Sant Journal Interview #34
- Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулаач?
Сайн байна уу? Намайг Мягмаржавын Мөнхзаяа гэдэг. Би Сант сургуулийг 2016 онд төгссөн. Япон улсын Кюүшү их сургууль (Kyushu University)-д барилга, байгууламжийн инженерийн чиглэлээр бакалаврын зэргээ 2018-аас 2022 оны хооронд хамгаалаад, одоогоор Мюнхений техникийн их сургууль (Technical University of Munich)-д тооцооллын механик гэсэн чиглэлээр магистраа хамгаалж байгаа.
- Та яагаад уг (барилга, байгууламжийн инженер) чиглэлийг сонгохоор болсон бэ?
Би математик, физикийн хичээлдээ дуртай хүүхэд байсан болохоор энэ хоёр хичээлийн чиглэлээр явна гэдгээ мэдэж байсан хэдий ч ахлах сургуулиа төгсөөд Япон улс руу хийсэн аялал маань барилга, байгууламжийн инженерийн салбараар дагнах сонголтод минь илүү их түлхэц үзүүлсэн. Тус улсын хөгжингүй дэд бүтэц нь ард иргэдийн аюулгүй, тайван орчинд амьдрах боломжийг бүрдүүлж байгааг хараад Монгол улсаа бас ийм болгохыг хүссэн. Эх орныхоо дэд бүтцийг сайжруулах зорилгодоо хүрэхийн тулд энэхүү чиглэлээр сурах нь тохиромжтой юм шиг санагдсан.
- Сант сургуульд суралцаж байхдаа хуримтлуулсан хамгийн үнэ цэнтэй туршлага тань юу вэ?
Ахлах ангид байхдаа ирээдүйд яг юу хийхээ мэдэхгүй байсан болохоор биологи, нийгэм судлалын олимпиадын бэлтгэлээс авхуулаад өөр олон дугуйлан, үйл ажиллагаанд хамрагдсаар байгаад аяндаа яг юу хийхийг хүсээд байгаагаа, юу сонирхлыг минь татахгүй байгааг ойлгож авсан.
- Та одоогоор Герман улсад байрлах Мюнхений техникийн их сургуульд тооцооллын механикийн (computational mechanics) чиглэлээр суралцаж байгаа гэсэн. Уг чиглэлийг бидэнд танилцуулаач?
Тооцооллын механик нь аливаа механикийн зарчим дээр суурилсан үзэгдлүүдийг компьютер загварчлал (симуляци) ашиглаж тооцоолон бодож, урьдчилан таамагладаг инженерийн салбар юм. Миний хувьд энэ чиглэлээр суралцсанаар барилга сууцны аюулгүй бөгөөд баталгаат байдлыг хангахуйц тооцооллыг хийхэд хувь нэмрээ оруулж чадна гэж үзэж байгаа.
- Ахлах ангийн сурагчид ирээдүйд суралцах орчныхоо талаар ойлголттой байдаг ч мэргэжил сонголтын хувьд ихээхэн эргэлздэг. Таны хувьд мэргэжлээ зөв бөгөөд оновчтойгоор сонгох ямар арга зам байдаг вэ?
Юуны түрүүнд зүгээр л сонирхсон зүйлсээ оролдож үзэх хэрэгтэй гэж бодож байна. Тоолж барамгүй олон мэргэжил, чиглэлээс сонголт хийх мэдээж хэцүү. Гагцхүү яг юуг зорьж, хүсэж буйгаа мэддэг болох хэрэгтэй. Тэгснээр түүнтэй холбоотой мэргэжлээ судлахад дөхөм болно. Ингэхийн тул өөртөө “Би ирээдүйд юу хийхийг хүсэж байна вэ?”, “Ямар зүйлс миний сонирхлыг татдаг вэ?” , “Би юуг чухалчилж, үнэ цэнтэй хэмээн үздэг вэ?” гэх мэтийн маш олон асуулт тавиад үзээрэй. Өөрийгөө таньж мэдсэнээр л дараагийн алхмаа төлөвлөх боломжтой болно шүү дээ. Тэгээд мэдээжийн хэрэг өөрт ойр боломжуудыг судална.
- Германд суралцах ямар байдаг вэ? Давуу ба сул талуудаас дурдвал?
Давуу тал: Сургалт нь үнэ төлбөргүй бөгөөд чанартай. Бие даалт эсвэл өөр нэмэлт зүйлс шаардагдахгүй, тухайн сэдвээр юуг ойлгож авснаа харуулах шалгалтын оноогоор л дүн гаргадаг нь жаахан хэцүү санагдавч миний хувьд энэ нь их амар байдаг.
Сул тал: Магистрын оюутны хувьд анзаарсан нэг зүйл нь гэвэл их сургуулийн профессорууд өдөрт 50–60 гаруй хуудас бүхий презентаци хичээл зааж, хичээлийн явц асар хурдтай байдаг болохоор ачаалал ихтэй. Мөн хэлний бэрхшээлээс болж улсын нийгэмд дасан зохицож, германчуудтай харилцахад хэцүү байдаг.
- Тэгвэл Япон улсын хувьд?
Давуу тал: Нийгмийн систем нь цэгцтэй, ойлгомжтой болохоор нийгмээс авах стресс бага бөгөөд хаана ч очсон үйлчилгээ сайн байдаг нь амьдрахад маш их тус болдог.
Сул тал: Би монголд буцаж ирээд л бусдаас тусламж хүсэхээс санаа зовж, биеэ барьдаг болсон байдлаа анзаарч, япончуудын бусдад төвөг удахгүйгээр амьдрахыг хэт их хичээдэг занг сурчихсан байснаа мэдсэн дээ. Хүмүүс нэгэнтээ л нийгмийг бүрдүүлж, хамтдаа амьдарч байгаа юм чинь бие биеэсээ тусламж аваад, бие биедээ тус дэмтэй, харилцаа холбоотой байх нь илүү зөв санагдсан. Тэр утгаараа японд хүмүүстэй дотносож нөхөрлөхөд жаахан хүндрэлтэй юм болов уу.
- Таны хувьд ямар ямар ур чадвар хамгийн чухал вэ?
Амьдралын явцад сурсан бүхий л чадвар бидэнд үргэлж хэрэг болдог хэдий ч өөрийн гэсэн үзэл бодол, зорилготой байж, аливааг эргэцүүлж бодох чадвартай байх нь хамгийн чухал гэж бодож байна.
- Та уншигчдад өөрийн зүгээс юу гэж хэлмээр байна вэ?
Өөрийнхөө хувьд үнэ цэнтэй зүйлсээ олоод өөрийн гэсэн амьдралаараа амьдраарай. Бас эрүүл мэнддээ анхаарч байгаарай.
- Ингээд бидний зүгээс асуух асуултууд дууслаа. Цаг заваа гаргаж туршлагаасаа хуваалцсанд баярлалаа.