Sant Journal Interview #35

Sant Journal
3 min read5 days ago

--

  • Сайн байна уу? Бидний урилгыг хүлээн авсанд маш их баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулаач?

Ярилцлагад урьсанд баярлалаа. Намайг Энхлэн гэдэг, Сант сургуулийн 2016 оны төгсөгч. АНУ-ын University of Colorado Boulder-т механик инженерчлэлийн чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалаад монголдоо буцаж ирж мэргэжлийнхээ дагуу хоёр ажил ажилласан. Одоо Германд магистраа хамгаалж байгаа.

  • АНУ руу их сургуулийн өргөдлөө явуулж байсан үйл явцаасаа хуваалцвал?

University of Colorado Boulder дэлхийн шилдэг 100 их сургуулийн нэгт багтдаг тул Төрийн сангийн тэтгэлгээр (ТСТ) сурсан. ТСТ-ийн талаар багш нар, дээд ангийнхнаас гадна Америк дахь Монгол Оюутнуудын Холбоо буюу AMSA-гийн Best University Opportunity Program (BUOP)-д хамрагдаад мэдэж авсан.

Стандарт шалгалтуудын хувьд SAT I, II (SAT II одоо хүчингүй болсон )-г өгсөн. Манай сургууль математик, физикийн хичээлийн суурийг минь маш сайн тавьж өгсөн учраас SAT математикийн шалгалтууд харьцангуй хялбар байсан ч англи хэлний хэсэг нь жаахан хүндрэлтэй санагдаж байсан шүү.

  • Төрийн сангийн тэтгэлэг авахын тулд ямар материал бүрдүүлэх шаардлагатай вэ?

Уг тэтгэлгийг авахын тулд бүрдүүлэх материал ба шалгууруудаас дурдвал:

  • Суралцахыг хүссэн их сургуульдаа тэнцсэн байх ёстой. Тэнцсэнээ баталгаажуулж их сургуулийн урилгаа тэтгэлгийн өргөдлийн маягтдаа хавсаргаж байсан.
  • Тодорхой мэргэжлийн дагуу суралцахыг шаарддаг.
  • Эсээ, дүнгийн хуулбар, тодорхойлох захидал зэрэг их сургуульд өргөдлөө илгээхэд шаардлагатай материалуудыг бүрдүүлсэн.
  • Хоёрдугаар шатандаа ярилцлага өгдөг.

ТСТ-ийн давуу ба сул талаас дурдвал?

Давуу тал:

Зээл биш тэтгэлэг учраас эргүүлж төлөх шаардлагагүй ба эх орондоо буцаж ирээд мэргэжлийнхээ дагуу ажиллаж, нийгмийн даатгал төлөх нөхцөлтэй байдаг.

Сул тал:

ТСТ нь зөвхөн сургалтын төлбөрийг дааж, амьжиргааны зардал зэрэг бусад зардлаа өөрөө зохицуулдаг тул санхүүгийн бололцоогоо тооцоолох хэрэгтэй.

  • АНУ-д суралцаж байсан дурсамжуудаасаа хуваалцаач?

Америк оюутнууд аливааг сурч мэдэх хүсэл эрмэлзлээсээ айж ичилгүйгээр, өөрсдийгөө чөлөөтэйгөөр илэрхийлж, асуулт асууж чаддаг зан нь надад их таалагдсан. Нэг удаа оюутны байранд хамт амьдардаг оюутнууд зурагтын өмнө тойрч суугаад, хөл бөмбөг үзэж байгаа аятай их шуугиж байлаа. Тэгээд юу болоод байгааг нь сонирхоод очиход бүгд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг үзээд сууж байсан. Үүнээс л Америк оюутнуудыг улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, дуу хоолойгоо өргөдгийг мэдэж авсан даа.

Их сургуулийн мэргэшлийн хичээлийн хувьд анх өргөдлөө явуулж байхдаа “Open option engineering” гэдгийг сонгож байсан. Open option engineering-ийн дагуу инженерчлэлийн ерөнхий ойлголтууд, хичээлийг судлаад хичээл төлөвлөлт ба мэргэжил сонголтын талаар зөвлөгөө авч, өөр өөр салбарын профессоруудтай холбогдсоны үр дүнд өөрт хамгийн их тохирох салбар буюу механик инженерчлэлийн чиглэлийг сонгосон.

  • ТСТ-ээр суралцсан бол заавал эх орондоо буцаж ирж ажиллах ёстой байдаг. Буцаж ирээд мэргэжлийнхээ дагуу ажилласан түүхээс хуваалцвал?

Бакалаврын зэргээ хамгаалсны дараа тэтгэлгийн нөхцөлийн дагуу монголдоо ирж Оюу Толгойд ажилласан. Ажиллахад хэрэгцээтэй бүхий л зүйлсийг байгууллагаас цаанаас нь бүрдүүлж өгсөн учраас ажиллахад их таатай.

Эх орондоо сурсан мэргэжлийнхээ дагуу ажиллаж, ажлын туршлага хуримтлуулахын хажуугаар магистрын зэргээр суралцах салбараа олох чухал байсан учраас бакалавраа дүүргээд шууд магистраар суралцаагүй. Ажлын байрын амьдралыг өөрийн биеэр мэдэрсний дараа буюу хоёр жилийн дараа Герман улс руу явж магистраа хамгаалахаар шийдсэн.

  • Та яагаад Герман улсыг сонгосон бэ?

Герман улс дэлхийд инженерчлэлийн чиглэлээр тэргүүлдэг орнуудын нэг бөгөөд иймдээ ч “Made in Germany” гэх тэмдэглэгээ хамгийн сайн чанар, стандартыг илэрхийлдэг. Сургалтын чанараас гадна их сургуулиуд нь үнэ төлбөргүй байдаг. Цаашилбал, Америк соёлыг мэдрээд үзсэн болохоор Европ соёлтой танилцахыг хүссэн.

  • Та их сургуульд суралцах явцдаа сурсан “life hack”-уудаа бидэнтэй хуваалцаач?

Зарим үед хичээлээсээ тараад хоол хийх цаг байхгүй үед амралтын өдрүүдээр банш хийж, хөлдөөсөн баншаа идэхээр амар байдаг байсан.

  • Та сурагчийн амьдралаа хэдэн үгээр илэрхийлээч?

Дурсамжтай, завгүй, дотно.

  • Харин оюутны амьдралаа хэдэн үгээр илэрхийлбэл?

Сорилоор дүүрэн, шинэлэг, өөрчлөлт дагуулсан.

  • Арван жилийн сурагчдад та юу гэж зөвлөмөөр байна вэ?

Сахилга баттай байх хамгийн чухал байдаг. Хэн нэгнээр хэлүүлж байж хөдөлдөг чанартай хүүхэд амжилт гаргах нь бага. Мөн цагаа үр дүнтэй хуваарилж, цагийн зөв менежменттэй байх чадварыг өөртөө суулгах хэрэгтэй. Их сургуульд орохоор бүх үйл ажиллагаа, хичээлийг өөрөө төлөвлөдөг. Гадаадад очоод өөрийн хүрээллээ олох хэрэгтэй юм шүү. Тэгэхгүй бол гэр бүлээсээ хол байдаг учраас их ганцаардаж, хэцүү байдаг.

  • Ингээд бидний зүгээс асуух асуултууд дууслаа. Цаг заваа гаргаж туршлагаасаа хуваалцсанд баярлалаа.

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet