АНУ-ын эмэгтэйчүүдийн коллежууд
Та зөвхөн эмэгтэй оюутнууд суралцдаг АНУ-ын коллежуудын талаар дуулж байсан уу?
Эдгээр коллежууд нь “Seven sisters” буюу “Долоон эгч дүүс” хэмээх хочтой ба эмэгтэй оюутан, эрдэмтдийг дэмжих зорилгоор үүд хаалгаа нээж байсан түүхтэй. Энэхүү нийтлэлээр бид “Долоон эгч дүүс” коллежуудийн гурвыг уншигч танд танилцуулъя.
Barnard College
Барнард коллеж нь Нью Йорк хотын хөл хөдөлгөөн дунд байрладгаараа онцлогтой. Коллежийн эргэн тойрныг сонирхон холхих замд Колумбийн их сургууль, Хадсон гол болон Нью Йорк хотын алдарт Төв цэцэрлэгт хүрээлэн зэрэгтэй тааралдах болно. Нью Йорк хотод байрласнаараа Барнард сургуулийн оюутнууд өөрийн чиглэлээ дагнаж дадлагын ажил хийж, идэвхтэй суралцах боломжоороо илүү баялаг байдаг байна.
Сургуулийн чансаа: Либерал урлагийн коллежууд дундаа Барнард нь 14-т жагсдаг. “Долоон эгч дүүс” дундаа харин эхний байрыг эзэлдэг.
Ширүүн өрсөлдөөн: Барнард коллеж нь зарим “Ivy League” сургуулиудтай дөхөм элсэлтийн хувьтай байдаг. Өргөдлөө явуулсан хүмүүсийн ердөө 8 хувьд нь тэнцсэн урилгыг гардан авна.
Бусдаас онцгойрох нь: Барнард сургууль нь Kолумбийн их сургуультай хоолны танхим, хичээл, номын сан болон клуб, сурагчдын үйл ажиллагаагаар хамтран ажилладаг. Бараг л нэг сургууль мэт нэг нэгийнхээ давуу талыг хоёр сургууль оюутнууддаа олгодог.
Жишээ татвал, 4+1 хөтөлбөр явуулдаг. Энэ нь оюутнуудад Барнард коллежид бакалавраа хамгаалсны араас Колумбийн их сургуульд 1 жил сурч мастерын зэргээ хамгаалдаг хөтөлбөр юм. Та ердөө тавхан жилд бакалавр болон мастераа хамгаална гээд бодоод үз дээ?
Мөн, энэ сургууль нь “Test and GPA optional” буюу дүн болон SAT буюу АНУ-ын элсэлтийн ерөнхий шалгалт хоёрыг шаарддаггүй. Шаардахгүй байснаар өргөдөл явуулж буй хүнийг шалгалтын дүнгээр бус, хувь хүний илэрхийлэмж болон хичээлээс гадуурх үйл ажиллагаанд илүү ач холбогдол өгдөг.
Wellesley college
Веллеслий коллежэд “A” үнэлгээ авах нь Харвард сургуульд авахаас ч хэцүү байдаг гэх сурагтай. Дээд боловсролоороо АНУ-д тэргүүлэгч коллежуудын нэг ажээ. Цаашлаад Веллеслий коллеж нь сурагчдын өөр өөр байдлыг дэмжих зорилготой “Harambee Хаус” (Африк гаралтай оюутнууд хоорондоо туршлага солилцож, хамтран туслалцах), “Слайтор Олон Улсын Центр” болох олон улсын сурагчдаа дэмжигч үйл ажиллагаа, “Acorns Хаус” (Латин болон Ази сурагчдын хамт олон) зэргээрээ бахархдаг байна.
Сургуулийн чансаа: Нийт өргөдлөө илгээсэн сурагчдаас 14 хувь нь тэнцдэг энэхүү сургууль нь Либерал урлагийн сургуулиуд дундаа 7-р байранд жагсдаг.
Шүүрч авах боломжуудаас дурдвал: Массачусетс Технологийн Институтэд явагддаг Арми болон Нисэхийн цэргийн хүчний программд оролцох боломжийг олгодог. Мөн, их сургуулиудад тун чухал үнэлэгдэх оюутнуудын судалгааны ажил, тэдгээрийн тоон үзүүлэлт, чанараараа дэлхийд дээгүүр үнэлэгддэг.
Энэ коллеж нь мэдээж хичээлийн амжилтаараа ширүүн өрсөлдөөнтэй академик хөтөлбөртэй тул өргөдлөө илгээж буй сурагчийн ахлах ангидаа авсан хичээлийн түвшин, голч дүн, хувь хүний төлөвшил болон багш нарын тодорхойлох захидлыг хамгийн чухал гэж авч үздэг байна. Веллеслий коллежийн оюутнуудын SAT дундаж оноо нь 1540 байдаг.
Scripps College
Скриппс коллеж нь байршлаараа өргөдөл илгээгчдийг ихээхэн татдаг, онцгой хүрээлэн болон сурагчидтай сургууль юм. Тэрээр АНУ-ын их сургууль, коллежууд дундаа “Хамгийн үзэсгэлэнтэй кампус”-уудын нэг нь Скриппс коллежийнх юм.
Кампус нь бүхэлдээ өөрийн гэсэн зүйлийг илэрхийлж, төлөөлсөн байдаг. Жишээ татвал, “Графитти хана” дээр жилээс жилд тухайн үеийнхээ түүхийг урлаг, зургийн зэргээр төгсөж буй оюутнаараа үүрд мөнхрүүлэн үлдээдэг. Энэ түүхээ дээдэлсэн уламжлал нь Скриппс коллежид 1930 оноос хойш өвлөгдөн иржээ. (Graffiti Wall)
Энэ коллежийн орчин тойрныг талаар заавал дурдах нь зүйтэй. Сарнай цэцгийн хүрээлэн (Rose Garden) нь оюутнуудын дотуур байрны гадаа байдаг бөгөөд энэ хүрээлэнд тэдний нүдийг баясгаж, бусдад цэцгийн баглаа болон очдог үзэсгэлэнтэй цэцгүүд ургадаг байна. Калифорний байгаль, цаг уурт зохицсоноороо гаднах засал ч гэлтгүй дотуур байр, номын сангууд ч дутахааргүй нүдэнд дулаахан тохижилттой байдаг.
Сургуулийн чансаа: Дээр уншсан хоёр сургуультай харьцуулахад Скриппс коллежийн жагсах байр бага зэрэг доор буюу 44-р байрыг эзэлдэг байна. Тэглээ гэсэн ч Скриппс бусад эмэгтэйчүүдийн коллежуудаас дутахааргүй хөтөлбөрүүд болон хүрээлэлтэй.
Скриппс сургууль нь “Клармонтын коллежууд” гэх таван сургуулийн нэг юм. Эдгээр таван сургууль (Помона, Питзер, Скриппс, Харви Мудд, Клармонт Мкенна коллежууд) нь хоорондоо холбоо үүсгэсэн байдаг бөгөөд эдгээрийн аль нэгэнд сурдаг оюутан хөтөлбөрөөрөө дамжин таван сургуулиуддаа тодорхой хугацаанд сурах, аль эсвэл хажуугаар нь хичээл авах боломжийг олгодог.
Шалгуур: Скриппс коллежийн өргөдөл илгээгчдээс чухал гэж үздэг шалгуурууд нь ахлах ангийн хичээлүүдийн түвшин, оролцоо, дундаж дүн болон эсээ юм. SAT онооны хувьд оноогоо явуулсан оюутнуудын 75 хувь нь 1510 болон үүнтэй ойролцоо оноотой байдаг.