Sant Journal
8 min readApr 24, 2020

Сайн байна уу? Ярилцлага ѳгѳхѳѳр болсонд баярлалаа. Та ѳѳрийгѳѳ манай уншигчдад товч танилцуулаач ?

-Намайг Гэрэлхүүгийн Баттүшиг гэдэг. Одоогоор Герман улсын Karlsruhe Institute of Technology сургуульд ‘Эдийн засагч инженер’ чиглэлээр суралцдаг бѳгѳѳд Сант сургуулыг 2016 онд тѳгссѳн.

Таны Герман улсыг сонгон суралцах болсон шалтгаан юу вэ?

-Энэ их урт түүх л дээ. Анх уг нь АНУ-д сурах зорилготой SAT болон TOEFL ийн шалгалтуудыг бүгдийг нь ѳгѳѳд гайгүй ѳндѳр оноогоо ч авсан, сургуулиуддаа ч тэнцсэн. Гэвч тэтгэлэг болоод санхүүгийн тал дээр тухайн үеийн боломж бололцооноосоо хамаараад АНУ-г зорьж чадаагүй. Ийнхүү тѳгсѳѳд нэг жилийн хугацаанд ШУТИС-д сурсан. Тухайн үед одоогийнхоос ялгаатай нь Германд суралцахын тулд заавал Монголдоо нэг юм уу хоёр жил суралцах шаардлагатайгаас гадна нэг шалгалт элчин дээр ѳгдѳг байсан. Тэр шалгалт нь одоо байхгүй хэдий ч ѳмнѳ нь Монголын арван жилийн систем шаардлагад нь нийцдэггүй байсан болохоор авдаг байсан.

ШУТИС-д анх орохдоо Япон-Монголын хамтарсан “2+2” хѳтѳлбѳрт элсэн суралцаж эхэлсэн. Миний хувьд нэг золгүй юм болсон нь бие маань ѳвдѳѳд 14 хоног хичээлдээ сууж чадаагүйн улмаас тухайн хѳтѳлбѳр нь маш хатуу дүрэмтэй болохоор ѳвчтэй байсан ч намайг хасчихсан.

АНУ бүтээгүй, дээрээс нь Япон бүтэхгүй болоод ирэхдээ өөрийгөө ямар нѳхцѳл байдалд байгаагаа тунгааж эхэлсэн. Цааш одоо хаачих билээ л гэсэн асуулт толгой дотор. Тэгээд энд тэндхийн боломжуудыг судалж үзсэний эцэст Германы их сургуулиуд үнэ тѳлбѳргүй байдгийг мэдэж аваад л тэрнийхээ тѳлѳѳ хичээхээр шийдсэн дээ.

Германы их сургуулийн ѳргѳдлийн үйл ажиллагаа нь яг ямаршуу журмаар явагддаг юм бол оо. АНУ-ын их сургуулиуд шиг хичээлээс гадуурх хийсэн ажлыг үнэлдэг юм болов уу?

-Бусад оронд суралцдаг найз нѳхөдтэйгѳѳ ярилцаад үзэхэд Герман улс илүү академик талаа голчилдог санагдсан. Хичээлээс гадуурх үйл ажиллагаа давуу тал болох хэдий ч хичээл нь илүү үнэ цэнэтэйд тооцогддог. Хамгийн чухал нь Герман хэлтэй байх буюу TOEFL шиг Герман хэлний түвшин тогтоох шалгалтанд ѳндѳр оноотой байх маш том давуу тал болдог бөгөөд ихээхэн цагийг хэмнэдэг.

Тэгвэл та Герман хэлийг хэрхэн сурсан бэ?

-Би анх 2017 оны ѳвѳл 12 сард Германд очоод хэлний бэлтгэлд суралцахдаа 8 сарын дотор А1-ээс C1 шат руу ахиж байсан. Угаасаа ѳргѳдлийн хугацаа тулаад ирчихсэн байсан тул хамаг чадлаараа амжихыг л хичээсэн.

Нилээд шахмал цагийн хүрээнд ерөнхийдөө стресс ихтэй сонсогдож байна. Та ер нь тухайн үед цагаа хэрхэн зөв зохицуулав?

-Германд ирээд орчинд нь сайн суралцсан тул тийм ч их хүндрэлтэй байгаагүй. Тухайн хэл нь их дүрэмтэй хэдий ч ѳдѳр болгон бага багаар ахиулсаар нэг л мэдэхэд зорилгодоо хүрсэн. Хамгийн чухал нь олон алдаа гаргах үедээ аль болох цаг цагт нь засаад явах хэрэгтэй. Яг шалгалтаас бусад үед бол тэгж их стрессдээгүй юм байна.

Германы их сургуулийн ѳргѳдлийн талаар дурдвал? Хэлийг нь сайн сурахад хангалттай байж чадах уу?

-Их том сэдэв. Гэхдээ ѳѳрийнхѳѳ мэдэж буй зарим тодорхой суурь мэдээллээс хуваалцья.

Монголд ахлах сургуулиа тѳгссѳн хүүхэд Германы их сургуульд суралцахын тулд заавал Монголынхоо их сургуульд нэг эсвэл хоёр жил сурсан байх ёстой. Мөн DSH, TestDaf мѳн Goethe гурван шалгалтын аль нэгийг ѳгѳѳд аль болох ѳндѳр оноог эзэмшсэн байх шаардлагатай.

Хүүхдүүд ѳѳрсдѳѳ цааш сайн гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй. Жишээлбэл бэлтгэл коллежид орох эсвэл шууд их сургуульд орох гэх мэт.

Таны хувьд ахлах сургуульдаа гаргаж байсан хамгийн том амжилт юу вэ?

-Гаргасан амжилт гэхээсээ илүү Сант сургуульд сурсан маань миний хамгийн том амжилт гэж хэлж болно. Жил болгон олимпиадад ороод л, медаль өвөртлөн бууж ирээд багшийнхаа царайг харах хамгийн гоё мэдрэмж.

Та ямар олимпиад, уралдаан тэмцээнд оролцож байсан юм бол?

-Багаасаа математик болон физикийн олимпиадуудад оролцдог байсан. Мѳн сүүлд манай сургууль 2 жилийн турш сагсан бөмбөгийн багтай байхад тоглож байсан.

Германд та нилээн адал явдал болж байж очсон юм байна. АНУ, Япон болоод хэлний бэлтгэл энэ тэр гээд. Тэгвэл Германд очсоныхоо дараа танд ямар бэрхшээлүүд тулгарч байсан бэ?

-Гадаадад сурах гээд анх очиж байгаа хүүхдүүд очоод угаасаа соёлын шоконд орно. Орчин нь ѳѳрчлѳгдѳѳд бүх юм сонин болоод ирэхээр л буцаад харьчихмаар санагддаг гэх мэт зүйлс зѳндѳѳ л тохиолдоно. Хэл нь ѳѳр, хүмүүс нь ѳѳр. Германд асуудалтай гэхээр юм нь бүх бичиг баримт цаасаар явдаг, интернэт дээр мэдээлэл маш бага, заавал хүнтэй нь очиж уулзах шаардлагатай гэх мэт жоохон хуучинсаг. Ѳргѳдлөө хүртэл бүгдийг нь дугтуйнд хийж байгаад шуудангаар явуулдаг.

Германы их сургуулиуд үнэ төлбөргүй. Харин амьдрах зардлын хувьд хэр боломжийн бэ?

-Хот хотоосоо шалтгаалаад түрээсийн мѳнгѳ зэрэг нь ондоо. Хүнсний хувьд Герман хамгийн хямдханд тооцогддог. Ер нь л их дажгүй санагддаг.

Таны туршлагаас харахад Германд суралцах нь бусад улсад суралцахаас юугаараа давуу болон сул талтай вэ?

-Давуу талаас нь эхлэе. Манай сургууль анх намайг элсэж орж байхад дэлхийд чансаагаараа 107-д бичигдэж байсан. Тѳгсѳгчдийнхѳѳ амжилт буюу ажилд орох хувь болон цааш дээд боловсрол хѳѳх хувиараа дэлхийд эхний 100-д үргэлж багтдаг. Техник инженер талын сургалтаараа Германдаа 2-р байранд бичигддэг. Яахын аргагүй хамгийн том давуу тал нь ажлын байр. Германд тѳгсѳѳд ажиллахад ялангуяа гадаад хүнд нѳхцѳл байдал нь хамаагүй хялбар. Эрүүл мэндийн даатгалаараа Германы хаана ч очоод хүссэн үйлчилгээгээ үнэгүй авдаг. Систем нь тав тухтай байдлаараа бусад оронтой харьцуулахад хамаагүй дээр.

Сул талын хувьд гэвэл хэтэрхий баригдмал санагдсан. Дүрэм ёс зүй гэдэг зүйл үнэхээр хатуу, роботон хүмүүсийн дунд амьдраад байгаа юм шиг. Хамгийн инээдтэй нэг дүрэм байдаг нь бүр хуулиндаа заагаад ѳгчихсөн. Энэ нь ‘Хѳршүүдийн хамтралын хууль’. Зуны гурван сарын хугацаанд тодорхой удаа л ил гал дээр мах шарж идэж болно гээд заачихсан гэх мэт. Ѳѳр гэвэл арван цагаас хойш ѳрѳѳндѳѳ чанга ярьж болохгүй гэдэг ѳѳрсдийн нэг тийм хуулиндаа тусгаагүй ч тархинд нь хэдийн суучихсан дүрэмтэй.

Их сургуульдаа тэнцсэн гэдэг хариугаа аваад анх ямар мэдрэмж тѳрѳв?

-Миний сургуульдаа тэнцсэн нь их удаан хугацааны шаргуу хѳдѳлмѳр, бүтэлгүйтлүүдийн минь дараа гарч ирсэн буй үр дүн болохоор маш их баярласан. Ялангуяа миний мэргэжил энэ сургуульд цаанаасаа маш цѳѳхѳн орон тооны хязгаартай анги тул тэнцэх болов уу гэж дотроо ихэд эргэлзэж байсан ч тэнцсэнээ мэдээд цээжнээс нэг том чулуу аваад тавих шиг л санагдсан.

Европ, ер нь АНУ-аас бусад улсын их сургуулиуд заавал мэргэжлээ ѳмнѳ сонгосон байхыг шаарддаг шүү дээ. Очоод мэргэжлээ солих тал дээр асуудал гардаг болов уу?

3 дахь жил хүртлээ мэргэжлээ сольж болдог гэж уншсан. Ѳргѳдѳл явуулахдаа нэг мэргэжил сонгоод тэрэндээ шаардлагатай материалаа бэлддэг.

Та сургуульдаа анх очоод ямар мэдрэмж авав. Ѳмнѳ Германд байсан болохоор арай дассан байсан уу?

-Хэлний бэлтгэлдээ явсныхаа дараа шууд Германд байхдаа үргэлжлүүлээд коллежид тэнцээд найман сар суусан. Тэрнийхээ дараа Монголдоо буцаж очоод их сургуульдаа тэнцсэн гэдэг хариугаа сонсоод буцаад германдаа ирсэн. Харин анх их сургуульдаа очсон эхний ѳдрөө маш том лекцийн ѳрѳѳнд ороод, профессор нь микрофонтой яриад л кинон дээр гардаг шиг нэг тийм эвгүй мэдрэмж авч байсан. Маш их сандралтай, “Яаж сурна аа” гэсэн айдас тѳрѳѳд сэтгэл их түгшсэн.

Тэгвэл хичээлүүд нь ер нь хэр хэцүү вэ? Хэр их стресстэй нүүр тулдаг вэ?

-Манай сургууль Германыхаа арван элит сургуулийн нэг болохоор хичээлийн хувьд мэдээж хэцүү. Цаг тухайд нь л юмаа ойлгоод хийгээд явахгүй бол хойноос нь гүйцнэ гэж байхгүй хурдтай явдаг. Стрессийн хувьд бол тодорхой хэмжээнд байгаа. Ялангуяа шалгалтын ѳмнѳ байдаг ч гэсэн тэгээд дүнгээ авчхаар нэг л сайхан болоод ирдэг.

Их сургууль дээрээ бүтээж байсан нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Саяхан энд хөл хорио тавигдахаас ѳмнѳ Tutor-оор ажиллаж байсан маань их гоё сэтгэлд үлдэцтэй дурсамж. Орон орноос ирсэн хүүхдүүдийн ѳмнѳ гараад Герман хэл дээр хичээл заагаад, ярилцаад, асуултанд нь хариулахад нэг л ѳѳр нандин мэдрэмж авч байсан.

Таны ойрын болон холын ирээдүйн тѳлѳвлѳгѳѳ юу байна?

-Ойрынх гэвэл энэ зун TomyoEd гээд шинээр гарч буй APP-д контент бэлдэж ѳгч байгаа. Том үйл ажилгаанд нь оролцоод цаашид хамтарч ажиллах тѳлѳвлѳгѳѳтэй байгаа. Аль болох ѳѳрийнхѳѳ чадах мэдэх юмаа олон хүүхдүүдтэй хуваалцаад Германд сурах замыг нь нээх хүсэлтэй байна. Мѳн мэдээж сургуулиа амжилттай тѳгсѳх.

Хэт холын зорилго маань одоо энд ингээд сурч байгаагынхаа үр дүнг гаргаад Монгол улсдаа очоод сурсан мэдсэн зүйлсээ жаахан ч болов түгээмээр байгаа.

Сант сургуулийн сурагчид бид нарт зуны амралтаас бусад бүтэн цаг зав нээх гардаггүй. Та зуны амралтаараа юу хийгээрэй гэж дүү нартаа зѳвлѳх вэ?

-Ахлах ангийн сүүлийн гурван жил хүний амьдралын хамгийн гоё мѳчүүд болохоор дурсамжуудаа бүтээх хэрэгтэй. Гэхдээ тэглээ гээд зүгээр суугаад байх биш ѳѳрийнхѳѳ дуртай юмыг хийгээд хувь хүнээ хѳгжүүлээрэй л гэж хэлье.

Хүн юм уншаад хѳгжих тусмаа амьдралыг харах ѳнцѳг нь бага багаар ѳѳрчлѳгдѳж байдаг. 12-р ангиа тѳгсѳж буй Баттүшиг болон одоо их сургуульд байгаа Баттүшиг хоорондоо ямар ялгаатай байна?

-Ахлах ангиа тѳгсѳѳд их сургуульд зөвхөн тэнцэх талаар жижигхэн сэтгэж байсан. Харин их сургуульдаа орсны дараа, тѳгсѳѳд би яг юу хийж бүтээж чадах вэ гээд харах ѳнцѳг нь хамаагүй томорсон. Боломжийг илүү илэрхийлдэг болсон.

Та суралцаж буй сургуулиа бид нарт сэтгэл хѳдѳлтѳл рекламдвал?

-Ѳмнѳ ярьсан зүйлсээс гадна манай сургууль бол Герман залуусын мѳрѳѳдлийнх нь сургууль. Мѳн санхүүгийн хувьд Монгол хүүхэд залуус за бараг л үнэгүй шахуу боловсрол эзэмших боломжтой.

Та ахлах ангидаа буюу 10 дугаар ангидаа буцаад очсон бол юунд илүү цагаа зарцуулах байсан бэ?

-Би Германд сурахаа мэдэж байсан бол хэлээ л эртнээс сайжруулах байсан байх.

Та доод үеийнхээ дүү нарт алтан зѳвлѳмж хайрлаач?

-Арван жилд хүүхдүүд хэн нэгэн ийм мэргэжлээр сур, ингээд тэгээд ийм замаар яв гээд хэлээд ѳгѳх юм шиг бодолтой байдаг. Манай аав ээж хоёр надад чи бол эрэгтэй хүүхэд, чи ѳѳрѳѳ л амьдралынхаа замыг нээнэ, харин бид хоёр сонгосон замд чинь бүх чадлаараа туслана гэж хэлдэг байсан. Тийм болохоор чи ѳѳрѳѳ хаана сурахаа шийднэ, гэхдээ мэдэж ярилцаад, боломж бололцоогоо тоочиж үзээд зорино. Мөн чи амьдралынхаа хаалгуудыг ѳѳрѳѳ л нээнэ. Тийм ч учраас өѳртѳѳ итгэ, өѳрѳѳ судла, чамайг ѳѳрѳѳс чинь ѳѳр хэн ч сургуульд оруулахгүй шүү.

Таньд маш их таалагддаг, болоод бидэнд зѳвлѳх ном?

-“Би солонгос хүн” гээд ном байгаа. Номны тухай бол нэгэн Солонгос хүү арван гурван насандаа АНУ-руу ааваасаа нуугдан барин хүсэл мѳрѳѳдѳл, тѳсѳѳлѳлдѳѳ автаж яваад нударган зодооны аврага болж, сүүлдээ бүр Оксфордын оюутан болоод явдаг. Ерѳнхийдѳѳ тэр хүний амьдралынх нь тухай ном. Энийг зѳвлѳсѳн шалтгаан маань гадаадад сурах мѳрѳѳдѳлтэй залууст гадаад яг ямар байдаг гэх зургийг харуулж чаддаг. Мѳн уг номонд, “Өөр улсад очиж сурахын үнэ цэнэ нь буцаад эх орондоо хѳрѳнгѳ оруулахад байдаг шүү” гэсэн сургаалыг хүргэдэг. Гадаадад сурах гэж буй хүүхэд заавал унших ном гэж боддог.

Та Сант сургуульд сурснаараа хувь хүнийхээ хувьд яаж боловсорсон бэ?

-Сантад сурснаараа бид нар сууж сурсан. Жишээлбэл, би энд гурван цаг тасралтгүй хичээлээ хийгээд дуусгаж байхад ѳѳр хүүхдүүдийг хараад байхад их сатаараад ѳѳр юм хийгээд байдаг санагдсан. Мѳн манай сургууль чинь сурагчдынхаа гадаадад сурах боломжийг аль болох чадлынхаа хүрээнд нэмэгдүүлж ѳгдѳг. Дээр нь Сантад хүүхдийнхээ тѳлѳѳ гэсэн сэтгэлтэй хамгийн сайхан багш нар бүрдсэн байдаг.

COVID-19 вирус дэлхий дахиныг их хэцүү нѳхцѳл байдалд оруулж байна. Та одоо ямар нѳхцѳл дор аж тѳрж байна?

-Одоо манайх амарчихсан байгаа. Дараа долоо хоногоос хичээл эхлээд, онлайнаар орно. Гарч болохгүй, ѳрѳѳндѳѳ байх гэх мэтчилэн сануулга зѳвлѳмжүүдийг байнга хүргэсэн. Хүнсний дэлгүүрүүд онгорхой, тэгээд хүнсээ авчхаад ѳрѳѳндѳѳ хичээлээ хийгээд суухаас ѳѳр аргагүй л болсон доо.

Бид инстаграм хуудсан дээрээ дагагчдаасаа асуух асуултууд цуглуулсан, тэрнээсээ нэгийг нь танаас асууя гэж бодлоо. Та Сант сургууль дахь хамгийн дуртай нэг багшийнхаа талаар яриач?

-Хуншагай багш. Би чинь физикийн олимпиадын бэлтгэлд суудаг байсан болохоор ѳдѳржин л цугтаа байдаг. Их ч зүйлиг заалгасан даа. Физик, амьдрал гээд бүх юмыг л тэр хүнээс сурч авсан.

Сантад суралцаж байхдаа бүтээсэн хамгийн нандин дурсамжаасаа хуваалцаач?

-Бүтэн арван нэгэн жил сурснаа бодоход хамгийн дурсамжтай нь төгсөх ангийн сүүлчийн ѳдѳр байсан. Багш нар маань бүгд үг хэлээд, уйлцгаагаад л. Харин нэг үг одоо болтол сэтгэлээс гардаггүй юм. Баясгалмаа багшийн хамгийн сүүлд нь гарч ирээд бид нарт “За миний хүүхдүүд ингээд шувуу болоод ѳѳрсдийнхѳѳ хүссэн зүг рүү дүүлээд нисцгээ” гэдэг үг бүр зүрхэнд минь үлдсэн дээ.

Манай асуултууд ингээд дууслаа. Таньд нэмж хэлэх юм байвал?

-Сүүлд нь хэлэхэд Германд сурах хүн болгонд ямар ч санхүүгийн бололцоотой байсан үнэхээр хичээж чадвал үргэлж нээлттэй шүү. Сантынхаа хүүхдүүдэд Германд суралцах тухай ямар нэгэн асуулт гарвал хариулахад үргэлж бэлэн байгаа шүү. Санаа битгий зовоорой.

Facebook: https://www.facebook.com/b4ttushig

Энэхүү хэсгийг заавал оруулаарай гэж Баттүшиг ах маань хэлсэн:

-Арван жилдээ байхдаа ийм зѳв санаачлагатай зүйлийг сэдэж хийж байгаад чинь та нарт баяр хүргэе. Маш сайн байна. Та бүхний хийж байгаа зүйл мѳрѳѳдлийнхѳѳ сургуульд ороход чинь тус нэмэр болох байх гэж найдаж байгаа шүү.

“Мөн бидний зүгээс ч гэсэн ийм сайхан урам ѳгсѳн Баттүшиг ахдаа талархаж байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Уншигч та ч ялгаагүй бидний хийж буй ажлыг дэмжээд бусдадаа цааш түгээгээрэй. Манай мэдээллүүд заавал Сант сургуулийн сурагч гэлтгүй гадаадад суралцах хүсэл мѳрѳѳдѳлтэй Монголын бүхий л хүүхэд залуучуудад нээлттэй шүү”

Sant Journal
Sant Journal

Written by Sant Journal

Be Inspired! Be Motivated! by Sant Alumni

No responses yet