Sant Journal Interview #4
Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Та өөрийгөө товч танилцуулаач.
Намайг Э.Бөртэ-Үжин гэдэг. Би Сант сургуулийн 2019 оны төгсөгч. Одоогоор АНУ-ын Los Angeles хотод байрлах UCLA буюу University of California, Los Angeles-д “Санхүүгийн математик” мэргэжлээр 1 дүгээр курсэд суралцдаг.
Яагаад энэхүү мэргэжлийг сонгох болсон бэ?
Би ямар нэг шинжлэх ухаанаар суралцах сонирхолтой байгаа. Ерөнхийдөө байсан гурван сонголтын нэг нь Санхүүгийн математик, үлдсэн хоёр нь Astronomy, Film study байсан. Сантын төгсөгч болохоор ч тэр үү, надад хамгийн дөхөм шинжлэх ухаан нь математик тул энэхүү мэргэжлийг сонгосон.
Одоо ингээд их сургуулиудтай холбоотой асуултаа эхлэе. Та Сантад суралцаж байхдаа ямар нэгэн клуб, дугуйлан, олимпиадын бэлтгэл зэрэг хичээлээс гадуурх ажилд хамрагддаг байсан уу?
Миний хамгийн их оролцсон хичээлээс гадуурх үйл ажиллагаа бол Сант сургуулийн “Debating club” буюу мэтгэлцээний клуб байсан. Би анх 9 дүгээр ангиасаа элсэн ороод, 11 дүгээр ангидаа Клубын ахлагч(President) нь болсон. Жил хагасын хугацаанд тэрхүү албыг хашсан ба мэтгэлцээний клуб миний хувьд хамгийн чухал зүйл байсан. Ахлах сургуульдаа сурсан чадварууд буюу судалгаа хийх, олны өмнө ярих, хүмүүстэй харилцах, сургуулиа төлөөлөх болон тэмцээнд ялагдаж хожигдох сурах гэх мэтийг мэтгэлцээнээс олж авсан гэж боддог. Түүнээс гадна MUN буюу Model United Nations-д оролцож байсан. Гэхдээ MUN надад тийм ч их тусалсан юм шиг санагддаггүй. Үнэхээр чамд энэ салбарт амжилттай яваад, хэрэгтэй зүйлээ олж байвал хэрэгцээтэй ч гэсэн би орсон гэдэг нэрнийх нь төлөө явдаг байсан юм шиг санагддаг. Мөн өөр би International Moot Court Competition буюу Загвар шүүх хуралын олон улсын тэмцээн уралдаанд оролцож байсан.
Таны сургуульдаа байхдаа гаргаж байсан хамгийн том амжилт юу вэ?
Яахын аргагүй 11 дүгээр ангид байхад “UB Debate Winter Tournament” дээр финалын шатанд манай сургууль ISU -ийн эсрэг өрсөлдөөд Best speaker буюу шилдэг илтгэгч болсон маань миний хувьд хамгийн том амжилт. Би өөрөө 8 дугаар ангид байхдаа мэтгэлцээнийг нь үзэж суралцдаг байсан хүнийхээ эсрэг өрсөлдөөд уг шагналыг хүртсэн нь өөртөө итгэх итгэл болоод асар их урам зоригийг өгч байсан.
Их сургуулиудийн ѳргѳдлөө явуулах үйл ажиллагаа гэдэг ѳѳрѳѳ нэлээн том даваа. Тиймээс та ер нь хэзээнээс шалгалтуудаа өгч, ѳргѳдлөө бэлдэж эхэлсэн бэ?
Анх 11-р ангийнхаа хавар SAT шалгалт өгсөн. Харин зун нь АНУ-д SAT-н сургалтад хамрагдаж байсан бөгөөд анхаарал сарниулах элдэв зүйлсээс хол тухайн цаг хугацаагаа 100% өргөдөлдөө зарцуулдаг өглөө нь сургалтандаа явж, өдөр нь сургуулиудынхаа эсээн дээр ажилладаг байсан. Гурван долоо хоногийн уг сургалтаас гадна Khan Academy болоод бусад материалуудыг ашиглан хувьдаа бэлдсээр шалгалтуудаа өгсөн.
Ѳргѳдлийн үйл явц,гадаадын их сургуульд элсэх гээд олон бэрхшээл саад гарч ирдэг шүү дээ. Та ер нь яаж үүссэн бэрхшээл, стресстэй нүүр тулдаг байсайн бэ?(stress management)
Миний хувьд өргөдлөө бэлдэх явцад тэгж их бухимдал төрөөгүй. Ерөнхийдөө хийж байгаа зүйлээ өөртөө аль болох сонирхолтой талаас харах нь зүйтэй гэж боддог. Тэгж чадвал ажлын бүтээмж илүү үр дүнтэй байх болно. Өөрийн чинь сонирхлыг татдадгүй зүйлс эсээний чинь тохиромжтой сэдэв болж таарахгүй. Харин шалгалтуудын тухайд гэвэл огт мэдэхгүй зүйлс олноор гарч ирдэг, тэр бүхнийг цээжлэн тогтоох шаардлагатай байдаг тул тодорхой хэмжээний стрессийг өгдөг. Гэвч дараа нь бодоод үзэхэд амьдралд ганцхан удаа тохиох мөч болохоор тэр үеийнхээ урам зоригоор саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй.
Их сургуулийн өргөдлийн хамгийн чухал хэсэг нь Personal Statement байдаг шүү дээ. Та өөрийн Personal Statement-ийн санааг хэрхэн олж байсан бэ?
Эхлээд өөрийнхөө хамгийн ихээр сонирхлыг татдаг зүйлээ олох хэрэгтэй. Тухайн сэдэв нь юуны ч тухай байж бөгөөд хүн болгоны сонгодог нийтлэг сэдэв байсан ч хамгийн гол зүйл бол өөрийгөө бүрэн илэохийлэх. Энэ ч утгаараа би өөрийнхөө эсээг хүн уншихад ойлгомжтой, тодорхой байлгах тал дээр анхаарч түлхүү бичсэн.
Өргөдлөө явуулаад сургуулиудаас хариу ирэх хүртэл 3 орчим сар хүлээдэг. Уг хугацаанд яг юу бодогдож байв?
Эхний 2 сар бол яахав аяандаа өнгөрөөд өгнө. Харин хариунууд ирэх сүүлчийн сард өөрийн эрхгүй сандарч эхэлдэг. Уг нь би бүх сургуулийнхаа хариуг нээхгүй хүлээж байгаад нийтэд нь үзэж ‘Reaction video’ маягийн зүйл хийе гэж бодож байсан. Гэвч сэтгэл хөдлөлдөө баригдаад чадаагүй.
Нийт хэдэн сургуульд өргөдлөө илгээснээс хэдээс нь тэнцсэн хариу авав?
10 сургуульд өөрийн өргөдлийг явуулсан. Харин тэдний 4-өөс нь тэнцсэн хариуг сонссон.
Америкийн их сургуулиуд “vibe” нийлдэг хүүхдүүдээ авдаг гэж яригддаг. Танай сургууль таны юуг харж элсүүлсэн гэж боддог вэ?
UC-ийн сургуулиудад манай улсаас тийм ч олон хүүхэд apply-даж байгаа харагддаггүй. Одоогоор UCLA-д надаас гадна ганцхан Монгол оюутан байдаг. Миний шалгалтын оноо тийм ч өндөр байгаагүй бөгөөд ерөнхийдөө бичсэн эсээнүүдээрээ л өөрийгөө бүрэн дүүрэн харуулж чадсан гэж хувьдаа боддог.
Их сургуульдаа тэнцээд ямар хүлээлттэй(expectation) байсан бэ?
Хамгийн анх онгоцонд суух үеэс л нэг гоё мэдрэмж төрж эхэлсэн. Өөрийн гэр бүлээ орхиод нэгэн том зорилгыг тээгээд явж байгаа гэж бодохоор маш их догдолж байсан. Сургуулийнхаа зургийг би интернэтээс л харж судалж байснаараа төсөөлж явсан. Энэ ч утгаараа анх очоод харахад яг л бүх зүйл миний төсөөлснөөр байсан бөгөөд хүмүүс нь надад их найрсаг мэдрэмжийг төрүүлсэн.
Тэгвэл сургуульдаа анх очоод тулгарсан бэрхшээлүүдийн талаар дурдвал?
Анхнаасаа хичээлүүдийн түвшин амархан байхгүй гэх сэтгэл зүйн бэлтгэлтэй очсон бөгөөд яг л бодсоноор минь байсан. Харин нэг бэрхшээл нь “гэрээ санах” бөгөөд энэ нь бүхий л оюутнуудад тулгардаг зүйл. Миний хувьд 3 хоногийн дараанаас гэхэд л тэнд аль хэдийн дасчихсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөөд ирэхээр аяндаа л дасан зохицох хэрэгтэй болно. Одоо бол энэ орчин надад төрсөн гэрээс минь ялгаагүй л санагддаг болсон.
Хамгийн ойрын тѳлѳвлѳгѳѳ юу байна?
Энэ зуныхаа цагийг сайн ашиглаж Programming төрлийн хичээлүүдийг бие даан суралцах зорилготой байгаа. Программын олон төрлийн хэлүүдийг сурч, дараа жилээс дадлагын ажил хийхийг төлөвлөж байна.
Харин холын зорилго болон мөрөөдлийн талаар?
Яг одоогийн байдлаар бол Санхүүгийн чиглэлээ тууштай хөөж, “Goldman Sachs” компанид ажиллахыг хүсдэг.
Таны бодлоор гадаадад сурахын давуу тал юу байдаг юм бол?
Өндөр чанарын мэдлэг боловсролыг олж авах нь бол ойлгомжтой. Хамгийн чухал нь миний хувьд өөр улсын соёлоос суралцаж нүд тайлах явдал юм. Үүнээс гадна өдөр бүр шинэ хүмүүстэй танилцаж, танилын хүрээгээ зузаатгадаг. Мөн хувь хүний хувьд хариуцлага гэх зүйлд суралцахын чинээгээрээ бие даах чадварыг эзэмшдэг.
Хэрэв та ахлах ангидаа буюу 10 дугаар ангидаа буцаад очсон бол цагийг юунд зарцуулах байсан бэ?
Сургуулиудын талаар илүү судалгаа хийх байсан. Өргөдлөө явуулах үед надад яг мөрөөдлийн сургууль гэхээр зүйл байгаагүй. 10-р ангийнхаа цаг үед буцаад очсон бол заавал алдар нэр гэлтгүй яг л өөрт таарсан ’liberal arts’ их сургуулиудын талаар гүнзгий судлах байсан байх.
Доод ангийнхаа дүү нарт алтан зѳвлѳмж хайрлаач гэвэл юу гэж хэлэх вэ?
Дан ганц АНУ-ын Их сургуулиуд руу битгий 100% анхаарлаа хандуулаасай гэж хэлмээр байна. Хэдий давуу тал асар олон байгаа ч гэсэн түүнийгээ дагаад сургалтын төлбөр тэргүүтэй олон хүнд зүйлс байдаг тул гагцхүү өөртөө тохирох сургуулийн талаар судалгаа сайн хийх хэрэгтэй.
Унших гоё ном санал болговол?
Би Classic төрлийн ном түлхүү унших сонирхолтой. Энэ ч утгаараа “The Picture of Dorian Gray” хэмээх зохиол сэтгэлд минь их тод үлдсэн байдаг. Зарим хүмүүс номыг ойлгохгүй байсан ч уншаад бай гэдэг ч миний хувьд өөрөөр боддог. Нэг номыг бүрэн ойлгох хүртлээ хэдэн ч удаа хамаагүй давтан унших нь надад ‘ном уншиж сурах’ чадварыг өгсөн.
Англи хэлээ хэрхэн сайжруулсан бэ? Ер нь сурсан түүхээсээ хуваалцаач
Ер нь багаасаа Англи хэл дээр хүүхэлдэйн кинонууд үздэг байсан. Бага ангидаа Сантис төвийн Англи хэлний сургалтанд явж, анхан шатны зүйлс болох гол дүрмийн хичээлүүдээ Сантис болон Сант сургуульдаа үзсэн. Ер нь ч тэгээд өдөр тутам үзэж хардаг зүйлс маань Англи хэл дээр байсан учир яваандаа бага багаар хэлний мэдлэг дээшилсэн гэж хэлж болно.
Таны хувьд Сант сургуульд сурах ямар давуу талтай вэ? Та ѳѳртѳѳ ямар ямар чухал зүйлсийг сурч авсан гэж боддог вэ?
Академик сургалтын түвшин бол мэдээж асар өндөр. Сантын хичээлүүд нь өөрөө их сургууль, шалгалтуудын бэлтгэл байж чадах хэмжээнд явагддаг. Миний хувьд одоо энэ сургуульдаа энэ мэргэжлээр суралцах нэгэн том суурийг Сант сургууль маань тавьж өгсөн.
Энэ бол манай хамгийн сүүлчийн асуулт. Арван жилийнхээ тэр нэгэн зүрхэнд хоногшсон хэзээ ч үл мартам дурсамжаасаа хуваалцаач?
Төгсөх жилийнхээ цэргийн баярын өдөр бид бөөнөөрөө цуглараад 12 жилийн турш хадгалсан сэтгэлийн үгсээ нэг нэгэндээ хуваалцаж, халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлсэн мөч хэзээ ч мартагддаггүй юм.