Sant Journal Interview#8

Sant Journal
5 min readApr 25, 2020

--

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгөхөөр болсонд баярлалаа. Юуны түрүүнд өөрийгөө товч танилцуулаач?

-Сайн байна уу? Урьж оролцуулсанд баярлалаа. Намайг Батжаргалын Хулан гэдэг. Би Сант сургуулийн 2017 оны төгсөгч. Одоогоор Франц улсын Сорбонн их сургуульд (Sorbonne Université) эхний жилдээ суралцаж байна.

Та одоогоор ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Би анагаах ухаанаар суралцаж байгаа ч цаашдаа биологийн чиглэлийг сонгох сонирхолтой байгаа. Биологийн шинжлэх ухааныг 8 дугаар ангиасаа судлаж эхэлсэн. Тэр үед Америкт нэг жил сураад ирэхэд ангийнхан маань бүгд математик, хими, физик, газарзүй гээд чиглэлээ сонгочихсон байхаар нь жаахан хүүхэд сониуч зандаа хөтлөгдөөд биологийн олимпиадын бэлтгэлд хамрагдаж билээ. Түүнээс хойш хүрээлэн буй орчин болон хүний бие дотор юу болж байна гэдгийг судлаад ирэх тусам биологийн шинжлэх ухаанд дурлаж эхэлсэн.

Яагаад Европын оронд сурахаар шийдвэрлэсэн бэ?

-Монгол хүүхдүүд ихэвчлэн “Америк” гэсэн хандлагатай, дэлхий дээр ганц Монгол болон Америк гэх хоёр улс байдаг юм шиг хардаг. Европын их сургуулиудад элсэхэд SAT, TOEFL гэх мэт шалгалтууд шаардлагагүй, харин суралцах улсынхаа хэлийг эзэмшсэнийг нотлох шаардлагатай шалгалтыг нь өгдөг. Нэмэлтээр яагаад тухайн сургуульд суралцах сонирхолтой байгаа эсэхээ илэрхийлсэн эсээг явуулна. Гол нь Европ тивийн ‘Улсын их сургууль’-ууд үнэ төлбөргүй бөгөөд зөвхөн өөрийн амьдрах зардлаа л даадгаараа онцлогтой. Мөн миний хувьд энд хүрч ирээд олон шинэ зүйлс сурч авсан. Одоогоор би бараг Франц улсын түүхийг Монголын түүхээс сайн мэддэг болсон. Арван жилдээ биологийн хичээлээ л хөөгөөд бусад хичээлээ орхигдуулдаг байсан бол энд ирээд амьдралд олон зүйлсийг суралцах хэрэгтэй гэдгийг ухаарсан.

Бусад улстай харьцуулахад Европын орнуудын амьдрах зардал хэр их байдаг вэ?

-Европт амьдрах өртөг ерөнхийдөө бага зэрэг өндөр. Гэхдээ Парисыг бодвол оюутан ихтэй бусад хотууд харьцангуй хямдхан юм шиг санагдсан. Хамгийн гол нь тус сургуулиудын төлбөр нь үнэгүй байдаг нь оюутнуудад маш том дэмжлэг болдог.

Танай их сургууль бусад орны сургуулиудаас юугаараа онцлог вэ?

-Франц улс их баялаг үүх түүхтэй. Музейгээс авхуулаад үзэж харах зүйлс нь дуусдаггүй. Мөн Франц улсын эмнэлэгт үзүүллээ гэхэд ихэнх төлбөрийг засгийн газраас нь төлөх гэх мэтээр нийгмийн халамж өндөртэй. Сорбонны их сургууль нь 13-р зуунд байгуулагдсан хамгийн анхны сургуулиудын нэг бөгөөд анхны эмэгтэй Нобелийн 2 удаагиийн шагнал хүртсэн физикч Мэри Кюригийн их сургуультай нэгдсэн. Мөн анхны эрхтэн шилжүүлэх мэс засал хийгдэж байсан нь Франц улс дэлхий даяар эмнэлгийн системээрээ алдартай болгосон бөгөөд хамгийн сайн гэсэн эмнэлгийн сургуулиудын тоонд манай сургууль зүй ёсоор багтдаг.

Ахлах ангид суралцаж байхдаа гаргасан хамгийн том амжилт тань юу вэ?

-Сант сургуульд сурч байхдаа Биологийн олон улсын олимпиадаас медаль авж байсан маань хамгийн том амжилт. Нэг хичээлдээ олон жил хөдөлмөрлөж, сууж сурсны маань шагнал хожим энэ замаар гарч ирсэн байх.

Олон улсын олимпиадаас мөнгөн медаль авна гэдэг гайхалтай зүйл. Уг шагнал танд их сургуульд элсэхэд тань нөлөөлсөн үү?

-Мэдээж хэрэг нөлөөлсөн гэж боддог. Өөрийнхөө улсыг төлөөлөн олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөөд шагнал хүртэнэ гэдэг том амжилт. Манай их сургууль хөгжингүй орны хүүхдүүдтэй энэ тэнцүү өрсөлдөн гарч ирсэн үзүүлэлтээр маань сонгож авсан байх гэж боддог.

Их сургуулийн өргөдөл явуулахад арван жилээ дөнгөж төгссөн хүүхдэд олон бэрхшээлүүд тохиолдоно. Таны хувьд ямар саад тотгортой нүүр тулж байсан бэ?

-Би Францад хүрч ирээд өргөдлөө явуулж байсан. Европын их сургуулиудад элсэнэ гэдэг тийм ч хэцүү биш. Хамгийн гол нь хэлээ төгс эзэмшсэн байхад асуудалгүй.

Европын их сургуулиудын сурагчдынхаа юуг харж авдаг вэ?

-Европын их сургуулиудад, ялангуяа Францад бүх зүйл эрх тэгш байдаг. Уриа нь л гэхэд “Бүгдэд эрх тэгш байдал, ахан дүүсийн холбоо” гэсэн утгатай. Тиймээс Европд сургуульд тэнцэхгүй байна гэсэн асуудал байдаггүй. Бүх хүүхдүүдийг авах ёстой, харин цаашлах явцдаа шалгалт аваад сурагчдаа шигшиж үлдээдгээрээ давуу талтай. Тийм учраас 20 болон 30-тай хүмүүс ч гэсэн 2,3-р курсдээ улираад сууж л байдаг.

Их сургуульдаа тэнцээд яг ямар мэдрэмж авсан бэ?

-Би гадаадын оюутан гээд Францад гуравхан сургууль руу apply хийх ёстой, тэр гурав нь шаталсан системтэй. Эхний сургуульдаа тэнцэхгүй бол тэр сургууль нь дараагийн сургууль руу анкетийг чинь явуулдаг. Эхний сургуулиас нь тэнцэхгүй гэдэг хариу аваад, “Нээх мундаг Франц явж сурна гэсэн хүн байхгүй шүү” гээд сэтгэлээр унаж байтал одоогийн сургуульдаа тэнцэж билээ. Францад анагаахын чиглэлээр сурна гэдэг маш хэцүү. Хоногийн 24 цагийн 12 цагийг хичээлээ хийж өнгөрөөдөг.

Гадаад оронд сурахад ямар бэрхшээл танд тулгарсан бэ? Хүүхдүүдэд ийм ийм зүйл дээр бэлтгэлтэй байгаарай гэж хэлвэл юуг зөвлөх вэ?

-Ази, Европын орнууд хоорондоо маш олон талаараа ялгаатай. Сурах гэж байгаа орноо эртнээс маш сайн судлах хэрэгтэй. Ялангуяа Европыг сонгосон бол эртнээс хэлээ сурах шаардлагатай. Мэдээж хүний газар анх очоод гэр бүл болон найз нөхдөө их санана. Түүнд бэлдээд, биеэ дааж сурахад өөрийгөө бэлдээрэй гэж хэлмээр байна.

Сурах арга барилаасаа хуваалцаач?

-Францад юмыг цээжлэх “D-day” гэдэг тусгай аргачлал байдаг. Түүний дагуу эхний өдрөө “0” өдөр хэмээн нэрлэх ба хичээлээ маш сайтар ойлгож, тодруулж тэмдэглэнэ. Дараагийн өдөр нь буюу “D-1” -т уг хичээлээ хараад цээжилж эхлэнэ. Нэг өдөр өнжөөд “D-3”-т нь өөрийгөө цээжилсэн байна уу гэдгээ шалгаад цаашлаад долоо хоног, сарын дараа цээжилсэн эсэхээ дахин дахин сэргээн санадаг.

Таны ойрын төлөвлөгөө болон зорилго юу вэ?

-Би цаашдаа анагаахаар биш биологийн чиглэлээр сурна гэж бодож байгаа. Биологийн чиглэлээр энд 3 жил сурдаг. Биологид сонирхолтой бол Луи Пастьор (Францын нэр биологич, микробиологич, химич) гэдэг хүнийг хүмүүс мэдэх байх. The Pasteur Institute нь манайхтай ойрхон учраас төгсөөд тэнд ажиллах бодолтой байгаа.

Тэгвэл таны холын зорилго, мөрөөдөлд юу багтах бол?

-Энд төгсөөд 2–3 жил ажиллаж үзээд, сурсан зүйлээ молекул генийн түвшинд эдгэрдэггүй өвчин гэх мэт зүйлсэд ашиглаж, Монголдоо хэрэгжүүлж үзмээр байна.

Гадаадад сурахын давуу тал таны өнцгөөс юу вэ?

-Илүү өөрийгөө таньж, биеэ дааж сурдаг. Бага байхад аав ээж маань л ингэчих юм чинь гэдэг бол одоо бүх зүйлийг өөрөө хийх шаардлага гардаг. Хүн ганцаараа илүү хөгжих боломж нэмэгддэг.

Ахлах ангидаа буцаад очвол цагаа хэрхэн өнгөрөөх байсан бэ?

-Найзуудтайгаа цагийг өнгөрөөх байсан. Одоо бодохоор дандаа “Биологи” гээд л явдаг байжээ. Арван жилдээ цагийг хөгжилтэй өнгөрөөхийн зэрэгцээ хичээлээ орхигдуулахгүй хийдэг байх хэрэгтэй. Тэр тусмаа бүх хичээлдээ онцгой ач холбогдол өгөх нь чухал. Технологи, зурагзүйн хичээл ч бидний амьдралд тус нэмэр болдог шүү.

Доод ангийн дүү нартаа өөрийн зөвлөмжөө хайрлаач?

-Бүх хичээлдээ үнэн сэтгэлээсээ хандаж сураарай гэж хэлье. Дүнгийн төлөө биш өөрийнхөө төлөө хичээлээ хийж байгаарай. Жишээ нь, ирээдүйд хүүхэдтэй болвол хүүхэд чинь чамаас “Энэ яадаг юм?” гэж асуухад мэдэхгүй гээд сууж байвал онцгүй шүү дээ.

Хэл сурахад таны хэрэглэсэн арга барил юу вэ?

-Ямар нэг сонирхож буй зүйлээ тэр хэл дээрээ сурвал үр дүнтэй. Би нүддэг аргаараа сурсан. Франц хэлийг Франц-Монголын төвд сурахдаа дүрмийн номоо эргүүлээд л, А Б-гүй цээжлээд өөрийгөө нэлээн сайн болчихлоо гэж бодоод нутагт нь иртэл ойлгоод байгаа мөртлөө ярьж чадахгүй байсан. Чадахгүй ч гэсэн хичээх хэрэгтэй, ганцаараа ч хамаагүй яриад, чангаар унших зэргийг хэрэглээ болгох нь чухал. Мөн утаснаас эхлээд өөрт саад болж байгаа зүйлсийг хичээлээ хийж байхдаа хол тавьж, хийж байгаа зүйлээ тэр цагтаа тултал нь төгс хийх хэрэгтэй.

Өөрийн уншиж байсан номнуудаасаа хуваалцааач?

-Би ихэнхдээ хичээлийнхээ номнуудыг уншдаг. Харин сүүлд уншсан “Аlchemist” их таалагдсан. “Хүн хэрвээ ямар нэгэн зүйл хүсэх л юм бол бүх дэлхий чиний төлөө талд ордог” гэсэн үг нь таалагддаг. Хүн хэрвээ зориод түүнийхээ төлөө юм хийвэл заавал үр дүнд хүрдэг.

Сант сургуульд сурснаар ямар давуу талтай вэ?

-Ямарваа нэгэн зүйлд тууштай хандах чанарыг суулгаж өгдөг. Мөн хамт олон болон багш нартайгаа байхад хоёр дахь гэр бүл гэдэг шиг халуун дотно уур амьсгалтай орчныг мэдэрдэг.

Сант сургуульдаа өнгөрөөсөн мартагдашгүй дурсамжаасаа хуваалцаач?

  • Биологидоо бэлдээд идэх юмаа барьчихсан том номоо урагш хойш эргүүлсэн өдөр хоногууд минь юм уу даа. Биологийн ОЛ(Олимпадын Бэлтгэл)-ынхонтойгоо бүх зүйлээ хуваалцаад л, бие биедээ юмаа зааж өгч байсан тэр үе санаанаас хэзээ ч гардаггүй.

“Хүсэлтийг маань хүлээн авч ярилцлага өгсөн Сант сургуулийн 2017 оны төгсөгч Б.Хулан эгчдээ цаашдын сурлагад нь өндрөөс өндөр амжилтыг хүсье”

--

--

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet