College Info #33
Их сургуулийн өргөдлийн явцад тухайн сонирхож буй сургуулийн үүх түүх, байршил зэргээс авхуулаад яг ямар сурагчдыг хайдаг эсэхийг нь хүртэл гээд тус сургуулиа бараг л гарын арван хуруу шигээ мэддэг байвал өргөдөл гаргагчдад илүү давуу тал болдог билээ.
Түүнчлэн, сургууль болгон өөрсдийн онцлог болсон “vibe”-тай байдаг шиг Нагояа их сургуулийн “vibe”-ийг хураангуйлж, хэдхэн үгээр илэрхийлбээс “Нобелийн шагнал”, “Академик судалгааны ажил” ба “Шинжлэх ухаан” байх биз ээ. Ийнхүү Сант Журналын зүгээс уншигч та бүхэндээ тогтмол хүргэдэг “College info”-ийн #33 дахь бичвэрийг хүлээн авна уу.
1871 онд анхандаа анагаахын их сургууль ба эмнэлгийн зориулалттайгаар үүсгэн байгуулагдсан эл сургууль өдгөө 16000 гаруй оюутантай бөгөөд үүнээс 15 орчим хувь буюу ойролцоогоор 2400 нь олон улсынх байна. Манай улсаас (2017 оны судалгаагаар) Нагояа их сургуульд (НИС) 50 оюутан суралцаж байгаа ажээ. (Эдгээр монгол оюутнуудын нэг болох манай Сант сургуулийн 2022 оны төгсөгч Д. Бумчингийн өгсөн ярилцлагатай хараахан танилцаагүй бол уншаад үзээрэй, хүндэт уншигчид аа.)
- Сургуулийн зорилго, алсын хараа
Мэдлэг түгээх явдал+Нийгмийн сайн сайхны төлөө гэх сэтгэл => Нагояа их сургуулийн эрхэм зорилго
Тус сургуулийн гол зорилго нь хүртээмжтэй боловсрол, үнэ цэнтэй бөгөөд шинэлэг судалгаагаар дамжуулж нийгмийн сайн сайхан байдалд хувь нэмрээ оруулах явдалд оршдог. Иймдээ ч академик судалгаа, шинэлэг санаа, шинэ бүтээлийг ихээхэн дэмждэг ажээ. Албан ёсны цахим хуудас дээр тавигдсан сургуулийн товч танилцуулгад дурдагдсан зорилгоос нь онцолбол:
- Бүтээлч судалгааны ажлаар дамжуулж дэлхийн тавцанд өрсөлдөхүйц оюуны амжилт, нээлт хийх болон үнэн шударга байдлыг зорих,
- Уран сэтгэмж, төсөөлөл, юмсыг нухацтайгаар, олон талаас харж сэтгэх чадвартай залуучуудыг дэмжих,
- Бүс нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах,
- Ази тивд орших бусад улс орнуудтай хамтарч соёлын ба боловсролын солилцоо явуулах,
- Олон улсын ба үндэсний түвшинд өөрсдийн хувь нэмрээ оруулах чадвартай залуусыг хөхиүлэн дэмжиж, чанартай боловсролыг түгээх замаар олон улсын салбар, соёлын хөгжил, нийгмийн сайн сайханд эергээр нөлөөлөх гэх мэт хүсэл тэмүүллээр дүүрэн залуучуудад дэмжлэг үзүүлж, нийгэмд сайн хувь нэмэр оруулахыг эрхэм зорилгоо болгодог аж.
- Ямар ямар хөтөлбөртэй вэ?
Бакалаврын хөтөлбөртэй 9 сургууль, Магистр ба түүнээс дээш зэрэг олгодог 14 сургууль байдаг. Олон улсын сурагчид цөөнгүй байх тул НИС-ийн зүгээс Global 30 Program (G30) -ыг 2011 оноос хойш хэрэгжүүлж эхлээд байгаа юм. G30 нь олон улсын оюутнуудад зориулж англи хэл дээр сонирхсон хичээлээ судлах боломжийг олгодог.
- Нагояа хотын тухай…
Нийт 2.3 сая гаруй оршин суугчтай Нагояа хот Япон улсын дөрөвдөх хамгийн том хотод тооцогддог бөгөөд ДНБ нь 13.9 тэрбум иен билээ. Тус хотын онцлох соёлын дурсгалт газруудаас тоочвол, Нагояа шилтгээн, Атсута Жингү сүм, Токугава урлагийн музей, Нагояа хотын шинжлэх ухааны музей, Нагашима ресорт зэрэг маш олон үзвэрүүдээс гадна Тоёота Мотор Корпорацын төв байр уг хоттой ойрхон байрладаг ажээ.
- Төлбөр, тэтгэлэг, амьдрах өртөг?
Жилийн төлбөр: JPY535,800 буюу 12 сая гаруй төгрөг
Бүртгэлийн хураамж : JPY282,000 буюу 6.4 сая гаруй төгрөг (буцаан олголтгүй)
Өргөдлийн хураамж: JPY5,000 буюу 114 мянга гаруй төгрөг
НИС-д суралцаж, амьдрах нэг сарын өртөг (хоол хүнс, даатгал, унаа, сургалтын хэрэглэгдэхүүн зэрэг нийлээд) ¥86500-¥106,500 буюу 1.2-оос 2.4 сая гаруй төгрөг болно.
Нийт өргөдөл гаргагчдын 10–15% нь хэсэгчилсэн болон бүтэн тэтгэлэг авдаг.
- Сонирхуулж хэлэхэд
Бакалаврын зэргээр суралцаж буй оюутнуудын 95% хувь нь их сургуулиа төгсөхөөсөө өмнө ажлын санал авдаг.
- Түгээмэл асуулт/хариулт
SAT, ACT оноо хэрэгтэй юу?
SAT эсвэл ACT оноо шаарддаггүй хэдий ч өрсөлдөөнөөс ялгарч гарахыг хүсвэл өргөдөл илгээгч өөрийн оноогоо илгээж болно.
Их сургуульд элсэн орсны дараа үндсэн мэргэшлийн хичээл (major) — ээ сольж болох уу?
Болохгүй.
Хичээлээс гадуурх дугуйлан, клубт хамрагдах боломжтой юу?
Нагояа их сургуульд 100 гаруй клуб байдаг.
Олон улсын оюутнууд хичээлийн хажуугаар ажил эрхэлж болох уу?
Болно. Олон улсын оюутнууд долоо хоногт 28 цаг ажиллах боломжтой.