Sant Journal
3 min readDec 7, 2020

Багшийн тодорхойлолтын талаарх 5 зүйлс:

Их сургууль болон коллежууд ихэвчлэн 2–3 багшийн тодорхойлолт шаарддаг. Уг тодорхойлох захиаг сурагчийн зан чанар, ололт амжилтуудыг сайн мэддэг, мэдлэг чадварыг нь зөв болон үнэнчээр тодорхойлж чадах багш нь бичих ёстой байдаг. Тухайн сурагч их сургуульд амжилттайгаар сурч боловсорч чадах эсэхийг хамгийн зөв тодорхойлж өгдөг тул багшийн тодорхойлолт нь өргөдлийн хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Сайн бичигдсэн тодорхойлолт коллежийн өргөдөлд амь оруулж, шалгалтын оноо, дүн муутай сурагчдад хүчтэй түлхэц болж, шийдвэр гаргахад томоохон нөлөө үзүүлдэг. Тухайн сурагчийн ур чадварыг тодотгож, байж болох хамгийн сайнаар харуулж байвал багшийн тодорхойлох захиа нь үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн үг юм.

1. Багшийн тодорхойлолт нь:

- Сурагчийн дүн, шалгалтын онооноос харах боломжгүй зүйлсийг дэлгэн харуулж хувийн зан чанарын тухай мэдээллээр хангадаг.

2. Багшийн тодорхойлолтод багтаах зүйлс:

- Багш сурагчийн хоорондын харилцаа

- Сурагчийн онцгой авьяас, манлайлах чадвар, ололт амжилт.

- Сурагч нь багш болон ангийнхантайгаа хэрхэн харилцаж, биеэ авч явдаг тухай.

- Анги танхимийн оролцоо, амжилт үзүүлэх чадвар потенциал байгаа эсэх.

- Коллеж тухайн сурагчийн талаар мэдэх ёстой онцгой ар гэрийн байдал, эсвэл дүнгийн бууралт байгаа бол түүнийг дэлгэрүүлэн тайлбарлаж бичих.

3. Багшаасаа хэзээ асуух тохиромжтой вэ?

Хүлээж авах хугацаа дуусахаас дор хаяж 1–2 сарын өмнө багшдаа мэдэгдэх хэрэгтэй. Зарим багш нар бүр зуны амралтаар бичихийг илүүд үздэг. Early Decision-ээр өргөдөл явуулж байгаа бол төгсөх ангидаа ороод шууд, эсвэл өмнөх жил нь асуух хэрэгтэй. Эрт асуух тусам бэлдэж, засах хугацаа гардаг тул ашигтай байдаг. Ихэнх багш нэг биш, маш олон сурагчдад тодорхойлох захиа бичдэг учраас өргөдөл илгээх үеэр тун завгүй байдаг. Тиймээс эртлэн хэлбэл яаралгүй сэтгэлээсээ зөв бичих боломж олгодог.

4. Хэнээс асуух вэ?

Тодорхойлох захиа бичих хүнээ сурагчид өөрсдөө сонгодог. Тиймээс дараах шат дарааллын дагуу хийж гүйцэтгээрэй:

- Сургууль бүрийн тодорхойлох захиа хүлээн авах шаардлагууд сайтар унших. Ихэнх сургуулиуд академик хичээл заадаг багш нараар, заримдаа тусгайлан сонгосон хичээлийн багшаар, эсвэл сургуулийн коунселор багшаар тодорхойлолт бичүүлэхийг шаарддаг.

- Ойр дотны хүмүүс, багш коунселортойгоо зөвлөлдөж хэн чамд хамгийн сайн тодорхойлолт бичиж өгөх тухай ярилцах.

– Чамайг дор хаяж 11-р ангиас хойш, эсвэл удаан хугацааны турш таньж мэддэг багшийг сонгох учир нь коллежууд чамайг яг одоо байгаагаар чинь мэдэхийг хүсдэг тул чамд одоо хичээл заадаггүй эсвэл аль эрт хичээл ордог байсан багш нар тохиромжгүй байдаг.

- Чамайг зөвхөн ангид гэлтгүй, ангиас гадуур мэддэг багшийг сонговол тохиромжтой. Жишээ нь: мэтгэлцээний клуб, сагсны спортын баг дээр ахлаж зөвлөж байсан багш ч байж болно.

- Мөн чиний дадлага хийж байсан газрын ажил олгогч, дасгалжуулагч, гэх мэт хичээлээс гадуур оролцсон үйл ажиллагаагаар таньдаг, чиний өөр ур чадваруудыг сайн ойлгодог насанд хүрэгчээс тодорхойлох захиа авах боломжтой.

- Хамгийн чухал нь чамд зориулан тодорхойлолт бичих хүсэлтэй хүнийг сонгох хэрэгтэй.

5. Хамгийн сайн тодорхойлолтыг хэрхэн бичүүлэх вэ?

Багш нар жил бүр асар олон захиа бичдэг тул хэдий сайн таньж мэддэг ч гэсэн тэдэнтэй ярилцах цаг гаргах нь зүйтэй. Тэдний ой санамжийг сэргээж, өөрийн ололт амжилт, болон бусад нарийн мэдээллийг сануулж өгөх нь сайн тодорхойлолт бичих явцыг хялбарчилдаг.

- Өөрийн хичээлийн оролцоо, сайн гүйцэтгэсэн тодорхой бие даалт даалгаврын тухай ярих.

- Тэдний ангид юу суралцсан тухай

- Даван туулсан бэрхшээлүүдийнхээ тухай

- Бусад хийсэн ажил даалгавруудынхаа тухай гэх мэт.

Хэрэв багшаас гадна сургуулийн коунселор эсвэл өөр албан тушаалтнаас захиа авах бол уг шат дарааллыг дагаж мөрдөөрэй.

1. Уулзах цаг товлох

2. Өөрийн амжилт, хобби, болон коллежийн төлөвлөгөөний тухай ярилцах.

3. Дүнгийн хуудсан дээрх таарамжгүй дүн болон түүний шалтгаан, яаж ахиц дэвшил гаргасан тухайгаа тайлбарлан ярих.

Зөвлөмж:

- Багшийн бичсэн тодорхойлолтыг харж, үзэх эрхээсээ татгалзах. Ингэснээр коллежууд захианд илүү үнэмшдэг.

- Тодорхойлолт хүлээн авах эцсийн хугацаа бүрийг сайн судалж, тэмдэглэх.

- Багшдаа хэлснийхээ дараа долоо хоног бүр сануулж, асуух.

- Захиа бичиж өгсөн багш нартаа талархлаа илэрхийлэх.

Эх сурвалж: College Board

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet