Sant Journal Interview #32
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та юуны түрүүнд өөрийгөө танилцуулаач?
Сайн байна уу. Намайг Эмүжин гэдэг. Сант сургуульд 1-р ангиасаа хойш суралцаж, 2022 онд төгссөн. Одоогоор би Японы Yokohama National University-д эхний жилдээ суралцаад байгаа.
Сургуулийнхаа болон орчин тойрны талаарх онцлогуудаас дурдвал?
Сургууль маань мэдээж Иокохама хотод байршилтай байдаг ба Токиогийн зэргэлдээ, усан боомттойгоо ойр байдгаараа онцлогтой санагддаг.
Анхандаа та Японоос өөр ямар улсууд руу суралцахаар явъя гэж бодож байсан бэ?
Канад улсыг аягүй их сонирхож байсан боловч тэтгэлэг авах нь хомс гэж дуулаад, мөн цар тахлын үеэр би ч нээх сайн ашиглаж чадаагүй тул цаг тулгамдаад арай амжихгүй юм чинь МОМБҮШО-гоо өгчихье гээд өргөдлөө илгээгээгүй дээ.
Та МОМБҮШО шалгалтад бэлдсэн процессоо, туршлагаасаа хуваалцаач?
Миний хувьд бэлдэхэд тийм ч их хүндрэл гарч байгаагүй ээ. Сант сургууль өөрөө Математик талаасаа шахуу, сурагчид ч ачаалал даагаад сурчихсан байдаг тул гайгүй санагдсан л даа. 12-ынхоо намар, өвөл нь МОМБҮШО-гийн Математикийг эрчимтэй бэлдээд, хавар нь төгсөх шалгалтууддаа анхаарч байгаад өгсөн.
Та одоо ямар чиглэлээр суралцаж байгаа вэ? Яагаад одоогийн чиглэлийг сонгох бэ?
Эдийн засгаар суралцаж байгаа. Сонгосон шалтгаан бол олон байгаа л даа. Нэг талаасаа гэр бүлийн зүгээс чиглүүлэг өгснөөр оролдоод үзье гэж бодсон, нөгөө талаас эдийн засаг нь өөрөө олон тал руу хөрвөх чадвартай чиглэл юм л даа. Бакалавраа эдийн засгаар хамгаалах явцдаа хүссэн юмаа олсон тохиолдолд магистраа тэр чиглэлээрээ гүнзгийрүүлэн хангалттай боломжтой учир сонгосон байгаа.
Та Сантад суралцах үедээ ямар нэгэн олимпиадын бэлтгэл аль эсвэл хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж байсан уу?
Цөөхөн удаа Физик, Химийн багын олимпиадуудад оролцож байснаас өөр хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж байгаагүй ээ.
Та хичээлүүдээ ямар хэлээр судалдаг вэ? Хэлний хувьд ямар нэгэн бэрхшээл гарж байсан уу?
Манай бүх хичээлүүд Японоор ордог. Сантын хувьд зөвхөн Англи, Монгол хэлээр дамнадаг байсан учир анхандаа Япон хэлний суурьгүй очсон. Сурахад мэдээж хэцүү байсан уу гэвэл хэцүү байсан. Япон хэл өөрөө үсэггүй, ханз ашигладаг тул цээжлэх юм их байсан, аан харин дүрэм талаасаа Монгол хэлтэй төстэй байсан тул тэр талаараа арай хялбар байсан. 1 жилийн дотор гэхэд арай чөлөөтэй харилцаж хараахан сураагүй байгаа. Саяхан гэхэд л багийн ажил хийх үед толгойд үгнүүд англиар орж ирээд л, ойлголцох бага зэрэг хүндрэлтэй байсан.
Япон хэл сурахад танд юу хамгийн их нэмэр болов?
Би 12-роо төгсөөд СЭЗИС-д ороод эхний семестрээ дуусгаж байхад хариугаа авсан юм. Тэгээд дүнгээ гаргачхаад Япон хэлний танхимын сургалтад сууж эхлээд а, б-гээс нь эхлэн үзээд, хүнтэй мэндлэх түвшинд очиж билээ.
Та СЭЗИС-д нэг семестр сурсан талаараа дурдлаа, энэ хугацаанд юу сурсан талаараа хуваалцаач?
СЭЗИС-д сурах хугацаандаа ихэвчлэн хэл, математик, газарзүй гэх мэтийн 10-н жилийн хичээлийг нэг жилд багтаан үзсэн л дээ. Тийм болохоор яг “Их сургууль” шиг санагдаж байгаагүй. Би Японы их сургуульдаа ороод 3-н долоо хоног болж байна. Эдгээр хоёр сургуулийг харьцуулаад харах юм бол Япон хүмүүс хамаагүй илүү мэрийлттэй нь ажиглагдсан. Жишээлбэл СЭЗИС-д оюутнууд унтаж үзэгдэх нь элбэг байдаг ба хичээл ороод эхлэхээр лекцийн танхим хойноосоо дүүрч эхлэдэг. Японд харин эсрэгээрээ оюутнууд урдуураа их сууж, урдаасаа ангиа дүүргэдэг. Тэгэхээр хандлага нь нэлээд өөр харагдсан. Хичээлүүд ч өөр хоорондын ялгаатай байдаг. Монголд бол онол, мэдлэг дээр ихээхэн голчилдог байсан бол Японд оригами энэ тэр хийлгэж харьцуулалт хийлгэх мэтээр практикийг илүүд үздэг.
Та хэлний бэлтгэлээрээ дамжуулж их сургуульдаа орсон уу аль эсвэл хэлний бэлтгэл нь цаанаасаа их сургуультай байсан уу?
Аан, тэр арай үгүй. Анх хэлний бэлтгэлд ороод 9-н сарын дараа буюу 12-р сард 6-н хичээлээр бид нараас шалгалт авдаг юм. Өнөөх өгсөн шалгалтуудынхаа нэгдсэн дүнгээр гаргадаг ба тэр нь сурагчдад өөрсдөд нь харагддаггүй. Тэгээд үүн дээр хүн бүр өөрийн ормоор байгаа 5-н сургуулийг жагсаасныг авсан дүнтэй нь тооцож үзээд ордог.
Таны яг одоогоор 3-н долоо хоног их сургуулийн хичээлдээ хамрагдсан сэтгэгдэл?
Яалтачгүй зөвхөн нэг жилийн хэлний бэлтгэлээр их сургуульд Япон хүүхдүүд дунд хичээлд орох бага зэрэг хүндрэлтэй санагдсан. Мэдээж хэрэг аягүй их academic үгнүүд ашигладаг ч цаанаа л гоё байдаг аа. Би Монголд оролцож байгаагүйгээрээ янз бүрийн клубуудэд хамрагдан, арай илүү амьдралын идэвхтэй болж эхэлж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ сургуульд орсон доо их баярлаж явдаг аа.
Та ямар клубүүдэд хамрагдаж байгаа вэ?
Одоогоор би гэрэл зураг, софт теннис ба одон орон судлал гэсэн гуравт сонирхолтой байгаа.
Та бидэнд Япон дахь хүрээллийнхээ талаар хуваалцаач?
Японд найзтай болох жоохон төвөгтэй санагддаг. Бага зэрэг гадуурхах тохиолдол байдаг. Хүмүүс нь яг хоёр хуваагддаг гэх юм уу? Нээлттэй ба нээлттэй биш гээд. Нээлттэй бишүүдэд нь “Би гадаадаас ирсэн, Би Монголоос ирсэн” гэх үед ер нь алга болчихдог. Нээлттэй хүмүүс нь болохоороо харин янз бүрийн зүйлүүд асууж шалгааж, ваа ваа гээд явчихдаг. Яалтачгүй гадаад хүүхдүүд нь хоорондоо илүү зөөлөрч чаддаг. Харин Сантын найзуудтайгаа бол аягүй дотно хэвээрээ, бараг орой бүр залгаж ярьдаг хэвээрээ.
Японы орчны талаар янз бүрийн зүйлүүд дуулддаг. Танд ямар санагдаж байгаа вэ?
Бага зэрэг сэтгэл гутралд орсон л доо. Анх ирэхдээ хэл муутай очсон байсан, тэгээд ялангуяа миний орсон жил 49-н хүүхэд МОМБУШО-гоор ирсэн. Тэр дундаас 4-н Япон хэлгүйгээс нэг нь би байсан байдаг юм. Тэгээд л үеийн хүүхдүүдээс хоцорсноо мэдээд л, хичээхгүй бол болохгүй юм байна, их сургуульд орохгүй бол яах вэ гэх мэтийн дарамтууд байсан. Гэхдээ дасан зохицох нь хувь хүний характераас шалтгаалдаг юм шиг санагдсан. Миний мэдэх нэг хүний хувьд нэг жил нь маш адал явдалтай өнгөрч байсан. Ийш тийшээ аялаад л, найз нөхөртэй болоод л гэх мэт. Тухайн хүн өөрөө хэр нийцэж, хүлээж авах вэ гэхээс л шалтгаална даа.
Таны хувьд анх удаагаа ганцаараа бие даан амьдрах ямаршуу процесс байсан бэ?
Би хувьдаа өөрөө жижиг зүйлд их гайхширдаг хүн л дээ. Нөгөөх ундаа гаргаж ирдэг машиныг харчхаад л “Вов” гээд гайхшрах гэх мэтийн соёлын шоконд одоо ч ордог. Нийгмийн хувьд ч гайхмаар зүйлүүд их тохиодог. Харин хааяа ганцаардаж байвал дотны найз эсвэл гэр бүл рүүгээ утасдаад ярьчихдаг.
Японд сурахын онцлог, давуу, сул талуудыг дурдвал?
Сул тал гэвэл илүү дотогшоогоо хүн болох магадлалтай. Япончууд ч өөрсдөө дотогшоогоо байдаг үүнийгээ ч тэд хүлээн зөвшөөрдөг. Сайн тал гэвэл цагийг яс барьдаг болох болов уу.
Та хэрвээ 10-р ангидаа буцаад очвол юу хийх байсан бэ?
Спортоор хичээллэх юм уу урлагын авьяасаа хөгжүүлэх байсан. Энд байгаа бүх гадаадууд бүгд олон хэлээр ярьдаг, ямар нэгэн байдлаар төгөлдөр хуурыг төгс эзэмшчихсэн, гитар, бөмбөр тоглодог, дуулдаг гэх мэт аягүй их авьяастай байдаг.
Японд суралцахыг хүсэж буй дүү нартаа зөвлөвөл?
Ханз сурахдаа битгий шантраарай. Нэмж хэлэхэд ахлах ангийн сурагчид сайн ном уншаарай. Би Япон хэл сурж байхдаа ном унших гэж их гүрийж байсан, үүний хажуугаар ханзны мэдлэг их тэлээд ирдэг. Магадгүй Японд сурах гэж байгаа бол Японы уран зохиолыг сонирхоорой. Хэрвээ асууж сонирхмоор байгаа хүмүүс байвал instagram-аар холбогдож байгаарай.
Ахлах ангид буй дүү нартаа зөвлөгөө өгвөл?
Би өөрийгөө их завгүй хүн гэж боддог байсан. Газарзүй, түүх гээд хичээлүүддээ шамдан сурахад буруудахгүй ч гэсэн өөрийнхөө дуртай зүйлийг олж, өөрийгөө хөгжүүлээрэй гэж хэлмээр байна. Хэл сураарай, урлагаар хичээллээрэй. Өөрийгөө хоцорсон гэж огт битгий бодоорой, сайн хичээгээрэй!