглаж, үргэлжлүүлээд “Engineering technology and Management” гэх хөтөлбөрт мастераар сурах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд төгссөний дараагаас ахин 1 жил ажиллах эрхтэй болно доо. Ингээд хараад үзвэл ер нь ойрын 10-н жилдээ Америктаа байхаар байгаа.
- Их сургуулиасаа шилжих бодолтой байгаа сурагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
Эхлээд сургуулиа маш нямбайгаар, бүрэн судлах. Зарим сургууль шилжих сурагчдыг авдаггүй бол зарим нь бага авдаг гэх мэт сургуулиас нь хамаардаг асуудал л даа. Хоёрдугаарт хэлэхэд, яагаад шилжиж байгаа вэ гэдэг шалтгаанаа маш сайн гаргаж өгөх хэрэгтэй. Бодит, оновчтой шалтгаан байх нь тун чухал юм. Сургуулиасаа шилжихэд ахлах ангийнхан яагаад энэ сургуульд ормоор байгаа талаараа эсээ бичдэг шиг, юуны улмаас энэ сургуулиас шилжив, яагаад энэ сургууль руу шилжиж ормоор байгаа вэ гэсэн тайлбараа сайн бичих нь зүйтэй.
Миний хувьд Монгол улсын утааны асуудал, тэр дундаа шахмал түлш нь утааг арилгахад асуудалтай санагдсан тул энэ сургуулийн, энэ программаар, ийм шийдэл гаргамаар байгаа тул ормоор байна гэж маш тодорхойгоор гаргаж ирсэн байдаг.
- Шилжих талаар танд өгөх өөр зөвлөмжүүд байгаа юу?
Хэрвээ байгаа газар эсвэл сургуульдаа сэтгэл хангалуун биш байвал шилжих гээд үзэх нь зүйтэй гэж бодож байна. Шилжихээр шийдсэн бол 1 эсвэл 2-р курстээ бэлдээд шилжиж болох хэдий ч зөвхөн 1,2-р курстээ шилжсэн нь зүгээр шүү. Учир нь дипломоо авахын тулд авах ёстой кредитийн заасан тоонд хүрэх хэрэгтэй байдаг шүү дээ. Дараа бодож, харамсаж байснаас шилжих эсэхээ эртхэн шийдэх нь зөв шүү.
- Таны зүгээс Сант сургуулийн ахлах ангийн сурагчдад өгөх зөвлөгөө юу вэ?
Цагийн хуваарилалтаа сайн хийгээрэй гэж зөвлөмөөр байна. Яагаад гэвэл их сургууль руу илгээх өргөдөл дээр ажиллана гэдэг чинь амаргүй ажил шүү дээ. Олон шалгалт өгч, эсээ их бичиж, дүн дээрээ анхаарах гэх мэт тун олон юм бэлдэх тул цагаа сайн хуваарилаарай. 9,10-р ангийн сурагчдад зөвлөхөд одоо л эхлэх цаг шүү. Эртхэн шалгалтын оноогоо авч, 12-р ангидаа эсээ дээрээ төвлөрөөрэй. Мөн ментор сонгосон байвал их тустай байдаг шүү.
- Цаг заваа гарган, бидэнд мэдлэг, туршлагаасаа хуваалцсанд баярлалаа. Танд сурлагын амжилт хүсье.