Sant Journal Interview #33

Sant Journal
4 min readAug 15, 2024

--

  • Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Өөрийгөө товч танилцуулаач?

Намайг Долгормаагийн Бумчин гэдэг. Сант сургуулийн 2022 оны төгсөгч. Би 2023 оны МОМБҮШО-ийн тэтгэлгээр ирээд, одоо Нагояа их сургууль (Nagoya University)-д суралцаж байгаа.

  • Та суралцаж буй их сургуулиа сонирхолтойгоор тайлбарлаад өгвөл?

Манай Нагояа их сургууль нь Япон улсдаа эхний 6-д, Ази тивдээ эхний 50-д ордог сургууль. Цунами, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшигт үзэгдэл харьцангуй бага тохиолддог бүс нутагт оршдог болохоор хамгийн аюул багатай. Түүнчлэн, Токио хот орчин үеийн, их шинэлэг болсон бол Нагояа, Киото зэрэг хотууд өв соёл, уламжлалаа маш сайн хадгалж үлдсэн байдаг. Ийм ч учраас Нагояа хотын ойр хавиар аялахад их таатай байдаг.

Түүнчлэн, Нагояа их сургуулиас нийтдээ 6 хүн Нобелийн шагнал хүртээд байгаа бөгөөд ДНХ-ийн хуваагдлын Okazaki fragment-ийн талаар манай сургуулийн профессорууд болох эхнэр нөхөр Оказаки нээлт хийж, биологийн салбарт хувь нэмрээ оруулсан билээ.

  • Та одоогоор энэ сургуульдаа яг ямар чиглэлээр суралцаж байгаа вэ?

Ер нь МОМБҮШО өгөх бол эхлээд баримт бичиг бүрдүүлэх явцад 3 мэргэжил сонгох ёстой байдаг. Гэхдээ заавал тэр 3-ын дагуу явах шаардлагагүй, дараа жилээс энэ салбарын хүрээнд ямар ч хамаагүй хүссэн мэргэжлээ сонгох боломжтой. Би анх химийн инженер, биохимич, химийн шинжлэх ухааны судлаач, эрдэмтэн гэж бичиж байсан.

  • Та сургуулиасаа тэтгэлэг авсан уу? Хэрвээ авсан бол ямар төрлийн тэтгэлэг вэ? Мөн яагаад энэ сургуулийг сонгох болсон түүхээсээ хуваалцана уу?

Юуны өмнө МОМБҮШО-г ярих хэрэгтэй гэж бодож байна. МОМБҮШО нь олон улсын түвшинд хамгийн боломжийн тэтгэлэг гэдгээрээ дээгүүр үнэлэгддэг. Учир нь гэвэл, уг шалгалт нь үнэ төлбөргүй, хэрэвзээ тэнцсэн бол Япон улс руу явах очих бүхий л зардлыг цаанаас нь даадаг. МОМБҮШО буюу Япон Улсын Засгийн газар, Боловсролын яам нь уг тэтгэлгийг авсан хүүхэд болгонд сар бүр 120 мянган иен буюу Монгол мөнгөөр ойролцоогоор 3 сая төгрөг өгдөг.

Би анхнаасаа химид сонирхолтой, Сантад сурч байхдаа ч химийн олимпиадад ордог байсан учраас ирээдүйд биохимич болоод, хавдрын эмчилгээний судалгаа хийнэ гэсэн мөрөөдөлтэй. Нагояа их сургууль ерөнхийдөө бол биологи, физикийн шинжлэх ухааны салбар сайн хөгжсөн сургууль болохоор би тус сургуулийг өөрийн зорилготойгоо холбож, маш сайн судалж байгаад сонгосон. Сурагчдад зөвлөж хэлэхэд, өөрийн хүсэл сонирхлынхоо дагуу боломжит сургуулиудыг судлах зүгээр санагдсан шүү.

  • Та мэргэжлээ хэзээнээс сонгосон бэ?

Анх 9-р ангиас химийн шинжлэх ухааны салбар дахь аяллаа химийн олимпиадад оролцсоноор эхлүүлсэн. Дараа жил цар тахлын үеэр өөртэйгөө илүү их ажиллаж, химийн салбараас олж авсан мэдлэгээ ашиглан бусдын сайн сайхны төлөө ажиллах буюу ирээдүйн зорилгоо тодорхойлсон.

  • МОМБҮШО шалгалтаас гадна өөр ямар боломжууд байдаг вэ?

Хэдийгээр МОМБҮШО-ийн шалгалтад тэнцээгүй ч өөр олон тэтгэлгийн боломжууд байдаг. Жишээлбэл, GSEP (The Global Scientists and Engineers Program) нь МОМБҮШО-той төстэй.

  • МОМБҮШО шалгалт өгөх үйл явцыг алхам алхмаар нь зураглана уу?

Юуны түрүүнд хэрэгцээт бичиг баримтыг тодорхой загварын дагуу бүрдүүлнэ. Тэгэх явцдаа мэргэжлийн чиг баримжааг тодорхойлж, Монгол ба Япон улсын харилцааг бэхжүүлэх талаар асуултуудад хариулна. Дараагийн шатанд математик, физик зэрэг стандарт шалгалтуудаа өгөх бөгөөд шалгалтуудаа хангалттай өгсөн тохиолдолд ярилцлагаа өгдөг. Бүх асуултууд нь япон эсвэл англи хэл дээр явагддаг гэдгийг анхаарах хэрэгтэй.

  • Та уг шалгалтыг өгөхдөө хэрхэн сэтгэл зүйгээ бэлдсэн бэ?

“Сургууль”-аас “Их сургууль”-д шилжих чухал үед өөрийгөө халуун тогоонд буцалж буй шөлтэй хоолоор төсөөлөн бодож, нэгэн зэрэг олон талаас мөргөж байгаа “ногоо” буюу асуудал, хариуцлагуудыг даван туулахын тулд өөрсөдтэйгөө зөвхөн академик талаас бус, сэтгэл зүйн тал дээр ч гэсэн маш сайн ажиллах хэрэгтэй. Түүнчлэн, аливаа асуудлыг шийдвэрлэх хамгийн оновчтой арга зам бол өөртэйгөө болон дотнын хүмүүстэйгээ тууштай ярилцаж, хийж буй зүйлдээ сахилга баттайгаар хандах явдал юм шиг санагдсан.

  • Оюутны амьдралаа 3 үгээр илэрхийлбэл?

Шинэлэг, давгүй, чухал

  • Япон улсад суралцах давуу болон сул талуудаас дурдвал?

Их сургууль болон үйлчилгээний газруудын зүгээс оюутнуудад тусгай хөнгөлөлт, үйлчилгээ олгох зэргээр дэмжлэг их үзүүлдгээс гадна аяллын боломж их байдаг. Гагцхүү япон хэлний мэдлэг бага бол харилцааны бэрхшээл их тулгамддаг. Тус улсын иргэд англи хэлээр харьцах нь бага байдаг тул их сургуульд суралцахаас өмнө япон хэлний N3 түвшинтэй болбол алзахгүй юм шиг санагдсан. Үүнээс гадна их сургуулиас гаднах орчинд Япон улсын иргэн биш гэх утгаар жаахан ялгаварлан харьцах тохиолдол анзаарагдсан шүү.

  • Ахлах ангийн сурагчдад өгөх таны зөвлөгөө?

Бие даах сэтгэлгээг аль болох өөртөө эрт суулгах нь дээр байх. Мөнгөө ухаалгаар зарцуулах, гэр орны ажил болон хичээлээ хуваарилах, бусадтай харьцах гэх мэт чадварууд гадаадад амьдарч, суралцаж байхад маш хэрэгтэй байдаг тул сэтгэл зүйн болон амьдралын ухааны бэлтгэлтэй байх хэрэгтэй.

  • Та сурагч байхдаа хаанаас шалгалт өгөх болон их сургуульд орох чиглүүлэг авдаг байсан бэ?

Цахим орчин, YouTube гэхээсээ илүү багш нарынхаа чиглүүлэг, зөвлөмжийг маш сайн дагаж, тууштайгаар бие даан бэлддэг байсан.

  • Та Японд суралцах явцдаа сурсан “life hack”-уудаа бидэнтэй хуваалцаач?

Залгуур нь өөр байдаг болохоор Япон улс руу явахаасаа өмнө зөв төрлийн залгуураа урьдчилаад бэлдсэн байх хэрэгтэй. Цаг агаар, уур амьсгалын хувьд маш чийглэг, халуун учраас гэр доторх агааржуулагчийн тохиргоог “dry” гэдэг дээр тавивал монголын агаартай төстэй мэдрэмжийг авч болно. Мөн, агаар нь чийглэг тул нойтон хувцсаа агаарын солилцоо ихтэй газар байлгавал сайн хатдаг. Хоол хүнсээ бас зохицуулж идэхгүй бол хэцүүднэ шүү.

  • Та МОМБҮШО шалгалтад бэлдэх явцдаа бууж өгөх гэж байгаа хүүхдүүдэд хандаж юу хэлмээр байна вэ?

Мэдээжийн хэрэг бүх зүйл амар байхгүй. Гэхдээ бүхий л хөдөлмөр, хичээл зүтгэл чинь нэг л өдөр эргүүлээд чамд сайн сайхан зүйлсийг авчрах болно. Тэгэхээр хэчнээн бүдэрч унасан ч хэзээ бууж өгөлгүй, хийж байгаа зүйлдээ тууштай байгаарай. Дуртай анимэ-ийн дүрүүд чинь асар их тууштай байдаг шиг та нар дахиад жаахан л хичээх юм бол тун удалгүй жаргах болно оо.

  • Та МОМБҮШО шалгалтад бэлдэж эхлэх гэж байгаа сурагчдад юу гэж зөвлөх вэ?

Хамгийн чухал нь өөртөө итгэх хэрэгтэй. Хэрэвзээ анхнаасаа өөртөө итгэлгүй байвал хэзээ ч зорилгодоо хүрч чадахгүй шүү дээ. “Би чадна” гэх сэтгэлгээг өөртөө баттайгаар суулгасны дараа хичээлээ тогтмол, удаан хугацаагаар хийгээд л байвал бүх зүйл аяндаа болно.

Ингээд бидний зүгээс асуух асуултууд дууслаа. Цаг заваа гаргаж туршлагаасаа хуваалцсанд баярлалаа.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet