Sant Journal
9 min readApr 19, 2020

Sant Journal Interview #6

Сайн байна уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. Ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа.

Юуны түрүүнд өөрийгөө товч танилцуулаач.

Сайн байна уу? Намайг Мөнхтуяа гэдэг. Сант сургуулийн 2018 оны Цэнгэл багштай 12б ангийн төгсөгч байна. Одоогоор би Францын Парис хотноо загвар зохион бүтээгч мэргэжлээр ESMOD Paris их сургуульд хоёр дахь жилдээ суралцаж байна.

Таны мэргэжлээ сонгох болсон шалтгаан юу вэ?

Би багаасаа зурах дуртай хүүхэд байсан. Эдийн засаг, нийгмийн ухааны чиглэлээр явах боломжтой байсан ч өөрийн хүсэл мөрөөдлөө дагаад энэхүү мэргэжлийг сонгосон. 8 дугаар ангиасаа загвар, эсгүүрийн сургалтуудад суугаад хамт олноороо бренд нээж үзээд, энэ мэргэжил надад тохирох эсэх, цааш өргөжиж шат ахих тоолонд ямар байх болон давуу сул талуудыг мэдэрсний эцэст сонголтоо хийсэн. Мэргэжлээ сонгох гэж байгаа хүүхдүүдэд хандаж хэлэхэд, мэргэжил бүхэнд сайн болоод хэцүү зүйлүүд маш их байгаа. Тиймээс янз янзын байдлаар туршиж, өөртөө хэрэгжүүлж, үнэхээр надад тохирох зүйл мөн эсэхийг мэдсэнээр мэргэжлээ солих асуудал гарахгүй байх.

Хорол брендийн зураг авалтын хэсгээс

Та Сантад суралцаж байхдаа ямар нэгэн клуб, дугуйлан, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд хамрагдаж байсан уу?

8 дугаар ангийнхаа зун Ballerina Fashion Studio-д sketch-ийн сургалтад сууж байсан. Дараа нь 9 дүгээр ангидаа ороод эсгүүр, оёдолын сургалтад хамрагдаж байсан. Харин 10 дугаар ангидаа өмнө нь тэр сургалтыг дүүргэсэн хамт олон, багштайгаа нийлээд хувцас борлуулж түүгээрээ загварын шоуд оролцоод, зураг авалт хийж үзсэн. 12 дугаар ангидаа өмнө хийсэн бүхнээ нийлүүлээд портфолио(Портфолио гэдэг нь тухайн хүний загварын чиг баримжаа, үзэл бодлоо зурган хэлбэрээр илэрхийлсэн цуглуулга юм) бүтээсэн. Академик талаасаа технологи, зураг зүйн хичээлээр олимпиадад оролцож байсан.

Ахлах ангидаа гаргаж байсан хамгийн том амжилт тань юу вэ?

Мэргэжилтэй маань холбоотой гэвэл дөнгөж 11 дүгээр ангийн хүүхдэд хувцас хийгээд, бренд үүсгээд, түүгээрээ загварын шоунд оролцож, өөрийгөө нээсэн тэр үйл явц болон олон зүйлсийг амжуулж, өөрийн хүсэл сонирхлоо олсон маань миний хувьд амжилт гэж бодож байна.

“Хайр ба харуусал” зураг авалтын хэсгээс

Их сургуулиудын ѳргѳдлөө явуулах үйл явц гэдэг нэлээн том даваа. Тиймээс та хэзээнээс ѳргѳдлөө бэлдэж эхэлсэн бэ?

Мэдээж гадаадад суралцах сонирхолтой байсан тул Universal-ын англи хэлний сургалтад 10 дугаар ангиа төгсөөд хамрагдсанаар өргөдөлдөө бэлдэх үйл явц эхэлсэн. Харин 11 дүгээр ангийн зун Сант дээр их сургуульд элсэхэд туслах сургалтад хамрагдсан. Мөн IELTS- аа 12 дугаар ангийнхаа 11 дүгээр сард өгөөд, загварын сургуулийнхаа өргөдлийг өвлийн амралтаараа 3 жилийн турш хийсэн бүтээлүүдээрээ портфолио бэлдэж эхлүүүлсэн.

Европт сурахын давуу тал юу вэ?

Европын их сургуулиуд академик талаас их анхаарал хандуулдаг. Дадлагын болон онолын хичээлүүдийг маш сайн хослуулж чаддаг. Европт чи сурах бол Шингёний орны виз гэж гардаг тул Европын олон орноор хямдхан аялж, гайхалтай соёл, баялаг түүхтэй танилцаж, өөрийгөө нээх боломжтой нь маш том давуу тал. Оюутнуудыг их дэмждэг, тээврийн хэрэгсэлээр зорчиход хөнгөлөлт үзүүлэх, байр түрээслэхэд буцаан олголт өгч, Луврын музей үзэхэд оюутнууд үнэгүй гэх мэтчилэн. Мөн Европчууд цөөнгүй хэлээр ярьдаг учраас хэл сурах цаашлаад олон зүйлсийг шинээр мэдэх тэмүүлэлтэй болдог. Хамгийн гол нь гаднаас мэдээж дарамт шахалт орж ирэх ч гэсэн хэн ч чамайг өмссөн зүүснээр чинь шүүмжлэхгүй, их тайван. Парист хамгийн олон үндэстэн оршин суудаг учраас соёлын талаас илүү нээлттэй байж сурдаг. Эрүүл амьдралын хэв маягийг их дэмждэг.

Дизайнерын хувьд Парис загварын чиглэлээр тэргүүлдэг тул түүхийн өлгий болсон газарт нь амьдарна гэдэг маш том давуу тал.

Загварын их сургууль өргөдөл явуулах тал дээр жирийн сургуулиудаас юугаараа ялгаатай вэ?

Загварын сургуулиуд яг юу хийсэн, юу бүтээснийг болон тухайн хүний дотоод ертөнцийг портфолиор дамжуулж хардаг. Эсээ чухал ч гэсэн загварын талдаа сонирхож, харж буй өнцөг, мэдрэмж маш чухал. Манай ангид яг адилхан хичээл ордог мөртлөө дотроо бүгд дизайны хувьд өөр өөрийн үзэл бодолтой хүүхдүүд байдаг. Тиймээс өөрийн хэн болохыг портфолиороо илэрхийлдэг гэсэн үг. Мэдээж хэл чухал, энэ чиглэлээр бол зурах гэх мэт чадвартай байх хэрэгтэй.

”I hate that I love you” dress project-ын хэсгээс

Танай сургууль бусад сургуулиас юугаараа ондоо вэ? Загварын сургууль гэхээр ямар онцлогтой байдаг вэ?

Манай салбарын сургуулийн хувьд үр дүн нь бүтээлээр буюу илүү бодит байдлаар гарч ирдэг. Загварын салбар нь маш хурдацтай хөгждөг, улирал болгон шинэчлэгддэг тул тэр чинээгээрээ ашиг нь өсдөг. Дизайны салбар гэхээр л ганц хувцас оёод болчихно гэж хүмүүс андуурдаг. Харин ч дизайны мэргэжил олон чадварыг хольсон байдаг. Цоо шинэ нийгмийн асуудлыг хөндөж, хувцсаар дамжуулж илэрхийлдэг. Үүний тулд тухайн сэдвийн хүрээнд маш их судалгаа хийнэ. Нэмээд эсгүүрт л гэхэд хүртэл математик, логик их шаарддаг. Мөн дизайнерын чиглэлд багийн ажиллагаа чухал. Наад зах нь модельтойгоо харьцах тул харилцааны чадвар шаардана. Тиймээс олон зүйлсийг нийлүүлсэн цогц мэргэжил учир тухайн чиглэлээр суралцаж буй хүнд тал талын мэдрэмж болон чадвар хэрэг болдог онцлогтой.

ESMOD Paris их сургууль

Их сургуулийн өргөдлийн үйл явцад маш олон бэрхшээлүүд тулгардаг. Энэ үед тулгарч буй бэрхшээлтэй хэрхэн нүүр тулдаг байсан бэ?

Энэ тал дээр хамгийн түрүүнд гэр бүл, найз нөхдийн дэмжлэг их чухал. Манай гэр бүл надад итгэж байхад, би ч гэсэн нуулгүй бүх асуудлаа хуваалцсан. Надтай адилхан Европын их сургууль руу, ялангуяа энэ чиглэлээр явах хүүхэд манай сургуульд байгаагүй. Тиймээс бүх зүйл дээр ганцаараа ажиллах шаардлага гарсан. Тэгэхээр болоод ч байгаа юм шиг, болохгүй ч байгаа юм шиг санагдаад хэцүү байсан. Ийм учраас, хүнээс тусламж авахаас айж эмээх ямар ч шаардлагагүй. Өмнө нь хийж үзэж, адилхан тэр замыг туулсан хүнээс туслалцаа авах хэрэгтэй. “Мэдэхгүй” гэдэг асуудал хүн бүрт байгаа учраас бүх зүйлийг ганцаараа хийнэ гэвэл тийм ч амар биш. Одоо бодоход их олон хүн надад тусалжээ. Гэр бүл, багш нар, найз нөхөд болон манай ангийн хүүхдийн эгч надад загварын чиглэлээр юмаа бэлдэхэд их зөв чиглүүлж өгсөн. Тэр бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.

Их сургуулийнхаа “тэнцсэн” гэдэг хариуг аваад ямар мэдрэмж төрсөн бэ?

Би сургуулиа сонгохдоо, загварын чиглэлээр шилдэг гэсэн сургууль руу орно гээд зорилго тавьсан. Энэ жил тэнцэхгүй бол дахиад бэлдэж байгаад дараа жил өргөдлөө явуулна гээд шийдчихсэн. Сургуулиуд руугаа өргөдлөө явуулаад нэлээн хугацааны дараа эхний шатандаа тэнцлээ гэсэн хариу авсан. Дараагийн ярилцлагын шатанд орохдоо их бэлдэж, олон хүнээс туслалцаа авсан. Эхний жилийн дааж авах багш маань ярилцлага аваад, долоо хоногийн дараа хариу нь гарна гэж хэлсэн. Өөрийгөө бараг тэнцчихлээ дээ гээд итгээд санаа амар байж байтал, нэг орой унтах гээд mail-ээ шалгатал хариу маань цагаасаа эрт ирчихсэн бөөн баяр болоод ээж рүүгээ залгаж байсныг санаж байна.” тэнцчихлээ” гэдэг хариуг аваад өөрийн эрхгүй сэтгэл онгойгоод, уужраад ирсэн.

Танай сургууль таны юуг харж сонгон элсүүлсэн гэж боддог вэ?

Миний хийсэн портфолио монгол хэв маягтай байсан учраас хүлээж авсан хүмүүст харж байгаагүй зүйл гэсэн утгаараа сонирхолтой байсан байх. Нэг үгээр, “background” маань бусад орны хүүхдүүдээс ялгарсан. 7 Хятад хүүхдүүдийн хийсэн зүйлээс нэг Монгол хүүхдийн хийсэн юм нь мэдээж өөр харагдана. Түүнээс гадна үүний төлөө олон туршлага хуримтлуулж өөрийгөө энэ чиглэлд хүсэл мөрөөдөлтэй гэдгээ баталж чадсан болохоор сонгосон байх.

Их сургуулийн амьдралын талаар ямар хүлээлттэй байсан бэ? Очоод үзтэл бодит байдал ямар байсан бэ?

Би “Хаана ч байсан хэрхэн Парисчууд шиг байх вэ?” гэдэг номыг очихоосоо өмнө уншаад Парисыг дурлалын хот, загварын хот, тэнд сураад хажуугаар нь аялах байх гэж дандаа сайн талаар нь төсөөлөөд бараг л “ураад, тасдах” юм байна л гэж бодтол бодит байдал дээрээ тэс ондоо байсан. Маш өндөр хариуцлага над дээр бууж ирсэн. Өөрөөр хэлбэл бүхий л зүйлийг буюу банк, бичиг баримт гээд хөөцөлдөх хэрэг гарч ирдэг юм байна лээ. Дээрээс нь монгол хэл дээр хичээлээ үздэг байж байгаад гэнэт Англи хэл дээр лекцүүд явагдаад эхлэнгүүт ойлгоод ч байгаа юм шиг, ойлгохгүй ч байгаа юм шиг бүх л зүйлд дасан зохицох хэрэг гарсан. Хүмүүст хандаж хэлэхэд, сурах гэж байгаа газар луугаа өмнө нь аялж үзээд, бодит байдлыг нь харж таних хэрэгтэй юм шиг санагдсан.

Их сургуульдаа ороод бүтээсэн таны хамгийн гоё зүрхэнд хоногшсон дурсамж юу вэ?

Манай хичээл байнга project хийж явдаг. Эхний жилийн сүүлийн project маань их дурсамж болж үлдсэн. Хамгийн сүүлийн project дээр миний бүх хичээл зүтгэл, өмнө нь сурсан мэдлэг, үзэл бодол маань шингэсэн. Манай их сургууль 6 дугаар сард эхний хоёр жилдээ суралцаж буй оюутнуудын хийсэн бүтээлүүдээр загварын шоу зохион байгуулдаг. Олон сурагчдын дундаас зөвхөн 12 бүтээлүүдийг оруулдаг ба миний 3 бүтээл тэнд орчихсон байсан. Хамгийн гоё нь манай ангийн 32 оюутнаас 6 даашинз л сонгоход мөн л миний урласан даашинз шалгараад тэрийгээ өөрөө өмсөөд алхахад олон хоног нойргүй хоносон шөнүүдийн маань үр дүн гарч ирсэн. Багш маань миний даашинзыг авч үлдээд ESMOD-ын 30 гаруй салбар сургуулиудын семинараар Солонгост очиж танилцуулсан юм байна лээ. Тэр үед хичээл зүтгэлээ үнэлүүлсэн маань хамгийн гоё дурсамж байсан.

“I hate that I love you” dress project-ын хэсгээс

Өөрийнхөө сурдаг их сургуулийг магтвал?

Манай сургууль загварын чиглэлээрээ дэлхийд үргэлж эхний 10-т байдаг. Харин Францдаа хамгийн шилдэг нь бөгөөд 1871 оноос 2 зуун дамжсан туршлагатай гайхалтай сургууль юм. Мөн дадлага, онол хоёр байнга зэрэг явагддаг. Түүнчлэн Парист загварын долоо хоногууд болоход шоуны ард ажиллах боломж гарч ирдэг. Манай сургууль заруудыг олоод, сурагчидтай холбоод өгчихдөг учраас том том брендүүдэд ажиллаж туршлага хуримтлуулах боломжтой. Төгсөөд алдартай брендүүдэд ажиллах ажлын байр нээлттэй байдгаараа онцлогтой.

Таны ойрын зорилго юу вэ?

Хамгийн түрүүнд сургуулиа амжилттай төгсөх болоод Франц хэлээ сайжруулах зорилготой байна. Мөн өөрийн хүсэж байгаа компанид ажилд орох хүсэлтэй байгаа.

Таны холын мөрөөдөл, зорилго юу вэ?

Манай мэргэжлийн хүмүүсийн мөрөөдөл ихэвчлэн өөрийн нэрийн бренд зохион бүтээх байдаг. Түүнээс өмнө туршлага сайн хуримтлуулж, боловсрох чухал учраас цааш үргэлжлүүлэн бусад сайн гэсэн сургуулиудад мэргэжил дээшлүүлэх талаар төлөвлөж байна. Гол нь Монгол улсынхаа нэрийг дэлхийд гаргана аа.

Гадаадад сурахын давуу тал таны бодлоор юу вэ?

Монголдоо бид 3 сая хүний хүрээнд л сэтгэдэг. Гадагшаа гараад 60 сая хүний дотор орвол “би” гэсэн үзэл их өөрчлөгддөг. Хувь хүний үзэл бодол, соёл, хариуцлагын хувьд гээд бүх талаар нүд нээгддэг. “Миний мэдэхгүй, чадахгүй зүйл зөндөө байгаа юм байна” гэдэг дохио өгдөг буюу юмсыг харах хүрээ өргөсдөг. Хоёрдугаарт, өөрөө өөртэйгээ нүүр тулдаг. Өмнө нь ерөөсөө жинхэнэ өөртэйгээ нүүр тулж үзэж байгаагүй санагдсан. Одоо бол би үнэхээр ийм хүн юм байна гэж ойлгоод өөрийгөө хайрлаж, хоол унд гээд санхүүгийн талаас бие дааж сурсан.

Эргээд ахлах ангидаа очсон бол цагийг юунд зарцуулах байсан бэ?

Компьютер дээр ажиллаж сурах гээд өөрийгөө хөгжүүлж, Франц хэлээ сурах байсан. Мөн өөрийгөө илэрхийлж, харилцааны соёлд суралцах байж. Бид нар харилцааны тал дээр ичимхий, “Энэ юу гээд бодчих бол” гэсэн айдастай байдаг. Яг үнэнийг хэлэхэд хэн ч чиний талаар боддоггүй. Юу хэлэхийг хүсэж байна түүнийгээ хэлж, хиймээр байгаагаа хийж өөрийгөө илэрхийлж сурах байсан. Хамгийн чухал нь тухайн цаг хугацаа мөчийг хайрлаж, үнэлэх байсан. Ахлах ангидаа их сургуулийнхаа талаар л бодоод цаг хугацааг гоё мэдэрч чадаагүй санагддаг.

Доод ангийн дүү нартаа алтан зөвлөмжөө хайрлаач

Хүүхдүүд ихэвчлэн “Сургуулиа төгсөөд математикийн 7 томьёо яг үнэндээ хэрэггүй биздээ” гэсэн хандлагатай байдаг. Яг үнэндээ математик хүүхдийн оюун ухааныг задалж өгдөг. Бодлого бодож, хариуг гаргаж, бодлогыг батлаж сурна аа гэдэг маань амьдрал дээр асуудалд логик сэтгэлгээгээр хандахад тусладаг. Монгол хүүхдүүд юмыг монголчилж хараад сурчихсан, асуудлыг шийдвэрлэх чадвартай байдаг бол гадаад хүүхдүүд бусдаас заавар хүлээгээд байдаг. Энэ маань математик суурьтай сэтгэлгээ ирээдүйд маш их хэрэгтэй гэдгийг нотлоно.

Мөн хүүхдүүд бусдыг их таних гэж оролддог мөртлөө өөрсөд дээрээ ажиллаж чаддаггүй. Тиймээс хэн нэгнийг хайрлахаасаа өмнө өөрийгөө хайрлаасай гэж хүсэж байна.

Таны хувьд өөрийн гэсэн сурах тусгай арга барилтай юу?

Миний хувьд эсгүүр, оёдол хийхдээ хажуугаар нь подкаст ч юм уу, хөгжилтэй зүйлс тавиад сонсдог. Тэгэхээр удаан хугацаагаар суухад тус болдог.

Таны хувьд Сант сургуульд сурах ямар давуу талтай вэ?

Юуны түрүүнд академик тал дээр сайн гэдэгтэй хэн ч маргахгүй байх. Сантынхан хоорондоо амь нэгтэй юм шиг санагддаг. Бие биенийгээ ялгаварлахгүй бүгд бүлсэг байж чаддаг. Багш нар маань биднийг буруу зүйл хийхэд загнадаг ч гэсэн нэг л дулаахан ээж шиг байдаг. Биднийг их хайрладаг. Манай багш нар мундаг шүү.

Сантад сурснаар та ямар ямар зүйлсийг сурч авсан гэж боддог вэ?

Сууж сурсан. Их сургуульд энэ чадвар их хэрэг болдог. Сантад сурснаар биеэ дааж, ачаалалтай байсан ч түүнтэйгээ дасан зохицох чадвар суудаг. Мөн бусад амжилттай яваа сурагчид, төгсөгчид бидэнд мотиваци өгч гадаадад сурах талаар сургуульдаа итгэх итгэлтэй болдог.

Энэ бол манай хамгийн сүүлчийн асуулт. Арван жилийнхээ тэр нэг зүрхэнд хоногшсон хэзээ ч үл мартам дурсамжаасаа хуваалцаач

Ангийнхантайгаа байсан хором мөч бүхэн үнэ цэнэтэй байжээ. 10 дугаар ангидаа байхад бид хэд шинэ жил тэмдэглэх гээд ангиараа төв бассейн дээр очиж зааланд нь бүжгийн номерээ бэлддэг байсан. Тэр үед би эсгүүрийнхээ сургалтад суудаг. Нэг өдөр оёдлын машинаа хичээл дээрээ авчирчихсан, хичээлийн дараа бэлтгэлээ тараад нөгөө машинаа тэвэрч явж байгаад хальтраад уначихсан. Хүн хальтарч унавал өөрийгөө боддог доо, би тэгсэн оёдлын машинаа эвдлэхгүй гээд тэвэрчихсэн өөрөө тас хийтэл унасан чинь манай найзууд цаана очиж инээгээд, тухайн үед хамт явж байсан эрэгтэй найзууд маань ердөөсөө инээгээгүй, “зүгээр үү” гэж намайг босгоод, би чинь өдий том болсон хүүхэд хальтраад уначихсан гэж ичээд битгий хэлээрэй гээд л өнгөрсөн. Маргааш нь ангийн багшийн цаг дээр нөгөө эрэгтэй найз маань анги даяар тэр явдлыг ярьж өгөөд, “Мөөжий нөгөө оёдлын машинтайгаа унаад” гээд л би чинь онигоонд орсон юм даа. Тэгж ярьж өгсөн хүүхэд нь Эрд шүү, сайн бичээд ав. (Инээв)

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet